Манай сонин Монгол Улсад ардчилсан чөлөөт хэвлэл үүссэний 25, Монголын сонины холбоо байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан нийгмийн сэтгэл зүйг үндсээр нь өөрчлөхөд түүхэн гавьяа байгуулсан тэрхүү үйлсийн тэргүүн эгнээнд явсан эрхэм хүмүүсийн яриаг цувралаар хүргэж байгаа.
Цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор 1990 онд “Монголын дуу хоолой” нэртэй анхны хувийн сонин гаргаж байсан Р.Даваажавыг урьж оролцуулан үзэл бодлыг нь уншигч танд дэлгэж байна.
-Таныг мэргэжлийн гэрэл зурагчин хүн гэж сонссон. Ардчилсан хувьсгалаас өмнөх болон хойших таны амьдралыг сэтгүүлчийн, тэр дундаа гэрэл зурагчны хөдөлмөр тодорхойлсоор яваа гэж ойлгож болох уу?
-Тиймээ тэгж ойлгож болно.
-1990 оны Ардчилсан хувьсгалыг эхнээс нь сэтгэл зүрхээрээ дэмжин оролцохдоо Хэвлэлийн эрх чөлөөг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүссэн нь тодорхой. Одоо эргээд харж байхад 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл санаа тэмцсэн зорилгодоо хүрсэн болов уу. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Зөвхөн сэтгэл зүрхээрээ ч бус биеэрээ оролцож байсан билээ. Гэхдээ тэр үед хэвлэлийн эрх чөлөөг бий болгоё гэсэн чин зорилго байсангүй. Харин та ингээд асуулт тавиад, хүссэнээ чөлөөтэй илэрхийлж, бичих боломжтой байна гэдэг бол бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн шинж биз. 1989 он бол сайн цагийн эхэн байсан, одоо бид тэр сайхан ба сайн цагт амьдарч, аж төрцгөөж байна.
-Таныг 1990 оны Ардчилсан хувьсгалын дараахан “Монголын дуу хоолой” хэмээх анхны хувийн хэвлэлийг гаргаж байсан гэж сонссон. Анхны чөлөөт хэвлэлийг эрхлэн гаргахад багагүй бэрхшээл туулсан нь тодорхой. Олон хүндрэл бэрхшээлээс хамгийн хэцүү, зовлонтой нь таныхаар чухам юу байсан бэ?
-Анхны хувийн хэвлэл “Монголын дуу хоолой”-г гаргаж байсан тэр үед, чин үнэнийг хэлэхэд, бэрхшээл одоог бодвол үнэндээ бараг байгаагүй гэж болно. Мэдээж материаллаг талаасаа бол, улс даяараа цаасны хомсдолтой ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйл байсан боловч нийгмийн сэтгэл зүй харьцангуй эрүүл, аливаа зүйлийн хэм хэмжээг мэдэрдэг, бас ч гэж ёс суртхууны үнэлэмж нь одоогоос хамаагүй дээгүүр байжээ гэж бодогддог. Таны асуултад байгаа, “сонссон” гэдэг үг надад таагүй сэтгэл төрүүлж байна. Яг өнөөгийн монголын сэтгүүлзүйн гол гачлан бол сургаар, ховоор, “сураг сонсох” байдалтай байгаад оршиж байна гэж би үздэг. Харамсалтай нь, сэтгүүлчид уншихыг ч хүсдэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, товчхондоо, “өчигдөргүй”, магадгүй “маргаашгүй” ч байж мэдэхээр “өнөөдөр” болчихсон байна. Удаад нь, “онцлог юу вэ”, “бэрхшээл юу вэ” гэх мэт асуултыг сэтгүүлчид асууж баймааргүй байгаа юм. Хорвоо ертөнцөд онцлоггүй, бэрхшээлгүй юм гэж огт үгүй. Хэн ч бай дурлаад л хийж байгаа бол тэр ажлынх нь бэрхшээл жаргал болдог учиртай. Тэрнээс биш, орчин үеийн урлагийнхан шиг, “урлаг бол хэрцгий”, аав ээж минь үхцэн байхад би жүжиглэж байлаа ч гэх шиг, иймэрхүү хэнд, яах гэж хаяглаад байгаа нь мэдэгдэхгүй ялархуу сэтгэлгээгээр сэтгүүлзүй бас яваад байна уу гэж санагддаг, надад. “Онцлог нь юув, бэрхшээл нь юув”-тэйгээ хуучинсаг бас иргэдийн татвараар голоо зогоодог сэтгүүлзүй булшлагдвал таарна.
-Анхны чөлөөт хэвлэлийг үүсгэн хамтран зүтгэж, тэмцэж явсан нөхдийнхөө талаар товчхон дурсахгүй юу?
-Нөхөдсөөд байх зүйлгүй, тулгын гурван чулуу л байсан юм. Монголын дуу хоолой сонинг унаган багын минь найз, Гамма агентлагийг үндэслэгч, нэртэй фото сэтгүүлч Л.Ганзоригтойгоо хамт анх гаргасан юм. Гуравдах хүн буюу бид хоёрыг бүх талаар хамгийн их дэмжиж, сэтгүүлзүйн хувьд, бид хоёрын гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн, бидний хувьд хэзээ ч марташгүй гүн их ачтай хүн бол, сэтгүүлч Цасчихэр гуай маань байлаа.
-Хэвлэл мэдээллийн салбар бол дөнгөж ардчиллыг сонгосон оронд төдийгүй, хэдэн зууны ардчиллын түүхтэй орнуудад ч багагүй бэрхшээл, саадтай тулгардаг. Та яагаад заавал энэ амаргүй хөдөлмөрийг сонгосон хэрэг вэ?
-“Гоё өвдөв” гэдэг шиг, наанадаж хэлбэл, дуртайдаа, цаанадавал, хувь тавилангийн эрхээр л ийм “бэрхшээл”-ийг сонгосон хэрэг биз дээ. Тэрнээс биш, эх орон, ард түмнийхээ хөгжил цэцэглэлтийн төлөө, элдэв өнгийн соён соён гэгээрүүлж мэгээрүүлэх “ариухан” зорилго бол огтоос өвөртөлж байсангүй.
-Чөлөөт хэвлэлийн анхны шанг татлцаж явсан анд нөхөд тань одоо хаана юу хийж яваа бол?
-“Монголын дуу хоолой” сониноос хойш хэд хэдэн чөлөөт сонин гаргаж байсан. Тэр бүхэнд гар нийлэн ажиллаж байсан андууд минь өдгөө өөр өөрийнхөө зам мөрөөр, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлээд бүтээл туурвилаа туурвисаар яваа. Тэр олон найзуудаа тоочвол сонины зай багадна.
-Таны эмхлэн гаргаж байсан “Монголын дуу хоолой” сонин болон бусад анхны чөлөөт хэвлэлүүдийг байшингийн подваль, түрээсийн өрөөнд үзэл бодлоороо нэгдсэн хэдхэн хүн эхлэлийг нь тавьсан байдаг. Гачигдаж дутагдахын зовлонг хангалттай туулсан байх даа?
-Нэгдүгээрт, “Монголын дуу хоолой” сонинг би “эмхэлж” биш эрхлэн гаргаж байсан юм. Хоёрдугаарт, хүний хүсэл шунал хязгааргүй гэдэг үүднээсээ шунан гачаадаж байсан уу гэхээс, ажил хийхэд хэцүү зүйл надад хэзээ ч байгаагүй. Учир нь, би дандаа өөрийнхөө дуртай ажлыг, сэтгэл зүрхнийхээ угаас хийдэг байсан болохоор аз жаргалтай байсан, одоо ч тийм байдаг. Мэдээж, өөрийн гэсэн оффисгүй, авсаархан хэвлэлийн газрын хувьд түрээслэн конторлоход ямар ч зовлон байхгүй. Товчхондоо хэлэхэд, гачигдаж дутагдахын зовлонг “хангалт”-гүй туулсан даа.
-Таны бодлоор чөлөөт хэвлэл, чөлөөт сэтгүүлзүй монголын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ. Хүн болгон л энэ талаар өөр өөрийнхөөрөө дурсдаг л даа. Харин чухам таны бодлыг өнөөдрийн өндөрлөгөөс сонсоход сонин байна?
-Ер нь тухайн үеийн хэвлэл мэдээллийн салбарт байсан нөхдөө одоогийн энэ цаг үеэс ажихад, байшин сав барих, үл хөдлөх хөрөнгийн бизнес хийх, мэдээллийг арилжих сэтгэлгээгүй байжээ гэж бодогддог. Чухамдаа бол ерээд оны эхэн, зурвасхан үед бол хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийг бодитойгоор түгээх, сэтгүүлзүй харин ч жинхэнэ утгаараа гэдэг шиг, зөв голдирлоороо аятайхан явж байжээ гэж боддог. Гэхдээ яах вэ, одоо ч гэсэн тийм ч муу юм бол алга. Нялх хүүхэд хөлд орохдоо заавал шургачиж духаа шалбалдгийн адил манай сэтгүүлзүй ч гэсэн өөрийхөө хөгжлийн жамаар, “нялхсын өвчнөө” тусаад, тэр бүрийдээ өөртөө дархлаагаа буй болгоод явах ёстой замаараа явж байна гэж боддог. Хэсэг хүмүүс, хэвлэл мэдээллийг хөрөнгөжих, албан тушаалд хүрэх шат болгож ашиглаж ч байх шиг, мэдээллийг хов жив болгож ч байх шиг, үнэнийг өөртөө ашигтайгаар арилжиж ч байх шиг. Гэхдээ энэ бол хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн буруу зөрүү гэхээсээ илүүтэй нийгэм өөрөө,стандарт бус гэх үү, эрүүл бус гэх үү иймэрхүү зүйлийг хүсээд, хүлээж аваад, өөгшүүлээд, тэрэнд нь хууртаад, тэр нөхдийг “соёолж ургах” хөрс суурь нь болоод байгаад “бэрхшээл” нь байгаа юм. Хүүхэд эхийнхээ хаанаас төрөхийг жам ёсны гэдэг билээ дээ. Харин жам бусаар төрөх үзэгдэл байвч тэр нь ховорхон, нийтээрээ стандарт бус явдал гэж хүлээж авдагтай адил нийгмийн сэтгэл зүй тэгширсэн цагт аяндаа аятайхан болчих биз дээ.
Орчин үеийн “сэтгүүлч нөхөд”-ийн хувьд гэвэл, мэргэжилдээ хайртай дуртай сэтгүүлч цөөн боловч байгаа хэдий ч, дээр хэлсэнчлэн, баас байгаа цагт ногоон ялаа байж л байх жам ёсоор, хэвийн бус сэтгүүлзүйд ажиллах хэвийн бус сэтгүүлчид ч бас байж л байдаг. Энэ бол гайхаад бас эмзэглээд байх зүйл биш, учир нь, тэд аяндаа “хүйтрээд” ирэхийн цагт жамаараа алга болцгооно. Гэхдээ, хөлдсөн ялаа хавар гэсдгийг санаж, сэрэмжтэй байхад илүүдэхгүй.
-Таны талаар олон сонирхолтой яриа байдаг. С.Зориг агсны эмгэнэлт зургийг хамгийн анх авсан гэж яригддаг. Энэ талаар дурсаж болох уу?
-Зоригийн ямар ч эмгэнэлт зургийг би авч байсангүй. Харин С.Зоригтой холбоотой түүхэн үйл явдлуудын зургуудыг бол авч байсан.
-Та монголд ардчилсан чөлөөт хэвлэлийн эхийг тавилцчихаад олон жилийн дараа яагаад энэ салбараас хөндийрсөн юм бэ. Ямар нэгэн учир шалтгаан бий юу?
-Нэгдүгээрт, сэтгүүлзүйг орхиж байх үеийн нөхцөл байдал, миний дотоод итгэл үнэмшилтэй зөрчилдөх болсон. Хоёрдугаарт, “Цагаан сараас илүү гоё” гэдэг шиг илүү гоё юм руу тэмүүлсэнд учир шалтгаан оршин байгаа. Гуравдугаарт, “Түрийний бөөс толгойд гардаггүй” гэж нэг үг бий. Бөөсөнд хүртэл “цаанаас нь” заагаад өгчихсөн, оршин суух хуваарьт газар байдаг байх нь байна шүү дээ. Би бол өөрийгөө, өөрийнхөө байх ёстой газартаа байгаа “бөөс” л гэж боддог.
-Таныг лам болсон гэж дуулсан. Лам болоход таны хувийн үзэл бодол нөлөөлсөн үү, аль эсвэл удам судар байгаа хэрэг үү?
-Дуулдах юу байхав дээ, болчихсон нь үнэн. Үзэл бодол гэхээсээ илүүтэй зүгээр л сониуч зан минь илүү ихийг мэдэхийн чин хүсэлтэй хамт зуузай холбосон хэрэг. Морины урд хөл бүдрэхэд хойд хөл буруугүй гэдэг шиг удам судар огт хамаагүй дээ. Лам хуврагууд, миний ийм тиим, өд төд дэх удамд ингэдэг тэгдэг лам мам байсан майсан гэж бахархангуй ярихыг хараад би гайхдаг. Нөгөө, улстөрд байдаг шиг, би агаагынхаа, аниагийнхаа,хадам эхийнхээ “үйл хэргийг” дуусганаа гэдэг шог гараатай адил санаа юм болов уу даа зайлуул.
Ингэхэд ер нь, бусдын өмнүүр орж, хаа хамаагүй үхсэн хатсан хүний ба удам судрын нэр барьж, тэгж их үргэлжлүүлээд байхаар үнэ цэнтэй “үйл хэрэг” байдаг болов уу, айн. Та юу гэж бодож байна.
-Улстөр, бизнесийн тодорхой хүрээнийхэн сонин, хэвлэлийг дээшээ өндөрлөгт гарахдаа ашиглах хэрэгсэл гэж боддог бол зарим нэг нь бараг л хогийн сав мэтээр аягладаг. Эдгээр хандлагыг та хэрхэн дүгнэдэг вэ?
-“Нэг тэрэгний хоёр дугуй”, би дунд нь орчихвол гурвуулаа мөн ч хол өнхөрнөө дөө гэдэг шиг, сэтгүүлзүйн бие бүрэлдэхүүн нь өөрсдөө эрхэмсэг оршихуйгаа уландаа гишгэж байгаа учраас л бусад хүмүүс ашиглаж байгаа хэрэг. Цэмцийсэн айлд орсон хүн биеэ хянадаг биз дээ. Өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, өөрийн үнэт зүйлгүй, итгэл үнэмшилгүй, төрсөн эхээ хүртэл арилжааны хэрэгсэл болгохоос сийхгүй, хэтэрхий гэмээр хоноцын сэтгэлтэй хүмүүс сэтгүүлзүйд гэнэт бөөнөөрөө орж ирснээс л ийм юм болж байгаа юм даа. Түүхий эдийн ченж, газрын наймаачин, нийтийн зовлонг арилжигч дурын нэг халтар нөхрийг, тавхан төгрөгийн төлөө хэн нь пиардаж улстөрч болгож толгой дээрээ залсан билээ. Хэн тэднийг эрх мэдэлд хүргэсэн билээ. Сэтгүүлчийнхээ бичих эрх чөлөөг заазуурдах эрхийг тэдэнд хэн өгсөн гэж чи боддог вэ. Явж явж дээр хэлсэн тавхан төгрөгөөр үг хэлэх эрх чөлөөгөө өөрөө сольсон байж болох уу. Ингэж солих алхам хийсэн хүний амьдралынх нь үнэт зүйл юу байж таарах вэ. Гэхдээ өөрийгөө ч, эхийгээ ч арилжиж болох, үүнийхээ төлөө өөрөө төлөөсөө төлөх зарчимтай ийм нийгэмд амьдарч байна гэдэг чинь нөгөө талаараа эрх чөлөө мөн үү.
-Өнөөдрийн Монголын сэтгүүлзүйг эмэгтэйлэг, хов жив хөөцөлдсөн голдуу охидуудын хийдэг ажил болсон гэж шүүмжлэх нь их болж. Та гаднаас харж дүгнэж суухад тийм юм ажиглагдах юм уу?
-Ажиглагдахаар барах уу. Жендерийн позор болсон газар гэвэл мэдээллийн салбар байх. Зэлэн дээр үнээ саангаа хов хуучилж байгаа авгай нартай эгээ адил болсон байна. Хөдөөний чавганц нарын хов живийг чи нэг сонсоод үзвэл нэр хүндтэй сонинууд дээр гарч байгаа нийтлэлтэй нь бүр гэтэрхий ижилхэн байгаа. Юм уншдаггүй, дээр нь хөдөөнөөс хэтэрхий олон авгай нар сэтгүүлзүй рүү орж ирсэн байна.
Эр ба эм хүмүүсийн сэтгэн бодох чадвар, аливаад хандах хандлага угаасаа тэс өмнөө. Худлаа гэвэл чи ээж аав хоёрынхоо байцыг хараарай даа. Цөөхөн эрчүүд байдаг боловч орчиндоо уусдаг юм уу, хэтэрхий “бүсгүйлэг” гэх үү, трансхүйстэн маягийн шинжтэй байдал ч газар авсан. Товчхондоо хэлэхэд, монголын сэтгүүлзүй чавганцлаг, хөдөөлөг, бөглүүлэг болжээ. Мэдээллийн хэрэгсэл нь хүртэл “мэдээлэл”-гүй болсон юмдаг уу даа. Бөглүү газрын нэг авгай гүйж ирээд л, сэтгүүлчийн ажлыг наанадаж хүнтэй танилцах, цаанадаж биеэ үнэлэх арга болгоод ч байгаа юм шиг, тэгж байснаа л нэг газрын хэвлэлийн албаны дарга болоод ч байх шиг, болохгүй ч байх шиг, ёстой самуурмаар.
Бас нэг хөндмөөр зүйл бол, сэтгүүлзүйн салбарыг утга зохиолоос ялгаж салгаж ойлгомоор юм шигээ. “Тийм нэртэй, ийм голын хөвөөнд, эсвэл нутгийнхаа тэр жалганд, Дорж гэдэг бор залууд яалгуулсан ийлгүүлсэн минь үгүй мөн уянгатай яа, муянгатай яа” гэдэг чинь сэтгүүлзүйн төрөлд хамаарах уу, яахав. Мэдээллийг шүлэглэсэн уянгалсан найраглал маягаар дамжуулаад байвал ямар байхав.
-Сэтгүүлчийн ажил цаг наргүй хүнд хөдөлмөр. Сүүлийн үед даацтай нийтлэл, эрэн сурвалжлах чиглэлийн сенсаци дагуулсан баримт нотолгоо сайтай мэдээлэл хомсдож байгаа нь үнэн. Таны илчилж шуугиан тарьж байсан “амьд ус”-ны талаарх шиг нийгэм алга ташин хүлээж авах материал бэлдэхийн тулд залуу сэтгүүлчид чухам юун дээр голлон анхаарвал зохилтой юм бол?
-Би хүнд хөдөлмөр гэж бодохгүй байна. Одоо бол бүр биеэ оторлохын тулд, эсвэл өөрсдийхөө алхиагүй байдлаа хаацайлахын тулд л тэгж хэлдэг болсон юм уу гэж боддог. Заавал даацтай нийтлэл бичихийн тулд хөгшин юм уу залуу байх албагүй, зүгээр л төлөвшсөн, ажил хийх арга барилд суралцсан ХҮН байх хэрэгтэй. “Залуу сэтгүүлчин” гуай нарт зөвлөхөд байх ёстой газар луугаа, чадах ёстой ажил руугаа эртхэн явбал л өөртөө төдийгүй нийхэмд хэрэгтэйн болов уу. Нөгөө талаар, сэтгүүлчид заавал аль нэг сонирхолынхоо чиглэлээр мэргэшихгүй бол, сэтгүүлч гэдэг чинь мэргэжил биш болоод удаж байна шүү дээ. 45 хоногийн курс төгссөн жолооч бүхэн, би жолооч мэргэжилтэй хөөөөөн гээд яваатай л адилхан сонсогдож байгаа юм. Тэгсэн хэрнээ, би сэтгүүлч хүн, үхтлээ ажилладаг ядарсан хүн гэж ч байх шиг. Юу ч хийхгүй байгаадаа л ядардаг юм болов уу.
-Ер нь хэвлэл мэдээлийн салбар бизнесийн талбар мөн үү. Сүүлийн үед бүх л хэвлэл мэдээллийн ард мөнгөтэй улстөрчид, том бизнесменүүд байж хэвлэн нийтлэх бүх л материалд нь цензур тогтоодог болсныг энэ салбарт ажилладаг захын хүн хэлнэ. Гэтэл нийгэм, ард түмэн үнэн бодит, баримттай мэдээлэл шаардаад байдаг. Энэ хоёрын зөрчил арилах цаг ирэх болов уу?
-Ер нь, мэдээлэл бол бизнес, бас мөнгө мөн шүү дээ. Мэдээж, бизнес нь зөв гольдролтой байхын тулд мөн л зөв орчин, хэрэглэгч байх хэрэгтэй. Харин яг одоогийн байдлаар үнэн бодит мэдээллийг нэг их хүлээж ядаад, тачаадаад байгаа нийгэм бас ард түмэн байхгүй л болов уу. Хэрэглэгчийнх нь төвшинд таарсан сэтгүүлзүй байна гэж боддог. Үүний тулд нийтийн боловсрол өөр төвшинд хүрсэн байх ёстой, мэдээллийг ганц бус хэд хэдэн хэлээр авдаг, тэр төвшинд анализ хийдэг байх ёстой. Харин тэр цагт сэтгүүлзүйд байгаа энэ олон хов хөөцөлдсөн “саальчин авгай” нар жинхэнэ “юм”-аа саахаар яван одох байлгүй дээ. “Ямар ард түмэн байнав түүнд нь таарсан төр байна” гэдэг шиг одоогийн сэтгүүлзүй өнөөгийн цаг үеийн шаардлагад бол нийцэж байгаа байх аа.
-Редакцийн хараат бус байдал, сэтгүүлчдийн эх сурвалжаа нууцлах эрхийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би чамаас нэг юм асууя. Ухаандаа, чи гэж нэг мундаг сэтгүүлч, ажил хийдэггүй хэрнээ аягүй баян улстөрчийн тухай айхтар нууц материал олоод задлачихаж. Цагдаа шүүх чамайг дуудаж л дээ, “модоо нуухгүй бол нүдээ нуухгүйээ, би ямар хуулиар хариуцлага хүлээсэн нууцын эрхлэгч үү” хэлэхгүй гээд чи баатарлагаар гүрийлээ гэж бодъё, гэтэл танай эрхлэгч чамайг ажлаас чинь халчихна. Ажлаас халагдчихвал гэрт чинь үр хүүхэд, за байг гэхэд найз хүүхэн чинь тормойгоод хүлээж байна биз дээ. Иймэрхүү л маягаар яг гардаж ажилласан сэтгүүлчийн ходоодтой нь “тулж” ажиллаад байдаг болохоор хараат бус мус гэж одоохондоо ярих арай эрт байх шиг. Ухаандаа, чи үнэнийг бичсэний төлөө ажлаасаа хөөгдлөө гэхэд, чиний үнэн нийтлэлийг чинь үнэ цохиж аваад нийтлэдэг мэдээллийн хараат бус хэрэгсэл байдаг бол чамд альтернатив сонголт буй болно. Үүний тулд тэр хэвлэснийг нь авч уншдаг эрүүлээр сэтгэдэг чөлөөт уншигчтай нийгэм гэх үү, ард түмэн гэх үү байх хэрэгтэй. Амьдрал чинь өөрөө харьцангуй шүү дээ. Би сая дандаа “уран төсөөллийн жишээ” л авч ярилаа шүү.Тэрнээс биш танай дарга нарыг тэгэлцсэн гэж хэлээгүй шүү, бурхан минь.
-Цаасан хэвлэлийн ирээдүйн талаар та юу хэлэх вэ?
-“Амьдрал нулимсанд дургүй” гэдэг кинон дээр, зурагтын оператор залуу хүүхэн найрч байхдаа, “хорин жилийн дараа театр, ном байхгүй болоод зурагт араажав л үлдэнэ” гэдэг дээ. Гэтэл 2-р анги дээр нь, хорин жилийн дараах амьдрал нь гарахад, нөгөөдүүл нь байж л байдаг биз дээ. Чи харж л байгаарай. Нөгөө талаасаа, амьдрал гэдэг чинь угаасаа “аналог” эд шүү дээ. “Дижитал” орчны ирээдүйн тухай хорвоо дэлхийгээр юу ярилцаж байгааг “гүүгэлдээд” үзээрэй л дээ.
Эх сурвалж: www.MorningNews.mn