
Энэхүү ил захидлын хариуг Иргэний зориг ногоон намын Удирдах зөвлөлөөс өгч байгаагаа тус намын удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр Төрийн ордны Хэвлэлийн танхимд танилцууллаа.
ИЗНН-ынхан хариу тайлбартаа “Гадаад оронд амьдарч буй монгол иргэддээ улс төрийн эрхийг нь эдлүүлэх талаар та бүхний гаргасан санаачлагыг дэмжиж байна. Өнөөгийн сонгуулийн мажоритар тогтолцооны нөхцөлд гадаадад амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах нь боломжгүй зүйл бөгөөд зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчилж пропорциональ тогтолцооны элемент оруулснаар иргэдийнхээ улс төрийн эрхийг сэргээх боломжтой гэж үзэж байгаа. Парламентад суудалтай улс төрийн хүчний хувьд уг асуудлыг хуульд нэмж тусгуулахаар ажиллах болно” гэсэн байна.
Өнөөдөр албан бус тоогоор гадаад оронд суралцаж, амьдарч байгаа иргэдийн тоо 100 мянгыг хол давжээ. АНУ-д гэхэд 30 мянган монгол иргэн амьдардаг байна.