Хуучирсан мэдээ: 2013.11.08-нд нийтлэгдсэн

Шинэ улс буюу 9.18

Есдүгээр сарын 18. Энэ сар өдрийг сайн тогтоогоод авах хэрэгтэй. Учир нь 2014 оны энэ өдөр Шотланд улс тусгаар тогтнолоо олно. Гурван зууны туршид их гүрний нөлөө хавчлагаас гарах гэж тэмүүлсэн Гаелик үндэстэн туурга тусгаар улс болж, дэлхийн эдийн засагт дангаараа оролцоно. Магадгүй хэдэн жилийн өмнө энэ зөвхөн мөрөөдөл байсан байж болох ч одоогоос яг нэг жилийн өмнө Их Британичууд 2014 оны есдүгээр сарын 18-нд Шотландыг тусгаар болохыг зөвшөөрч байсан билээ.

Одоо л нэг…

Хэд дахин оролдлогын дараа өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Их Британийн парламент Шотландын мөрөөдлийг, амьдрал дээр хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргасан юм. Гэхдээ тэд зүгээр ч нэг энэ улсыг тавиад өгчихгүйд хамаг учир нь байгаа. Учир нь Шотландад маш том хөзөр бий. Энэ бол газрын тосны их хэмжээний нөөц. Британийн арлын хамгийн арвин их газрын тосны нөөцтэй газар бол Хойд Тэнгист байрладаг. Энэ нь Шотландын газар нутагт хамаардаг ажээ. Тийм ч учраас газрын тосны экспортыг бараг дангаараа хангачихаж чадна. Мөн байгалийн хийн асар нөөцтэй ч гэж яригддаг. Үүнийг яг таг судалгаагаар тогтоогоогүй байгаа юм. Харин бүгдийг нь Шотландад алдахыг Их Британи хүсэхгүй нь тодорхой. Тэд гэрээ байгуулсан. Тусгаар улс болсон эхний 10 жилд Их Британийн арлын хойд хэсэгт хамаардаг газрын тосны орлогоос орж ирэх мөнгийг Их Британид тушааж байхаар тогтсон. Шотланд нь газар нутгийнхаа хувьд тусгаар улс байх хэдий ч Австрали болон Малайзийн адилаар хатан хааны засаг захиргаанд хэвээр үлдэнэ. Тиймээс жил бүр өгөх татвар нь бараг хэвээр үлдэх нь тодорхой болсон. Шотландын тэргүүн сайд Салмонд нь Дэвид Камероны итгэлийг олж чадсан нэгэн. Угтаа Эдинбургын бүх л оновчтой санаа, гэрээ хэлцлийг түүний хүнийг ятгах хүчээр олж авсан гэхэд болно. Тийм ч учраас 2009 оноос хойш идэвхтэй ятгасны үр дүнд энэ шийдвэрийг ажил хэрэг болгож чаджээ. Салмон 2004 онд Шотландын хамгийн нөлөө бүхий нам гэгдэх Үндэсний социалист намын тэргүүнээр сонгогдсоноосоо хойш Шотландын тусгаар болгох асуудлыг дахин сөхөж, Үндэсний хөдөлгөөн болгож чадсан билээ. Тэрээр энэ үйл хэрэгтээ Шон Коннери болон Алан Камминг нарын нэр нөлөө бүхий оддыг хамруулж “Yes Scotland” хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлж чадсан юм. Салмондын намыг өдийг хүртэл Шотландын засгийн эрхэнд байлгаж буй ганц хүчин зүйл нь Шотландын тусгаар улс болох мөрөөдөл юм. Хэдийгээр 2010 онд хэлэлцээрт хүрнэ хэмээн таамаглаж байсан ч тэд чадаагүй билээ.

Дахин, дахин

Энэ шийдвэрийг анхнаасаа батлуулахад амар байгаагүй нь тодорхой. Учир нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тусгаар болохыг эрмэлзсэн энэ улсын бүх санаа холбоотон гүрнүүдийн хаалганы өмнө нуран унадаг байлаа. Хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-д тусгаар болох өргөдлөө өгч, Шотландын нийт иргэдийн дийлэнх олонхийн саналыг цуглуулж чадсан ч Шотландын үйлдвэрчний намынхан, Их Британийн эрх баригчидтай нууц тохиролцоо хийснээр замхарч байсан юм. 1979 онд Шотландын түүхэн дэх дараагийн томоохон санал хураалт боллоо. Санал хураалтын хариу тодорхой. Мэдээж тэд хүссэн. 1970 онд Шотландын хойд хэсэг буюу Их Британийн арлын хойд хэсэгт газрын тосны бүлэг орд илэрснээр Шотландын тусгаар болох мөрөөдөл нь бага, багаар сэргэж эхэлсэн юм. Гэвч Их Британийн лордуудын танхим амархан тусгаар болгохгүй гэдгийг мэдэгдэж, 1979 оны сүүл хүртэл хойшлуулж, Шотландын сөрөг хүчнийхнийг турхирснаар энэ хүслийг замхруулж чадсан билээ. Үүнээс хойш 1980-1990 онд Шотландын одод томоохон сурталчилгаа хийж, нийгмийн хөдөлгөөнүүдийг дэмжиж байсан ч газар авч чадаагүй юм. Шинэ мянган эхэлмэгц Шотландчууд бас л тэмцэж эхэлсэн. Үр дүн нь яаж дууссан бэ? гэж үү. Дахин хэлэлцье, дараа болъё, Шотландчуудын нэгдмэл санаа хэрэгтэй гэдгээр далимдуулж нам дарж байлаа. Харин 2007 оноос хойш Салмондын тэргүүлдэг Үндэсний социалист намынхан тусгаар улс болох мөрөөдлийг улам бадрааж, Шотландчуудын хэдэн зууны хүслийг шинэ мянганд биелүүлнэ гэдгийг амласан юм.

Евро бүсийн хүсэл

Сүүлийн жилүүдэд сайн гэхээсээ саар мэдээллээр булууулах болсон буурал тивийн хувьд Эдинбург бол зузаан түрийвч л гэсэн үг. Европийн долоо дахь томоохон эдийн засгийн бүс гэгдэх энэ улсад хүнд үйлдвэрлэл илүү хөгжсөн. Мэдээж газрын тосны үйлдвэр бусдаасаа илүү хөгжих нь тодорхой. Дээрээс нь баячуудын өдөр тутмын хэрэглээ гэж хэлж болох тансаг зэрэглэлийн завь болоод тээврийн хөлөг онгоцны үйлдвэрлэл европийн бусад улсуудаас илүү хөгжсөн газар нутаг билээ. Мөн европдоо арвин ихэд тооцогдох газрын тосны нөөц энэ улсад бий. Евро бүсийн зүгээс шинэхэн Шотландыг эгнээндээ нэгдүүлэх гэж хичээж байгаач Салмондын ярьснаас харвал Шотландын тусгаар болсны эхний 10 жилд Еврод нэгдэх асуудлыг ярихгүй аж. Мөн шотланд фунт хэмээх шинэ мөнгөн тэмдэгтийг бий болгож, зөвхөн үүгээр худалдаа хийнэ. Дараагийн том асуудал гэвэл евро бүсийн томоохон байгууллагуудад нэгдэж болох ч мөнгөн тэмдэгтээ евро руу шилжүүлэхгүй. Бүрэн шилжүүлэхгүй ч давхар гүйлгээ хийх хувилбар байж болохыг Салмонд ярьж байгаа юм. 

Их гүрэн хэрхэх вэ…

Их гүрний тухайд гэвэл анхнаасаа хэлэлцээр байгуулсан. Тэд Хойд Тэнгисийн орд нэртэй газрын тосны компанийн ашгийн тал хувийг авахаар тохиролцсон. Хэдийгээр ихэнх хэсэг нь Шотландын газар нутагт хамаардаг ч 1960-аад оны сүүлд Их Британийн нэр дээр гэрээ байгуулсан түүхтэй. Тиймээс анхны гэрээгээ зөрчилгүйгээр ашгийн дийлэнх хэсгийг Их Британичууд авахыг хүсч байгаа. Зөвхөн энэ хүслийг нь овжин ашиглаж, гэрээ байгуулан 2014 онд тусгаар улс болохыг их гүрнээр хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ. Эдинбург бол Их Британийн эдийн засгийн бараг тал хувийг гаргадаг бүс нутаг. Тиймээс тусгаар улс болвол эдийн засагт сөргөөр нөлөөлүүлэхгүйн тулд эдийн засгийн хараат байлгах бодлого дээр хатуу зогсч байгаа. Тийм ч учраас батласан төсвийг Их Британийн засаг захиргааныхан хянаж байхаар тохиролцсон байна.

Жич: 1286 онд Шотландын хаан III Александрын хаан ширээнд аюул учирч нэгдсэн хаант улсын зүгээс эгнээндээ нэгтгэх бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ. Шотландын хаан угсаан ноёд, баядууд нэгдсэн хаант улсад дагаар орохыг эрмэлзэж эхлэв. 1297 оны есдүгээр сарын эхээр Стирлинг гүүрний тулалдаанд Виллиам Воллс гэх дайчин эр 8000-10000 гаруй цэргийн хамт тулаанд орсон нь Шотландын эрх чөлөөний төлөөх эхний дайн хэмээн түүхэнд үлдсэн байдаг билээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж