
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай нэртэй энэхүү төсөлд зааснаар их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутан 10 сарын турш сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг авахаар заажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэтгэлгийг уясан болохоор цалин, тэтгэвэр өсөх тоолонд оюутнуудын 70 мянган төгрөг өсөх болж байгаа юм. Бодит жишээ гэвэл 20-хон хоногийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянган төгрөг байх үед оюутанд олгох сарын тэтгэлэг 54 мянган төгрөг байхаар бол өнөөдөр энэхүү тэтгэлэг 70200 төгрөг болж өсөөд байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын мэдээлснээр бол улсын хэмжээнд өнөөдөр 111 их, дээд сургууль, коллежи үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнд 140 мянга гаруй оюутан суралцдаг. Тэдгээрт сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор, улсын төсвөөс жилдээ 134 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ. Тодруулж хэлбэл, хууль хоёр жилийн хугацаанд хэрэгжихэд л улсын төсвөөс 268 тэрбум төгрөг зарцуулахаар болж буй юм. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүдээс ердөө дөрөв нь л эсрэг байр суурь баримталлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин бүх оюутанд хавтгайд нь тэтгэлэг олгохын эсрэг байгаагаа илэрхийлэв. Түүний хувьд амьдралын боломж тааруу ч сурах сонирхол эрмэлзэлтэй, “алтан” толгойтой оюутанд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг дэмжихээс муу сурдаг оюутанд тэтгэлэг олгох нь яавч зөв бодлого биш гэв. Яагаад гэвэл муу сурсан ч сар тутамд 70 мянган төгрөг авах учраас сурлагаа ахиулах хүсэл эрмэлзэл төрөхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутанд тэтгэлэг олгохгүй бол жил тутамд 25 мянган хуульч, нягтлан бэлтгэж байгаа сургуулийн “сурагчид” цалин олгоод байх нь, боловсролын чанарыг дээшлүүлэх Засгийн газрын бодлого хэрэгжихгүйд хүрэх төдийгүй жил тутамд ажилгүйчүүдийг бэлтгэж байгаа их, дээд сургуулиудыг чанаржуулах төрийн бодлого ч хөсөрдөнө хэмээн үзлээ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд байгалийн баялгаас олсон жаахан орлогоо хавтгайд нь халамжийн бодлогоор тараагаад дуусах нь эргээд улсын эдийн засагт хүндрэл учруулах төдийгүй, мөн л их, дээд сургуулиудыг аттестатчилж, чанартай боловсон хүчин бэлтгэх ёстой гэсэн шаардлагатай уягдахгүй байна хэмээн шүүмжиллээ. Ер нь ч УИХ-ын 2008 оны сонгуульд МАН ч тэр, Ардчилсан нам аль аль нь ард иргэдэд мөнгөн амлалтууд өгсөн. Түүнийг нь Ерөнхийлөгч улам баяжуулж, оюутнуудаар буухиалуулсан нь эргээд нийгэмд сөрөг үр дагавар дагуулах болж буйг анхаарууллаа. Хэрвээ Монгол Улс хүнийхээ оюун ухааныг дэмжиж, боловсролтой иргэнтэй болох гэж зорьж байгаа бол дээд боловсролын сургалтын чанарт анхаарах ёстой. Тэр ч утгаараа дээд сургуулиудыг чанараар нь эрэмбэлж дууссаны дараа сурлага сайтай оюутанд тэтгэлэг олгох байдлаар дэмжлэг үзүүлэх нь Монгол Улс цааш хөгжих суурь болно хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр бол их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутанд тэтгэлэг олгохоор төсөлд тусгасан нь үндсэндээ оюутнаа сурлагынх нь чанараар ялгаварлахгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Тэгсэн атлаа гадаадад суралцаж байгаа оюутанд энэхүү тэтгэлэг хамааралгүй болчихож буй нь оюутнаа ялгаварлахгүй гэж хэлсэн тайлбартай нь төдий л авцалдсангүй.
Харин УИХ-ын даргын хувьд гишүүдийн хэлсэн саналуудыг хүлээн авч төслийг боловсруулах шатанд сайтар чамбайруулахгүй бол эргээд нийгэмд бухимдал дагуулж болзошгүйг анхааруулаад авсан юм. Учир нь Монголын төр 1990-ээд оны дундуур 800 гаруй оюутанд сургалтынх нь төлбөрийг улсаас төлөх боломжгүйд хүрч байгаагаа мэдэгдэхэд тэд жагсаж, Төрийн ордны бүх цонхыг хага цохиж байсан удаатай аж. Нэг ёсны УИХ-ын 2012 оны сонгуулийг бодоод энэ хуулийг батлаад гаргалаа гэхэд дараа нь санхүү эдийн засгийн хямрал болж, оюутнуудад тэтгэлэг олгож чадахгүйд хүрвэл оюутнууд жагсаад, хашгираад босоод ирэхийг үгүйсгэх аргагүй ажээ. Гэвч УИХ-ын гишүүн Д.Одхүү нарын хувьд “Монголын парламент ямаанд зориулж, тэрбумаар нь мөнгө өгч болсон юм, хүндээ зориулаад төсвөөсөө хөрөнгө зарчихад болохгүй нь юу байгаа юм бэ” хэмээн баярхаад авлаа. Жил бүрийн Монгол Улсын нэгдсэн төсөвт 76 тэрбум төгрөг суулгаж, тойрогтоо цацдагийг нь бодохоор барьцуулаад дээрх хувилбарыг дэмжиж болох мэт боловч хичээлдээ суудаггүй, ажилгүй гэсэн нэр зүүхгүйн тулд сургуульд сурахчаан болж, сургууль төгссөнийхөө дараа дипломын гол болдог олон мянган залуусыг татвар төлөгчдийн мөнгөөр дөрвөн жил “тэжээх нь” хэр шударга вэ гэдгийг эрх баригчдад нэг сануулчихъя. Монгол Улсад өнөөдөр шийдлээ хүлээсэн олон ажил хүлээгдэж байгаа гишүүд ээ, хөрөнгө мөнгөгүйгээс. Энэ бол зөвхөн Засгийн газрын ч ажил биш, та бүхний амлалт ч бас давхар суусныг мартаагүй гэж найдъя.