Санамсаргүйгээр түлэгдэж, хөлдөж гэмтсэн хүмүүст зориулалтын эмнэлгийн үйлчилгээ авах боломж, бололцоо алга байна. Уг нь бол эдгээр хүнд шаардлага хангасан орчинд үйлчилгээ үзүүлэх ганц эмнэлэг нь Түлэнхийн төв. Тус эмнэлгийн байр нь хуучирч муудан таазнаасаа нурж, хүн тогтох аргагүй болсон гэгдэж, эмнэлгийн барилгыг нурааж, өвчтөнүүдийг нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү нүүлгэсэн. Харин өнгсөрсөн хоёрдугаар сард тус эмнэлгийн өвчтөнүүдийг “Мөнгөн гүүр” хувийн эмнэлэг рүү шилжүүлснээр одоо хүртэл тэрхүү эмнэлгийн хоёр, гуравдугаар давхрыг сард 28 сая төгрөгөөр түрээслэж, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Гэтэл хуучин Түлэнхийн төвийн суурин дээр шинэ барилга баригдах нь байтугай уг барилгын төсөв болон барилгын ажлыг гүйцэтгэх компани өдий болтол тодорхойгүй байгаа аж. Тус төв баригдаж эхлээгүй байгаа шалтгааныг зарим нэгэн хүн төсөв мөнгөний асуудалтай учраас барилгын ажил удаашралтай байгаа гэж буй юм. “Мөнгөн гүүр” эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байгаа Түлэнхийн төвийнхөнд ч эмнэлгийн барилга хэзээ баригдаж эхлэх талаар мэдээлэл байхгүй байна.
Тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилоос эмнэлгийн үйл ажиллагаа түрээсийн эмнэлэгт хэрхэн явагдаж байгаа талаар тодруулсан юм.
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй холбоотой асуудал их байгаа. Энэ тал дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Мэдээж байртай холбоотой асуудал байлгүй л яахав. Наад зах нь эмнэлгийн бус зориулалттай барилга гээд асуудал байна. Хуучин Түлэнхийн төвийг буулгаснаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал ихсэх болсон. Үүнийг багасгахын тулд энэхүү байрыг түрээслэж байгаа. Хамгийн гол нь энд ирсэн шалтгаан нь хагалгааны хоёр блоктой гэдэг л юм. Тус эмнэлгийн хоёр, гуравдугаар давхрыг түрээслэж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Гуравдугаар давхарт хүүхдүүдийг хүлээн авах тасаг бий. Харин доод давхарт насанд хүрэгчдийгээ хүлээн авч байна.
-Эмнэлгийн ачаалал хэр байна вэ?
-Одоогийн байдлаар ачаалал харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч өвлийн улиралд хүмүүс хөлдөж ирэх асуудал их гардаг. Орон гэргүй, тэнэмэл зэрэг олон хүн манайхаар үйлчлүүлдэг. Тэр болгонд нь бид хүлээн авч, шаардлагатай бол хэвтүүлэн эмчилдэг.
-Тоног төхөөрөмж хангалтгүй байгаа гэсэн. Мөн орны хүрэлцээ хэр байна вэ?
-Тоног төхөөрөмж дутагдалтай байгаа. Манай сэхээний тасагт л гэхэд шаардлага хангахуйц тоног төхөөрөмж байхгүй шүү дээ. Харин орны хүрэлцээний тухайд хуучин 100 гаруй ортой байсан. Гэсэн ч тухайн үед хангалттай биш байсан. Энэ эмнэлэг нийт 80 ортой. Ихэвчлэн хүмүүс ахуйн ослоор ирж хэвтэн, эмчлүүлж байгаа. Одоогоор манайд 35 хүн хэвтэж байгаагаас таван хүүхэд нь сэхээний тасагт хэвтэн, эмчлүүлж байна. Өвлийн улирал эхэлж байна. Энэ үед ачаалал их болдог. Уг нь бидний зүгээс ч гэсэн холбогдох яаманд хэд, хэдэн удаа барилгын ажлыг түргэвчлэх талаар мэдээлэл хүргүүлсэн ч тодорхой хариу алга.
Түлэнхийн төвийн барилгын ажил өдий хүртэл эхлээгүй байгаа болон төсөв мөнгөний талаар Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар ийн ярьсан юм.
-Түлэнхий төвийн барилгын ажил ямар шалтгааны улмаас гацчихаад байна вэ?
-Барилгын зураг төсөл өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр гарсан. Зураг төсөл гарсны дараагаар барилгын ажлыг гүйцэтгэх тендер зарлаж, одоогоор үнэлгээий ажлыг нь хийгээд явж байна. Ингээд шалгарсан компанитай гэрээ байгуулж барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлчихнэ байх. Цаг агаарын онцлогоос шалтгаалж барилгын ажил хойшлоход хүрсэн. Талбайгаа чөлөөлж байж, шинээр барилгын ажлыг эхлүүлнэ. Тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулсны үндсэнд барилгыг нураах ажлыг эхлүүлэх юм.
-Тэгэхээр зураг төслөөс болж уг ажил удаашралтай байгаа гэж ойлгож болох уу?
Тийм. Хэрвээ зураг төслийг эртхэн өгсөн бол барилгын ажлыг хурдан эхлүүлэх бүрэн боломж байсан.
-Энэхүү барилгын ажлыг эхлүүлэхэд нийт 26 тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгаа. Гэтэл одоогийн байдлаар үүний найман тэрбум төгрөг нь бэлэн байгаа гэсэн. Үлдсэн санхүүжилтын асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Эхний ээлжинд найман тэрбум төгрөгийн тендер зарласан. Үүнд тус барилгын нэг болон дөрвөн давхар блокийн ажлыг гүйцэтгэх юм. Харин үлдсэн 18 тэрбум төгрөгөөр долоон давхар барилгын асуудлыг шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл уг ажлыг үе шаттайгаар хийнэ гэсэн үг. Тэрнээс биш санхүүжилт зогссон зэрэг асуудал байхгүй. Энэхүү ажлыг мөнгө байхгүй дээ уяагүй. Дээр хэлсэнчлэн зураг төсөл болон тендер орой зарлагдсантай холбоотой.
Барилгын зураг төсөлтэй холбоотой асуудлыг уг барилгын зураг төслийг хийсэн “EZT” ХХК-ийн захирал Д.Цогтоос тодруулав.
-Түлэнхийн төвийн барилгын ажил удаашралтай байгаа нь зураг төслийг орой гаргасантай холбоотой гэсэн. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?
-Зураг төслийн ажил нэг жил гаруй хугацааны өмнө дуусчихсан байсан юм. Хүлээгдэл үүсгэсэн өөр нэг шалтгаан нь тухайн үед дулааны техникийн нөхцлийг шийдээгүй байсантай холбоотой. Барилгын зураг төслийг хийхийн тулд эхлээд дулаан, цахилгааны асуудлыг шийдчихсэн байх ёстой. Учир нь дулаанаа дагаад цэвэрлэх ажил явагддаг. Гэсэн хэдий ч барилгын ажлыг эртхэн эхлүүлэх боломж байсан. Анх эмнэлгийг нүүлгэж байх үед хажууд нь 12 давхар байрнуудын ажил дөнгөж эхэлж байсан нь одоо бараг дуусч байна.
-Зураг төслийг хийсний хувьд энэхүү ажил яг юунаас болж гацчихаад байгааг бодитоор хэлж өгөхгүй юу?
-Аль, аль талдаа хайхрамжгүй хандсанаас дулааны асуудал нь нэг жил гаруй хугацаанд шийдэгдээгүй явжээ. Дулааны асуудлыг бид холбогдох албаны хүмүүст хандсаны үндсэнд хийлгэж, зураг төслийн ажлаа явуулсан байгаа. Эртхэн дулааны асуудлаа шийдвэрлэсэн бол өдийд барилгын ажил эхлээд явж байх боломжтой байсан шүү дээ. Уг барилга нь үндсэндээ хэвтэн эмчлүүлэх, эмчилгээний болон цогцос хадгалах газар, автомашины зогсоол гэсэн бүтэцтэй хийнэ. Үүн дээр нэмж хэлэхэд цахилгааны асуудал байсан учраас дэд станцын жижиг барилгын зургийг нэмж гаргасан байгаа.
-“Мөнгөн гүүр” эмнэлэгт сар болгон 28 тэрбум төгрөг өгч байгаа. Тэгэхээр энэхүү асуудлыг багасгахын тулд эхний ээлжинд эмнэлгийн амбулторийг барих боломжтой гэж байсан шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Тус эмнэлэгийн үйл ажиллагааг таслахгүйн тулд сар бүр 28 сая төгрөгийг зөвхөн түрээсэнд өгч байгаа. Тэр эмнэлэг нь эмнэлгийн зориулалттай ч хагалгаа хийх ямар ч боломжгүй юм гэсэн. Зүгээр л домнох байдлаар л хүмүүсийг хүлээж авч байна шүү дээ. Эхний ээлжинд төсөвлөсөн найман тэрбум төгрөгөөр амбултори барьчихвал түрээс гэх шаардлагагүй байсан.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин