
Бага хурал УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд нарын үгээр эхэлсэн бөгөөд Мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий асуудлуудын талаар УИХ-ын гишүүн З.Энхболд, Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, түүний аюулгүй байдал болон Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай “Монгол ТВ” телевизийн захирал Ц.Энхбаяр, “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх нь” сэдвээр МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын шинэчилсэн үзэл баримтлалтай болсон энэ цаг үед зохион байгуулсан хурал нь бодлогыг олон нийтэд түгээн таниулахад тустай арга хэмжээ болж байгаа талаар хуралдаан зохион байгуулагчид онцлов.
Онол практикийн бага хурлаас зөвлөмж гаргахыг хуралдааны эхэнд танилцуулсан бөгөөд засч сайжруулах шаардлагатай гэх шүүмжлэлт саналууд ч гарч байв. Тухайлбал, “Бүхий л төвшинд мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс. Үүнээс шалтгаалан энэ салбарт анхаарах, хөрөнгө мөнгө төсөвлөх хандлага ч дутмаг байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл түгээмэл болохын хэрээр бага насны хүүхдүүдэд хяналтгүй болсон. Түүнчлэн хэрэглэгчийн өгсөн контент ч маш хурдацтайгаар нэгэн зэрэг олон хэрэглэгчид хүрэх боломжтой болсон.Үүнтэй холбоотойгоор мэдээллийн хэрэгсэл гэж ойлгох зүйлийн хүрээ өргөссөн. Мөн мэдээллийн байгууллагад ёс суртахууны хязгаарлалт байх ёстой. Үүнд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц мэдээлэл болоод садар самуунд уруу татах зэрэг мэдээлэл багтана” зэрэг саналууд гарсан байна.
Үдээс хойш тавигдсан илтгэлд гадны кибер халдлага, мэдээллийн нууцлалын талаар голлон яригдсан бөгөөд дотроос мэдээлэл алддаг зүйл байгааг ч орхигдуулахгүй байхыг сануулж байв. Мөн “Хэвлэл, мэдээллийн байгууллага, хэрэгсэл гаднын эрхшээлд орохоос сэргийлж, мэдээллийн бодит, тэнцвэртэй байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх, Нийгэм, улс орон бүхэлдээ мэдээллийн технологиос хараат болж байгаа үед хоцрогдохгүйн тулд хүний нөөцийг бэлтгэх ажилд онцгой анхаарах, Төрийн мэдээллийн ангилал, нууцын зэрэглэлийг оновчтой болгож, нууц хамгаалалтыг шинэ түвшинд гаргах нь зайлшгүй шаардлагатай” гэх саналууд ч хэд хэдэн удаа давтагдав.
Төр, байгууллага, хүмүүс, иргэд энэ асуудалд анхаарал хандуулснаар Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төсөв мөнгө хуваарилах, бүтэц зохион байгуулалт, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал зэрэг тодорхой зүйлийг шийдвэрлэх бодит боломж бий болно хэмээн онол-практикийн бага хурлын оролцогчид, илтгэл тавьсан мэргэжилтнүүд, зохион байгуулагчид үзсэнээр энэ удаагийн хуралдаан өндөрлөв.