Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн дүү Инглак Чинаватра улс төрд одтой байгаа. Тайландын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон Инглак Чинаватраг “Ахынхаа нэр төрийг сэргээх зорилготойгоор Өршөөлийн тухай хуулийг баталсан” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. Тэрбээр уг хуулийг батлахаасаа өмнө парламентын зөвлөлдөө хүсэлт гаргасан ч шийдтэй хариу авч чадаагүй тул Өршөөлийн тухай хуулийг дур мэдэн баталсан гэнэ.
Ингэснээр Инглак Чинаватра ахдаа эх орондоо ирэх боломж олгож байгаа юм. Инглак Чинаватраг Өршөөлийн тухай хуулийг баталсан даруйд Тайландын улс төрийн зарим хүчин хүчтэй эсэргүүцэж, огцрохыг шаардаж эхэлсэн. Үүгээр ч үл барам Тайландын зарим хотод иргэдийн эсэргүүцэл хүчээ авч байгаа аж. Магадгүй Таксин Чинаватра энэ бүхнийг мэдэж байгаа учир эх орондоо тийм ч хурдан очихгүй л болов уу.
Тэр бол туршлагатай улстөрч . Тиймээс асуудал намжсаны дараа Тайландад хөл тавих болов уу. Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Өршөөлийн тухай хуулийг Ерөнхий сайд Инглак Чинаватра өөрөө боловсруулж, дур мэдэн баталлаа. Түүний ахыгаа аврах гэсэн оролдлого ийнхүү амжилттай боллоо” гэх мэтээр мэдээлсээр байна.
Өршөөлийн тухай хуулийг Тайландын ард түмэн хэрхэн хүлээж авах нь чухал биш ч гэлээ Таксин Чинаватра уг хуулиар далимдуулж эх орондоо хөл тавих юм бол асуудал ар, араасаа ундрах магадлал өндөр гэдгийг ажиглагчид тайлбарлаж байна. Гэхдээ уг хуулийг Тайландын ард түмэн бүхэлдээ эсэргүүцээгүй байгаа юм биш гэдгийг энд онцлох нь зүйтэй. Ерөнхий сайд Инглак Чинаватра ч энэ нөхцөл байдлыг эртнээс тооцоолсны үндсэн дээр Өршөөлийн тухай хуулийг баталсан нь дамжиггүй юм. Нөгөөтэйгүүр Инглак Чинаватра ганцаараа уг хуулийг батлах саналыг гаргаагүй бөгөөд намынхан нь дэмжсэн болоод л Өршөөлийн тухай хуулийг баталсан байж магадгүй гэсэн хардалт Тайландчуудын дунд байгаа аж.
Харин Тайландын парламентын сөрөг хүчин Ерөнхий сайд Инглак Чинаватрагийн ахыгаа өршөөсөн агуулга бүхий хуулийг сайн ойлгож байгаа гэлтэй ямар нэг байр суурь илэрхийлээгүй хэвээр байна. Таксин Чинаватрагийн хувьд эх орондоо ирлээ гэхэд улстөрд орох ямар ч боломж байхгүй. Үүнийгээ ч тэрбээр сайн мэдэж байгаа.
Ахынхаа төлөө л улс төрд хөл тавьсан гэж Ерөнхий сайд Инглак Чинаватраг зарим хүн дүгнэдэг. Таксин Чинаватраг улс төрд хүчтэй байр суурь эзэлж байх үед Инглак Чинаватра бизнесийн салбарт хүчирхэг эмэгтэй байсан. Түүний улстөрд хөл тавьсан шалтгаан нь Тайландын ард түмний амьдралыг дээшлүүлэх байсан гэдэг. Тэрбээр ийм л цорын ганц зорилготойгоор улс төрд хөл тавьсан гэдгээ мэдэгдэж байсан. Тэрбээр бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байхдаа 1988 онд улс төр судлал, төрийн удирдлагын мэргэжлээр их сургууль дүүргэсэн байдаг. Улс төрийн хүрээнд орж ирсэн даруйдаа “Эвслийн Засгийн газар байгуулна” гэдгээ мэдэгдэж, ард түмнийхээ итгэлийг олж авсан.
Тайландын ард түмэн Инглак Чинаватрад итгэл хүлээлгэн сонгуулийн үеэр саналаа өгсөн. Гэхдээ тэрбээр санал хураалтын үеэр сонгуулийн ерөнхий хороо болон улс төрийн бусад хүчин ямар нэг будлиан үүсгэх вий гэж айж байснаа хожим илэрхийлсэн байдаг юм. Гэвч Инглак Чинаватра ялалт байгуулж, сөрөг хүчнийхнийг гайхшруулж байсан нь саяхан. Ерөнхий сайд болсных нь дараа түүний нэр хүнд олон улсад өндөр байсан нь ард түмэнд нь таалагдаж байв. Мөн сөрөг хүчнийхэнд ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүй байсан нь ч хэн, хэнд нь амар байсаар өдийг хүргэсэн.
Харин ахынхаа нэр төрийг сэргээх гэж Өршөөлийн тухай хуулийг баталсан нь олон улсад түүний талаар ямар сэтгэгдэл төрүүлж буй талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, “Тайландын Ерөнхий сайд Инглак Чинаватра гэр бүлийн үнэт зүйлийг нэн тэргүүнд тавьж байгаа бол ахынхаа асуудлыг зохицуулчихаад албан үүргээ хүлээлгэн өгөх байх. Харин улс төрд баттай байр суурьтай байж Ерөнхий сайдын үүргээ ухамсарлан, тавьсан зорилгоосоо ухралгүй биелүүлэхийн тулд үйл хэргээ үргэлжлүүлэх юм бол ард түмэн нь зөв хүнийг Ерөнхий сайдаараа сонгосон болно” гэх мэт олон талын таамаг, шүүмжлэл Тайландын Ерөнхий сайдын шийдвэрийг тойрч эргэлдсээр байна.
Азийн орны хамтын нийгэмлэгийн чуулга уулзалтын үеэр Инглак Чинаватра ахынхаа талаар “Та бүхний зарим нь миний ахыг сайн мэднэ. Зарим нь бага зэрэг мэдэх байх. Би энд ахынхаа талаар өөрийн бодлоо илэрхийлэх эрхтэй гэж үзэн хэдэн үг хэлмээр байна. Тайландын ардчилалд шүүмжлэх сул тал олон бий. Нийгэм шилжих явцад ард түмэн маань олон асуудалтай тулгарсан. Хуулийг хүн бүр дээдлэх, ард түмнийхээ төлөө төр нь зүтгэх тогтлолцоог бий болгосон хүн бол миний ах” хэмээн хэлсэн.
Түүний илэрхийлсэн байр суурь өнөөдөр биеллээ олж байгаа ч алдаж эндсэн асуудал гарч ирж байна. Ямартай ч нийгэм өөрчлөгдөх мөчид Тайландын ард иргэд Инглак Чинаватрад итгэсэн шиг Таксин Чинаватраг уучлах сэтгэл зүрх байгаа эсэх нь цаг хугацааны асуудал болж хувирлаа. Таксин Чинаварта эх орондоо ирсэн ч хэсэг зуур харь нутагт байгаа мэт амьдрах нь тодорхой. Бусдаас нуугдан, алдагдсан нэр хүндээ эргүүлэн авах боломж үлдсэн амьдралд нь олдохгүй ч байж мэдэх юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
