Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

-Бидэнд олон зах байгаа ч олигтой зээл байсангүй-

Зээл үү, өр үү?

1990 онд монголчууд шинэ сонголтоо хийж чөлөөт зах зээлийн жамаар урагшлахаар зорьсон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт өрсөлдөөний зарчимд шилжих нь амаргүй байсан агаад бидний хамгийн том саад бэрхшээл нь бидний тархинд хадагдсан үхширмэл коммунист сэтгэлгээ байв.

Үүний хамгийн тод илрэл нь “зээл”-ийг үзэн ядах, түүнээс үхтлээ айх, жийрхэх сэтгэлгээ. Бид “зах зээлийн нийгэмд шилжиж байна” гэж дээр дооргүй ярих мөртөө зээл авсан хүнийг амиа хорлож байгаатай адилтгах ба томоохон зээл авбал шууд л “луйварчин” гэж цоллосоор өдий хүрчээ. Зээлийг үзэн ядах сэтгэлгээ нь “УИХ-ын сонгуульд нэр дэвшигч зээлтэй байж болохгүй” гэх хүртлээ явцуурсан агаад харин ямар нэг зах ажиллуулдаг хүнийг бол өндөрт зална. Саяхныг болтол Монголын хамгийн том захын эзэн нь хамгийн баян хүн нь байваа.

Зах, зээлээс захыг нь хөгжүүлээд, зээлийг нь мартсан Монголын улс төр 2012 оны сонгуулийн үр дүнд эрс өөрчлөгдөж хүү багатай, хугацаа урттай хямд мөнгөний эх үүсвэрийг олон улсын захаас татаж, эдийн засагтаа оруулж эхлэсэн нь хуучинсаг сэтгэлгээний бай болон хувирч байна. Бонд гэдгийг монгол хэлэнд “өрийн бичиг” хэмээн буулгасан нь айдас хүйдсийн эхийг тавьжээ. Уг нь санхүүгийн анхдагч ойлголтод “зээл”, “өр” хоёр бол эрс ялгаатай ухагдахуун юм. Зээл гэдэг нь ирээдүйд олох орлогоосоо төлөх нөхцөлөөр урьдчилан авсан төлбөр. Харин өр бол зээлийн болон бараа, үйлчилгээний төлбөрийг цагт нь төлөөгүйгээс шалтгаалан үүсэх санхүүгийн дарамт, шахалт юм. Бонд нь зээл авсны нотолгоо болохоос өрийн баримт биш. Зээл олгох процессыг хялбарчилсан санхүүгийн арга хэрэгсэл билээ.

Одоогоор Монгол улсад хугацаа хэтэрсэн зээл, төлбөр байхгүй тийм болохоор бид ӨРГҮЙ. Зээл бол байгаа. Хүү, төлбөрийг хугацаанд нь төлөөд явж байгаа талаар Ерөнхий сайд саяхан тайлагналаа. Энэ жил гэхэд л 37,7 сая ам.долларыг гадаад зээлийн төлбөрт төлжээ. Өр болоод хүндрээд явчихсан зээл алга.

УИХ дахь МАН-ын бүлгээс Чингис бондын талаар олон нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлэх, айдас хүйдэс бий болгон дэвэргэх санааг илэрхийгээр агуулсан мэдэгдэл удаа дараа хийж “Гаднаас 1.5 тэрбум ам.долларыг зээлээр авч улсын өрийг эрс нэмэгдүүлсэн” хэмээн зүхэж байгаа нь зээлээс үхтлээ айдаг хууч өвчин нь сэдэрсэнтэй холбоотой бизээ.

Коммунист дэглэмийн үед бол өр жинхэнэ утгаараа байсан. Хэзээ төлөх, хичнээн хэмжээний хүүтэй, хэр хэмжээний мөнгө гэх мэт гол зүйлс нь тодорхойгүй зээлийг их хэмжээгээр авч тэр нь шууд өр болон хувирсаар 10 тэрбум ам.долларын “Их өр” хэмээн нэрлэгдэх болтлоо хуримтлагдсан түүх бий.

Коммунист удирдагч Ю.Цэдэнбалд тухайн үед нь ажил хариуцсан хүмүүсээс “Даргаа энэ их зээлийг төлж дийлэхгүй, өр болох биш үү” гэж анхааруулахад “Удахгүй коммунизмд орчихоор төлөх хэрэггүй болно” гэж хариулсан тухай яриа бий. Их өрийг хожим Цэдэнбалыг залгамжлагчид нь “тэглэх” нэрээр ардын баатар болж жүжиглэсэн явдал ч бий.

Хэрвээ Монгол улс чөлөөт зах зээлээс татгалзаагүй л юм бол зээл нь зайлшгүй хэрэгцээ. Зээл авалгүй, орлого олж, хуримтлал үүсгэснийхээ дараа бүтээн байгуулалтаа өрнүүлэхийг хүлээвэл монголчуудын хэдэн үеийнхний амьдрал хүрэлцэхгүй. Ялангуяа дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралтай байгаа өнөө цагт Монголын эдийн засгийг томоохон хөрөнгө оруулалт, Чингис бондын санхүүжилтээр л тогтворжуулсан нь зөв алхам болсныг өрнөж байгаа үйл явдлууд, тоо баримтууд гэрчилсээр байна.

Хэрвээ Чингис бондыг гаргаагүй бол дэлхийд өрнөж буй явцыг дагаад Монголын эдийн засгийн өсөлт царцах байлаа. Гадаад орчин таагүй нөхцөлд Чингис бонд хамгаалалтын бүрхүүл болж эдийн засгийн бодит секторуудыг дэмжсэн юм.

Монгол Улсын эдийн засаг энэ жил дор хаяж 10 хувиар өсөх бодит төлөв байгаа нь Чингис бондын нөлөө юм. Одоогоор Чингис бондын зарцуулалтын 77 хувь нь тодорхой болсон. Үлдсэн 23 хувийг стратегийн ач холбогдол бүхий салбаруудын хөрөнгө оруулалт болж зарцуулагдана.

Дэлхийн хөгжилтэй улс орнууд эдийн засгийн хямрал тулгарсан нөхцөлд юу хийдгийг ажиж байхад ажлын байрыг олноор бий болгох дэд бүтцийн салбаруудад ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Энэ нь иргэдийнхээ орлогыг хамгаалж, ажилгүйдлээс сэргийлдэг үндсэн арга юм. Энэ жишгийн дагуу Шинэчлэлийн Засгийн газраас 12 аймгийн төвийг нийслэлтэй холбох 1800 км авто замын төсөлд 570 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.Өнөөдрийн байдлаар 855 км авто зам, 260 км далангийн ажил хийгдэж, 300 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

Авто замд оруулсан хөрөнгө салхинд хийсээгүй. Ажилчдын цалин хөлс болон бусад худалдан авалт хэлбэрээр монголын иргэдэд очиж тэдний орлогод нэмэр болж байгаа. Зам тавьсны өгөөж, ач холбогдлын талаар тоочих нь илүүц биз. Уудам нутагтаа таруу амьдардаг монголчууд үүнийг төрөлх зөнгөөрөө тооцоолоод гаргачих байх.

Дэд бүтцээ хөгжүүлснээр бүс хоорондын солилцоо, харилцааг түргэсгэх, тээвэрлэлтийг хямдруулах ач холбогдолтой. Хамгийн гол нь уул уурхайгаас олох орлогоо батлагаажуулах, өртгийг бууруулахад дэд бүтэц л туслана.

Тиймч учраас Тавантолгой-Сайншанд-Чойбалсан, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд нийт 1800 км төмөр зам барихаар Засгийн газар төлөвлөж, нийт ажлын 20 хувь нь хийгджээ. 2015 онд гэхэд шинэ төмөр зам ашиглалтанд орно. Түүнчлэн Чингис бондын хөрөнгөөр Тавантолгойд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Дэд бүтцийн төслүүд хэрэгжснээр уул уурхайн өрсөлдөх чадвар дээшилж, үйл ажиллагаа нь эрчимжин, экспортын орлого нэмэгдэх юм.

Тэгэхээр Чингис бондыг “өр” гэж ташаарахаа болих хэрэгтэй. Зээл бол зах зээлийн эдийн засагт байдаг түгээмэл хэрэгсэл. Зээлийг мөнгөний оновчтой зарцуулалт, урсгалын төлөвлөлт гэдгийг ойлгохгүй, коммунист араншингаар хандсаар байх аваас бид хэзээ ч хөгжихгүй.

Дэлхийн улс орнуудаас Монголтой ойролцоо хүн ам, эдийн засгийн хэмжээтэй улсуудад гадаад зээлийн хэмжээ, ДНБ-ий харьцаа нь 50-70 хувьтай байна. Үүнийг хэвийн харьцаа гэж үздэг ажээ. Монгол Улсын гадаад зээл ба ДНБ-ий харьцаа 2012 онд 53.3 хувь, 2013 оны байдлаар 49.8 хувь байна. Засгийн газар нэмж 2.1 тэрбум ам.долларын зээл авбал гадаад зээлийн харьцаа 2014 онд 50 хувьд хүрнэ.

Ингэх нь зохистой хэм хэмжээ. Монгол улсад чамлахааргүй их нөөц, өргөн боломж, бүтээгдэхүүнээ борлуулах аварга зах зээлүүд байгаа. Товчхондоо их мөнгөний үнэр ханхалж байна. Эдийн засгийн хурдац, түргэн хөгжлийн тухай мөрөөдөж байгаа хэн боловч гадаадын хөрөнгө оруулалт, гадаадаас татах хямд зээлд тулгуурлах ёстойг Өмнөд Солонгос, Тайван, Малайз, Хонгконг, БНХАУ зэрэг ойрын хөршүүдийн жишээ бэлээхэн харуулж байна.

Инфляци өсөх нь аймшигтай зүйл мөн үү?

“Инфляцийг өсгөж, иений ханшийг сулруулна” гэсэн уриатай Абэгийн Засгийн газрын эрчимтэй бодлогын үрээр нэг ам.доллар 84 иен болж, Никкей 225 индекс 2 хувиар өсч, инфляц 1 хувиар өслөө. Японы төв банкны ерөнхийлөгч Ширакава “Японы санхүүгийн систем бүхэлдээ тогтворжиж, эдийн засаг сэргэж эхэллээ” гэж итгэлтэйгээр мэдэгдэв. Японы дотоодод болон гадаадад энэ мэдээг баяр хөөр болон угтав. Харин Монголын сөрөг хүчинд бол энэ маш ойлгомжгүй мэдээлэл ажээ.

Яагаад гэвэл МАН инфляциас үхтлээ айдаг юм. Энэ нь бас л тэдний хууч өвчин. Коммунист дэглэмийн үзэл сурталд “хөрөнгөт нийгэмд инфляци гэж мангаа байдаг агаад тэр нь хөдөлмөрчин олон түмнийг мөлжих хэрэгсэл” гэдэг байлаа. Гэтэл өнөөх хөрөнгөт нийгмийнхнь гол төлөөлөгч Япон улс яавал инфляциа өсгөх вэ хэмээн толгойгоо гашилгаж байх юм.

Экспорт давамгайлдаг эдийн засагтай улсуудын хувьд дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш чангарах нь дифляци үүсгэх, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг өсгөснөөр экспортыг бууруулах, дотоодын хөрөнгө оруулалт гадагшаагаа дайжих, өрсөлдөх чадвар буурах зэрэг сөрөг үр дагаврыг авчирдаг учраас Японы үе үеийн Засгийн газрууд иенийн ханшийг сулруулах тал дээр чадах бүхнээ хийх гэж чармайж иржээ.

Энэ жил ганцхан төгрөгийн ханш суларсангүй. Энэтхэгийн рупи, австралийн доллар үлэмж хэмжээгээр суларчээ. Шалтгаан нь олон байгаа ч гол нь “china mining boom” зогссоных гэдгийг олон улсын эрдэмтэд судлаачид хэлж байна. Харин манай сөрөг хүчнийхэн хууч өвчиндөө баригдан “инфляцийг бууруулж, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг хамгаалах арга, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоохыг”  Засгийн газраасаа шаардаж хийрхэв.

Тэд “china mining boom”-ын оргил үе – 2011 онд 21.2 сая тонн нүүрс экспортлосныг өөрсдийнхөө шууд амжилт хэмээн эндүүрч, цаг үргэлж үүнийгээ дурсдаг.

Үнэн хэрэгтээ бол Монгол улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрэхэд хамгийн гол нөлөөлсөн зүйл нь МАН-ын мэргэн бодлого бус хятадын үйлдвэрлэгчдийн эрэлт байсан билээ. Тэр үед Монголын эдийн засагт гаднаас цутгасан асар их хөрөнгө оруулалтын нөлөөгөөр төгрөгийн ханш чангарах үзэгдэл ч гарч байсан. Тэр үед инфляци гаарч 15 хувьд хүрч байсныг сөрөг хүчин дурдах дургүй. Одоо Монгол банк инфляцийг 8,8 хувьд барьж байгааг тэд буруутгасаар байгаа.

2009 – 2011 онуудад Оюутолгойн зэс алтны аврага ордынбүтээн байгуулалтын ажил өрнөсөнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өсөж байлаа. Харин 2013оны эхнээс Оюутолгой төслийн гол бүтээн байгуулалтууд баригдаж дууссантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын урсгал татарсан нь үнэн. Гэхдээ энэ нь Засгийн газрын үйл ажиллагаатай ямар ч уялдаагүй юм. Байшин бариад дуусчихвал хөрөнгө оруулалт багасах нь мэдээж хэрэг биз дээ. Гаднаас орж ирэх валют багассан нь төгрөгийг бодит ханшин дээр нь эргүүлэн аваачиж, ханш нь суларч байгаа нь хэвийн үзэгдэл юм. 2008 оны 11 сард ам.доллар 1115 төгрөг байжээ. Одоо 1687 төгрөг болсон. Энэ хооронд ханшийн сулрал 46 хувь байна. Тэгвэл дурдсан хугацаанд жил бүрийн инфляцийн нийлбэр 75 хувьд хүрчээ. Төгрөгийн ханш нь инфляцитай нягт уялдаатай байх ёстой гэж үзвэл төгрөгийн ханшны сулралыг байх ёстой хэмжээнээсээ доогуур байна гэж үзэх ч үндэслэлтэй юм. Төгрөгийн ханшны сулрал нь бидэнд дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэхийн чухлыг сануулж, үйлдвэрлэлд хөрөнгө оруулах боломжийг нээж өгч байгааг бид үнэлэхгүй өнгөрч болохгүй.

2009-2011 онуудад Хятадын асар их хэрэгцээ даяар эдийн засгийн өсөлтийг тодорхойлж байлаа. Үүнийг бид биш Австрали, Индонези зэрэг түүхий эдийн эскпортоос хамааралтай орнуудын удирдагчид хэлж, зөвшөөрч байна. Хятадын эдийн засгийн галзуу хурд саарсан нь Европ, Хойд Америк дахь гол худалдан авагчдынх нь санхүү, эдийн засгийн чадамж буурсантай холбоотой. Товчхондоо бол даяар эдийн засгийн хамаарлаас шалтгаан бүс нутаг орон бүрт хүндрэл учирч байгаа. 

Хятадын дээд удирдлага солигдсон зурвас үе эдийн засагт нь тодорхойгүй байдал үүсгэснийг ч ажиглагчид хэлж буй. Хятадын шинэ удирдагчид эдийн засгийн өсөлтийг тогтвортой байдалд хадгалах, дэврүүн бус прагматик хандлага баримтлах нь тодорхой болж ирсэн үеэс даяар эдийн засагт ч нааштай өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үеэр нотлож, 1 тэрбум тонн нүүрс Монголоос худалдан авах тохиролцоо хийгдлээ.

Австралийн шинэ Засгийн газар экспорт багасаж, ханш суларсан, инфляци өссөн зэрэг үзэгдлүүдэд хийрхэл, муушаал гэхээсээ ухаалаг, прагматик бодлогоор хариу барьж байна. Тэд ханш суларсныг дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх таатай боломж хэмээн үнэлж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд уул уурхайдаа илүү таатай, хөнгөлттэй нөхцөлүүдийг бий болгож байна. Тони Эбботын тэргүүлсэн Австралийн Либерал Үндэсний Нам засгийн эрхийг авсан даруйдаа “cut, cut, cut” хэмээх маанийг эргэлдүүлж, үргүй зардлуудыг танаж, төрийн албаны нүсэр бүтцийг хөнгөлөхөөр чармайж байна.

Монголд ч гэсэн “авлигажсан төсөв” хэмээх үргүй зардлыг тайрч хаясан нь сөрөг хүчний бухимдлыг ихээр төрүүллээ. Учир нь МАН-ынхны тансаглал, үрэлгэн зан нь төсөвт сонирхлоо суулгадаг байсантай нь холбоотой байсан юм.

Өнөөдөр Монгол улсын эдийн засагт хүндрэл учирч байгаа ч өсөлтөө хадгалж байна. Бидэнд дотооддоо нэгнийгээ муучлах, хоорондоо түлхэлцэхээс илүүтэй гадаад өрсөлдөгчдөө дотоод эв нэгдлээр давж гарах, хоорондоо бус дэлхийтэй өрсөлдөх хэрэгцээ, шаардлага юу юунаас илүүтэй тулгарч байна.

Ийм түвэгтэй цаг үед цөөнхи хүндрэлийг хямрал болгон хувиргах, инфляцийг сүйрэл болгон харуулахыг хичээж байгаа нь монголчуудын эрх ашиг мөн үү?  

Их мөнгөний үнэр зөв бодолтнуудад боломж харагдуулж, бүтээн байгуулалтанд дууддаг. Харин буруу санаатнуудын жөтөөрхөл, барьцаа, дэгээ тавих хуучийг хөдөлгөж байх шиг байна.

Мөнгөний үнэр-Монголын үнэр  болох болтугай.

А.ЧАНДМАНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж