“ОХУ хамгийн олон тамирчинтай оролцоно”

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

“ОХУ хамгийн олон тамирчинтай оролцоно”

Аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд  Бодибилдингийн спортын залуучууд, ахмадын ДАШТ Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд өргөн цар хүрээг хамарснаараа онцлог гэнэ. Тодруулбал, одоогийн байдлаар  40 гаруй улсын 270  орчим тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа юм. Тэмцээний өмнө зохион байгуулагчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр  Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очир сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг хүргэе.

-Тун удахгүй манай улсад Бодибилдингийн ДАШТ зохиогдох гэж байна. Хэчнээн орны баг, тамирчид оролцохоор бүртгүүлээд байна вэ?

– Монголын Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос энэ сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ахмад, залуучуудын ДАШТ-ийг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн ахмадын болон залуучуудын  ДАШТ-д нийт 40 гаруй орны 270 орчим тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Учир нь  манай улсад зохиогдох Бодибилдингийн ДАШТ-д урьд өмнөхийгөө бодвол харьцангуй өргөн цар хүрээг хамарч, хүрээгээ тэлж байгаагаараа ихээхэн онцлогтой. Өмнө нь  2011 онд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байсан. Тиймээс ч энэ туршлага дээрээ үндэслэн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар болсон. Ер нь өөрийн оронд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна гэдэг нь тухайн улсад энэ спорт хэр өндөр төвшинд хөгжсөнийг илтгэж байдаг. Дээрээс нь энэ спортоор дамжуулан эх орноо сурталчлах том боломж нээгдэж байгаад бид бүхэн маш их баяртай байгаа.  Үүнээс гадна энэ удаагийн ДАШТ-ийг  Sport box TV9 телевизээр шууд дамжуулан үзэгчдийн хүртээл болгохоор санамж бичигт гарын үсэг зурсан.

-Монголын талаас хэчнээн тамирчин эх орноо төлөөлөн оролцох вэ. Нэгдсэн бэлтгэлдээ гарсан уу?

– Монголын талаас ахмадын болон залуусын ангилалд 20 гаруй тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байгаа. Одоогийн байдлаар хараахан нэгдсэн бэлтгэлдээ гараагүй байгаа. Тус тусын клуб дээрээ бэлтгэлээ базааж байна. Тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнөөс нэгдсэн бэлтгэлдээ гардаг юм.

-Аливаа тэмцээн уралдааны үеэр сэргээшийн асуудал хөндөгддөг. Энэ удаад сэргээшийн шинжилгээг хэрхэн авах вэ?

-Мэдээж авалгүй яах вэ. Олон улсын лаборатори буюу БНСУ руу шинжилгээг явуулна.

-Энэ удаагийн тэмцээнд зориулж нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?

-Бодибилдингийн спорт бол маш их онцлогтой спорт. Тиймээс ч зохион байгуулалтын өндөр төвшинд байх ёстой. Идэх хоол, тамирчдаа байрлуулах зочид буудал гэх зэрэг нэлээд өндөр зардалтай. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд тамирчдынхаа байрлах зочид буудал, хоолыг даадаг. Харин манай улсын Засгийн газрын зүгээс тодорхой хэмжээний төсвийг шийдвэрлэж өгсөн. Ер нь тэмцээний нийт зардал 600 гаруй сая төгрөг болж байгаа. Тамирчиддаа зориулж “Цэцэг” болон “Чингис” зочид буудалд нийтдээ 320 өрөө бэлдсэн. Түүнээс гадна тэмцээнд зориулж “UB Palace”-ийн концертын их танхим, роял танхимыг түрээсэлсэн. Мөн 21 орчим автобус бэлдээд байна.

-Тамирчид хэзээ Монголд ирэх вэ. Түүнээс гадна хамгийн олон тамирчинтай оролцож байгаа нь аль улс вэ?

-Манай нислэгийн хуваараас хамаарч 17-оос эхэлж ирэх байгаа. Хамгийн олон тамирчинтай улс бол ОХУ байна. ОХУ-аас 31, ХБНГУ 18, Иран 15 тамирчинтай оролцохоор бүртгүүлээд байгаа юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж