
-Цагдаагийн албан хаагч хэргийг мөрдөх явцдаа сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн талаарх гомдол хэр их ирдэг вэ?
-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өнгөрөгч 2003 оноос хойш цагдаагийн албан хаагч мөрдөн байцаалт явуулахдаа эрүүдэн шүүсэн гэх 256 гомдол ирсэн. Үүнээс 46 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагаа явуулж, 31 хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлж, 10 хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн. Ер нь сэжигтэн болон тэдний ар гэрийнхний зүгээс манай албанд ирүүлэх эрүүдэн шүүхтэй холбоотой өргөдөл, гомдол сүүлийн үед ихэсч байна. Энэ нь мөрдөн байцаах ажиллагаанд эрүү шүүлт байгаа гэдгийг нотолж буй хэрэг. Үүнтэй бид бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй.
-Тэгээд үүний эсрэг хэрхэн тэмцэх ёстой юм бэ?
-Хэлэлцүүлгийн явцад “Ял завших болон сэжигтнийг эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах, ийм үйлдэл гаргасан бол таслан зогсоох шаардлагатай” гэсэн саналыг олон хүн дурдаж байна. Үүнээс үзэхэд, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах явдал гаргаж буй хүнийг ял завшихаас сэргийлэх үүднээс үр дүнтэй, хараат бус мөрдөн шалгах механизм байгуулах шаардлага гарч байна гэж ойлгох нь. Монгол Улс 2002 онд Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх зэрэг бусад хэлбэрийн эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл Монголын хууль тогтоомжид нарийн өөрчлөлт оруулаагүй л байна. Тэгэхээр нэн түрүүнд хуулийн заалтад нарийн зохицуулалт хийх шаардлагатай болов уу.