Сурагчдад эрчим хүч хэмнэх арга зааж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Сурагчдад эрчим хүч хэмнэх арга зааж байна

Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарлаад байгаа билээ. Мөн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулаад олон нийт болон мэргэжлийн байгууллагуудаас санал авч байгаа юм. Ийнхүү эрчим хүч хэмнэлтийн асуудалтай холбогдуулан тус яамны дэргэдэх Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн төслөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүчийг хэрхэн хэмнэх тухай сургалт явуулж, энгийн аргуудыг зааж байгаа аж. Эрчим хүчийг хэрхэн хэмнэх талаар энгийн аргуудаас өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлье гэвэл та бас үүнийг сонирхон уншаарай.

Эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ?

  1. Гэрлээ унтраа! Хэдхэн минутын дараа эргэж орох байсан ч өрөөнөөс гарахдаа гэрлээ заавал унтрааж байгаарай.
  2. Агааржуулагчны /эйр кондишн/ оронд сэнс хэрэглэж болно. Энэ нь илүү бага эрчим хүчээр ажилладаг. Бас их сэрүүхэн.
  3. Сэрүүнийг хадгал! Хэрвээ үнэхээр халууцаад агааржуулагч асаах хэрэг гарвал цонх, хаалгаа сайн хааж сэрүүн агаарыг авч үлдээрэй. 
  4. Амьдралаа гэрэлтүүл! Ядаж л өөрийхөө өрөөнд эсвэл өөрийн байгаа газраа өдрийн цагаар байгалийн гэрэл ашиглаарай. Энэ бол үнэгүй гэрэлтүүлэг
  5. Усны онгоцны оронд шүршүүр ашиглаарай. 5 минут шүршүүрт ороход усны онгоцонд орох усны талтай нь тэнцэх халуун ус ашигладаг. Тэгэхээр ус халаах эрчим хүчийг хэмнэж болно.
  6. Ашиггүй хэрэглээгээ хяна! Ашиггүй хэрэглээ буюу бидний тэр бүр анзаардаггүй хэрэглээ нь ч цахилгаан эрчим хүчийг дэмий үрдэг. Тиймээс цахилгаан хэрэгслээ унтраасан бол заавал залгуураар нь салгах хэрэгтэй. Жишээ нь: зурагт, компъютер, цахилгаанаар ажилладаг тоглоом, цэнэглэгч /MP3 тоглуулагч, гар утас, камер… гэх мэт/. Мөн шөнө унтахаасаа өмнө бүх цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгах хэрэгтэй.
  7. Юм идмээр санагдсан уу? Хөргөгчнийхөө хаалгыг нээхээс өмнө юу авах гэж байгаагаа бодоорой. Хөргөгчний хаалгыг удаан хугацаагаар нээлттэй байлгах нь цахилгааныг маш ихээр үрдэг.
  8. Цахилгаан хэрэгслээ хэрэглэж дууссан бол дараагийнхыг нь асаахаасаа өмнө эхнийгээ унтрааж хэвшээрэй. Зурагт, хөгжим, видео тоглоомоо тоглож дууссан л бол заавал унтраагаарай.
  9. Хоол хүнсээ бэлдэхдээ шарах шүүгээний оронд бичил долгионы зуух болон талх шарагч хэрэглэвэл цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 50 % бууруулж болно
  10. Шүдээ угаахдаа усаа хааж байгаарай. Энэ нь ус, цахилгаан хоёуланг нь хэмнэнэ
  11. Хэвлэгч машиныг /принтер/ зөвхөн шаардлагатай зүйлд л ашиглаарай. Ингэсэн нь байгаль орчинд ээлтэй төдийгүй эрчим хүчийг хэмнэх болно.
  12. Өвлийн улиралд гэртээ цахилгаан халаагуур ашиглахын оронд дулаахан ноосон цамцаа өмсөөд  цахилгаан эрчим хүчээ хэмнээрэй.
  13. Өвлийн цэлмэг өдрүүдэд хөшгөө нээж нарны илчийг оруулаарай. Ингэвэл гэр орон чинь илүү дулаан байх болно. Харин шөнөдөө хөшгөө хаагаад дулаан агаарыг гадагшлуулахгүй байх хэрэгтэй.
  14. Зуны нарлаг өдрүүдэд хөшгөө сайн хааж нарны гэрэл оруулахгүй байх хэрэгтэй. Ингэснээр илүү сэрүүхэн байна. 
  15. Гэрийн даалгавраа хийх гэж байна уу?  Тэгвэл хэмнэлттэй чийдэн /CFL lamp/хэрэглээрэй. Мөн ширээний гэрэл хэрэглэх нь өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэхээс илүү хэмнэлттэй.
  16. Аяга тавгаа аяга таваг угаагчруу хийхээсээ өмнө дотор нь үлдсэн хоолны үлдэгдлийг алчуураар арчаарай. Энэ нь ус болон цахилгааныг хэмнэнэ.
  17. Сургууль дээрээ санаачлага гаргаарай. Сургуулиасаа явахаасаа өмнө эсвэл 7 хоногийн амралтын өмнө багштайгаа хамт бүх цахилгаан хэрэгсэл салгаатай байгаа эсэхийг шалгаарай. 
  18. Хэрвээ танайх энгийн гэрлийн чийдэн хэрэглэдэг бол үүнийг хэмнэлтэт чийдэнгээр /CFL lamp/ солих тухай ярилцаарай. Энэ чийдэн нь цахилгааныг 75 % хэмнэхээс гадна энгийн чийдэнгээс 10 цаг илүү ажиллах чадалтай.
  19. Хүрээлэн буй орчноо хамгаалж нийтийн тээвэр болон дугуйгаар эсвэл алхаж ажилдаа явахыг аав, ээждээ санал болгоорой. Мөн гэр бүлээрээ цахилгаан шатны оронд явган шатаар явж болно. Алхах нь ямар үр дүнтэйг та мэдэж байгаа.
  20. Аав, ээждээ аяга таваг угаагч, угаалгын машин болон хатаагчаа оройн цагаар эрчим хүчний хэрэглээ багассан үед хэрэглэж байхыг сануулаарай. 
  21. Зуны цагт хатаагчны оронд хэц татахыг аав ээждээ санал болгоорой. Ингэснээр гэр бүлийн чинь цахилгааны хэрэглээ маш их хэмнэгдэнэ.
  22. Под, под, под… угаалтуурын цоргоноос ус дуслаад эхэлбэл аав ээждээ хэлээд хурдхан засуулаарай. Ингэж дуслах нь маш их усыг дэмий урсгадаг.
  23. Угаалга хийхэд хүйтэн ус ч бас халуун уснаас дутахааргүй сайн цэвэрлэдэг гэдгийг ээж аавдаа хэлээрэй. Хэрвээ танайх цахилгаан ус халаагуур хэрэглэдэг бол хүйтэн усаар угаалга хийснээр эрчим хүчний хэрэглээгээ 85%-иар буруулах боломжтой.
  24. Гэр чинь эзгүй үед, эсвэл шөнө бүгд унтаж байгаа үед цахилгаан халаагчныхаа тохируулгыг бага дээр нь тааруулаарай. Энэ бол цахилгаанаа хэмнэх ухаалаг арга юм.
  25. Зөөврийн компъютер нь цахилгааны ердөө 10%-ийг л зарцуулдаг. Тийм ч учраас суурин компъютерээс илүү эрэлт ихтэй байдаг.
  26. Хөргөгчийг халаагуурын хажууд эсвэл цахилгаан зуухтай зэрэгцүүлэн байрлуулсан эсэхээ шалга! Гаднаасаа халах нь хөргөгчний ажиллагааг удаашруулна.
  27. Долоо хоногтоо нэг удаа хоол хийж идэхээс татгалз! Цахилгаан зуух, шатдаг хийг хэмнэнэ. Мөн мацаг барих нь эрүүл мэндэд тустай.
  28. Оргил ачааллын үеэр (18-22 цаг) эрчим хүчний хэрэглээг багасгах буюу тухайлбал оройн 18 цагаас хойш хүнд хоол хийж идэхгүй байх нь орчин үеийн эрүүл мэндийн гол асуудал болоод байгаа таргалалтаас зайлсхийх нэг чухал хүчин зүйл болж болох юм.
  29. Хоолны сав, суулгын ёроолыг тэгшхэн эсэхийг шалга. Цахилгаан зуухны гадаргууд бүрэн хүрэлцээгүй тохиолдолд халалтыг удаашруулна.
  30. Навчит мод нь нарыг зуны улиралд сайн халхалах ба намар навч нь унаж, өвөл нарны тусгал шууд нэвтэрч гэрийг дулаан байлгахад туслана.
  31. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараануудыг сонгож хэрэглэх

Эрчим хүчийг хэмнэх олон хялбар аргууд байдаг бөгөөд эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал.

Эрчим хүчийг ухаалаг зохистой хэрэглэх нь өөрөө хэмнэлт гаргаж байгаа гэсэн үг юм. Бид өдөр бүр ажил дээрээ, гэртээ, сургууль дээрээ, мөн тоглож байхдаа ч эрчим хүч байнга хэрэглэж байдаг. Эрчим хүчийг хэмнэснээр дэлхийн эрчим хүчний эх үүсвэр нөөц болох байгалийн хий, нүүрс, газрын тосны хэрэглээг багасгаж байгаль дэлхийгээ хамгаалахаас гадна эрчим хүчний зардалд зориулах таны мөнгийг ч мөн хэмнэнэ. Эдгээрээс хамгийн чухал нь бид эрчим хүч хэмнэх замаар агаарын болон усны бохирдлыг бууруулж, ирээдүйдээ цэвэр сайхан амьдралын орчинг үлдээх явдал юм.

Эрчим хүч байхгүй байсан тохиолдолд бид яах байсан тухай бодоод үзье.

  • Харанхуй болоход асаах гэрэл байхгүй
  • Халуун ус байхгүй, өвөл болоход халаалт байхгүй
  • Хоол цайгаа хийх цахилгаан зуух байхгүй
  • Хувцасаа цэмцгэр, тэнэгэр байлгах индүүгүй
  • Хөргөгч ажиллахгүй тул зуны халуунд хүйтэн зайрмаг идэж чадахгүй
  • Зурагт, хөгжим, радиогүй
  • Үүрэн телефон ашиглаж чадахгүй
  • Компьютер, интернэт байхгүй
  • Машинд хийх тос масло, шатахуун байхгүй

Тэгэхээр бидэнд эрчим хүчийг хэмнэх асар олон шалтгаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж