Д.Дагвадорж аваргын хамрыг муруйлгаж, хацрыг нь зүсчээ

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Д.Дагвадорж аваргын хамрыг муруйлгаж, хацрыг нь зүсчээ

Эр хүн уйлдаггүй юм. Ээж, аавууд хөвгүүдээ ингэж сургадаг. Тиймдээ ч сүмо­гийн их аваргаа монголчууд уйл­на чинээ санаагүй. “Монгол тул­гатны 100 эрхэм” нэвт­рүүлэгт оролцохдоо “Сэт­гүүл­чид арай л дэндүү боор­лоод байна. Худал, үнэн мэдээллийг шүүрч аван муу­лаад байна. Би хэ­нийг ч зодож цохиогүй, аар­­хаа­гүй байхад…” гэж гом­дол мэдүүлэн цур­хир­сан. Зо­дуулж байгааг нь өмөөр­дөг монголчууд уйла­хыг нь хараад ууч сэтгэ­лээр өмөөр­сөн. Гэвч тэр бахь байдгаараа. 30 насыг хэ­дийнэ давсан эр хүн гэ­хэд намба суусангүй. Ба­цаа­нуудтай нударга зө­рүүлж, хамар нармайгаа нээлц­сээр. Монголд хайр­ла­маар, хүн­дэтгэмээр сайхан аваргууд олон бий. Тэдний нэг нь сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж. Түүнээс хүмүүс айдаг, одоо ч айж байгаа.

Би ч бас айж байна. Мууг нь үзэх гэлээ гэж өнөөдөр ч юм уу, маргааш ч юм уу, редакцид минь ороод ирэх вий гэхээс айж байна. Гэхдээ аваргын буурь зааж, монголчуудын хүндлэлийг бодоод үнэнээ хэлээгүйг нь бодохоор уур хүрээд байна. Хамгийн сүүлд “Петровис”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн эрх танхи хүүтэй нударга зөрүүлж, хамраа чихүүлж, хацраа зуушны хутгаар зүсүүлсэн юм билээ. Их аварга энэ мэдээллийг үгүйсгэж, хөдөө гадаа явж байна гэх тайлбарыг өгөв. Худлаа тайлбар шүү. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ сарын 1-ний шөнийн 03:19 цагт дуудлага ирж, цагдаа нар дуудлагын дагуу очиход  Их аварга Д.Дагвадорж, Б.Дөлгөөн гэх 30 настай залуу хоёр муудалцаж, зодолдон нэгнээ гэмтээсэн байж. Цагдаагийн газарт Д.Дагвадорж өргөдөл өгч, хоёр цагдаа түүнийг Шүүх эмнэлэгт үзүүлээд ир гээд явуулсан байгаа юм. Хүмүүс на­майг муулаад байна гэж нулимсаа үзүүлдэг их аварга “Хүн намайг ийм болгочихлоо” хэмээн уйлсан гэж байгаа. Гомдсондоо уйлсан уу, шаралхсандаа уйлсан уу, бүү мэд. Хэрэг явдал “Метромолл” их дэлгүүрийн зүүн суганд байрлах “VLVT” нэртэй бааранд өрнөжээ. Олны нүдэнд төдийлөн өртөөд байхааргүй, нууцлаг газар байрлах тус баар ч цаг хэтрүүлэн ажилласан бололтой юм. Энэ бааранд тэр шөнө “Horror forum party 2” буюу “Жинхэнэ аймшгийн хаалттай халловен” парти болсон гэнэ билээ. Б.Дөлгөөн гэгч залуу нь их аваргыг өдөж хэгжүүрхсэн гэх мэдээлэл бий. Хэн нь хэнийгээ өдөж хоргоосон ч бай, их аварга асуудлыг нударгаар бус үг хэлээрээ зохицуулчихсан бол гоё харагдах байлаа. Залууст ч үлгэр дуурайл болох байлаа. Гэвч тэгсэнгүй. Хоёулаа өмнө нь зодоон цохионы хэрэгт орооцолдож явсан болохоор хэн хэндээ мөчөөгөө өгөхийг хүсээгүй байж болно. Асуудлыг хурцатгаж, зодолдож, эцэстээ нэгнээ гэмтээжээ. Хайран нэр хүнд.  Баян айлын эрх танхи хүүг бодвол зууны манлай зааны гал манах отгон хүү, арлын орныг 16-хан настайдаа зорьж, дэлхийн хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хайрыг татаж чадсан, Японы эзэн хааны хүндэтгэлийг хүлээсэн цорын ганц сүмоч болохоор түүний нэр хүнд хэн хүнийхээс дээгүүр байх ёстой. Гэхдээ тэр энэ их нэр хүндээ бор дарснаас болж унагаж, сэвтүүлж явна.  УИХ-ын гишүүн асны хүүг нам цохиж унагасан, наадмын талбайд “морь харсан”, дэлгүүр түйвээсэн, япон рок одын хамрыг “чихсэн” гэнэ билээ. Их аварга Япон орныг хүндэлж, хайрладаг гэж ярьдаг. Тэгвэл Монгол орноо яагаад хүндэлж, монголчуудаа яагаад хайрладаггүй юм бэ. Д.Дагвадоржийн хийсэн бүтээсэн, байгуулсан гавьяагаар монголчууд хангалттай бахархсан, одоо ч бахархдаг. Харин энэ их хайр хүндлэлийг юман чинээ тоохгүй байгаад нь гоморхож байна. Тэр аархуу, хэгжүүн зантай байж болно. Гуч гарсан эр хүн “их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэх үгийг санаж буурь суухгүй бол Монголын ард түмэн хатуурхаж бас чадах л байх.

Б.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж