
Олс татах нь хэдэн том биетэй, бяртай хүмүүсийн хийх ажил биш гэдэг ойлголт юун түрүүнд толгойд орж ирлээ. Эрчилсэн олсыг татахын тулд тусгай техник, тактик хэрэгтэй аж. Эхлээд бусад спортын адил бие халаалт хийж, хөлсөө гаргана. Дараа нь үндсэн техникийнхээ суурь бэлтгэлийг хийнэ. Монголын шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг Тайванийн мэргэжилтэн, Азийн аварга Чөн Хан Ян удирдаж байгаа юм.
Тэмцээний хугацаа ойртсон тул манай олс таталтынхан амралтын өдөр гэлтгүй бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байгаа юм. Бэлтгэл яг л 12.00 цагт эхэлсэн. Тамирчдын хувьд цаг хугацаа бол алтнаас ч үнэтэй. Бас бэлтгэлийн дэг журмыг ягштал биелүүлэх ёстой аж. Эхлээд заал тойрч гүйнэ. Дараа нь сунгалтын дасгал, цаашлаад техник, улмаар хүчний дасгал хийж байгаа юм. Дасгал бүрийг 3-5 удаа давтана. Энэ мэтчилэн хийж байтал нэг мэдэхэд хоёр цагийн хугацаа өнгөрсөн байв. Тамирчдын хөлс ч их хэмжээгээр гарчээ. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бэлтгэлийн зааланд том машины нэг дугуй, хэдэн матрасс, ганц модон мориноос өөр зүйл алга. Тиймээс хүчний бэлтгэлээ яаж хийх юм бол гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин нөгөө том дугуйг чирээд заал тойрч эхлэв. Тэр дугуй нь бараг л 400 кг-ын жинтэй. Бас болоогүй дугуйн дээр нэгээс хоёр тамирчин суучихсан. Бас нэг буланд нь дөрвөлжин хүнд төмрөөс бэхэлсэн тросс байна. Сонирхвол, тамирчдын жинхэнэ хүчний бэлтгэл нь троссттой төмөр байж. Бэлтгэл хийж байгаа тамирчид найм наймаараа хуваагдан нэг тонн жинтэй төмрийг троссоор татах аж. Ингэхдээ амнаасаа “MG” гэсэн авиа гаргаж яг л нэг хэмнэлээр татаж эхлэв. Өнөөх нэг тонн жинтэй төмөр аажим аажмаар дээшилсээр л эцэстээ туллаа. Төмрийг доош буулгаж дахин татна. Яг энэ дасгалын хийж байхад гарын алга маш ихээр халууцаж, бас өөрийн эрхгүй чичирхийлэл мэдэгдэнэ. Анх удаа олс татаж үзэж байгаа хүний хувьд энэ нь үнэхээр хүнд хэцүү. Гар улайж, хорсч, бас чичирнэ. Хамаг бие халуу шатах ч тохиолдол гарч байлаа. Үүний дараа энэ спортыг сонгон хичээллэж байгаа эмэгтэй тамирчдыг хараад өөрийн эрхгүй бахархав. Тэдний гарын алга цэврүүтнэ. Цус хурна. Гэвч үүнийг огт тоосон шинжгүй. “Дурласан” спортдоо зөвхөн амжилт гаргахын төлөө л хичээдэг хэмээн ярьж байгаа нь бахархалтай. Сагсан бөмбөг, хоккей, хөлбөмбөг зэрэг нь хэдийгээр багийн спорт ч гэлээ 1-2 сайн тоглогч байхад бусдыгаа чирдэг давуу талтай. Нэг сайн довтлогч, хамгаалагч байхад л тухайн багийн амжилтыг шийдэх боломжтой гэсэн үг л дээ. Тэгвэл олс таталт тийм биш аж. Нэг баг найман гишүүнтэй. Сэлгээний нэгийгээ оруулаад нэг багт есөн тамирчин байх боломжтой. Тухайн багийн найман тамирчин яг л нэг хүн шиг болж чадсан цагт амжилт гаргана. Багийн долоон гишүүн нь сайн байсан ч нэг нь тааруу бол амжилтад шууд сөргөөр нөлөөлдөг тухай мэргэжилтнүүд ярьж байлаа. Манай олс татагчдын хувьд Азидаа гол өрсөлдөгч нарын нэг гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүд. Өмнө нь мөнгө, хүрэл медаль хүртэж байсан манай бүсгүйчүүдээс гадаадынхан “жийрхдэг” ажээ. Монголын бүсгүйчүүд харахад сул биетэй юм шиг атлаа маш их шөрмөстэй, чадалтай, тэвчээртэй гэдгийг шигшээ баг дээр ажиллаж байгаа тайвань мэргэжилтэн хэлэв. Түүний хэлсэн үг үнэн бололтой. Бэлтгэл хийж байгааг нь харахад бүсгүйчүүд маань тун шазруун байх юм. Хөлс нь өмссөн хувцсандаа нэвт шингэж, заримдаа дусална. Гэсэн ч тамирчдын бэлтгэл үргэлжилсээр л байна. Бэлтгэл үргэлжилж байх зуур Тайванийн мэргэжилтэн Чөн Хан Янтай цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд Монголын тамирчидтай анх удаа ажиллаж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Монголчууд үнэхээр их хичээл зүтгэлтэй байгаа нь надад сайхан санагдлаа. Мэдэхгүй зүйлээ асууж байна.
-Тайвань болон Монголын тамирчдын хооронд ямар ялгаа байна вэ?
-Тайваньд бол тусгай мэргэжлийн сургууль бий. Тийм болохоор бэлтгэл цаг нь хангалттай их. Хүсвэл өдөржин хийсэн болно. Харин Монголын тухайд гэвэл ажлын өдрүүдэд энэ зааланд хичээл ордог. Мөн тамирчдын маань олонхи нь оюутан учраас олон цагаар бэлтгэл хийх боломж алга. Үүгээрээ ялгаатай. Гэхдээ Монголын тамирчид зүтгэлтэй, хичээнгүй. Энэ нь тэдний давуу тал.
-Удахгүй тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Монголын тамирчид -ямар амжилт үзүүлэх бол?
-Урьдчилж хэлэх хэцүү юм. Гэхдээ яг энэ эрчээрээ бэлтгэлээ хийвэл хүрэл медаль авах боломж хангалттай байна. Үүнээс ч өндөр амжилт үзүүлэх магадлалтай. Яагаад гэвэл Азид олс таталтын спорт маш өндөр түвшинд хөгжсөн.
-Бэлтгэл хийх орчны тухайд юу хэлэх вэ?
-Тайваньд бол олс таталтын бэлтгэл хийх зориулалтын заал байна. Хүчний бэлтгэл хийх машин нь Монголынхоос илүү том. Харин олс таталтын замын тухайд гэвэл Монголд хангалттай биш. Тайваньд тусгай заал байхад Монголд нарийнхан зам дээр л бэлтгэл хийж байна. Нэг зааланд 2-3 спортын бэлтгэл давхар үргэлжилдэг учраас бага зэргийн хүндрэл гардаг. Гэхдээ тамирчид маань өөрсдөө зүтгэлтэй учраас бүх зүйл эерэгээр болж байна.
-Таны хувьд олс таталтаар ямар амжилт үзүүлсэн бэ?
-Азийн аварга болж байсан. Есөн жил энэ спортоор хичээллэсэн. Одоо бол тамирчны замналаа дуусгаад дасгалжуулагч болсон.
-Монголын тамирчидтай ажиллаж байсан уу?
-Үгүй ээ. Анх удаа гадаадын багтай ажиллаж байгаа минь энэ. Надад маш их таалагдаж байгаа.
Олс таталтын спорт нь XVI зууны үед эртний Египет улсад үүссэн түүхтэй. Гадаа талбайн болон заалны гэсэн хоёр төрөлтэй. Дүрмийн тухайд гэвэл тун энгийн. Нэг багт найман гишүүн байх бөгөөд шүүгчийн дохиогоор тусгай техникийн дагуу олсыг татна. Манай улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд энэ спортыг хөгжүүлж байгаа юм. Энэ хугацаанд эмэгтэй шигшээ багийнхан тивийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ. Шигшээ багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү ажилладаг.





