Шинэ төрөхийн барилга дуншиж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Шинэ төрөхийн барилга дуншиж байна

Шинэ төрөх эмнэлгээ барих гэж дүлэгнэсээр байтал хэчнээн аав, ээжийн алаг үрсэд энэ хорвоод мэндлэх эрхийн бичигт хасалт хийв. Саяхны нэг өдөр анхны үрийн зулайгаа үнэрлэх гэж буй залуухан хос эл шалтгаанаар амьдын тамд унажээ. Учир нь нярайлахаар өвдөөд ирсэн эхийг II төрөхийн эмч нар манай харьяалал биш I төрөх рүү оч гэж. Сандарсан хосууд I төрөх эмнэлэгт очсон ч хүлээж авсангүй. Эцсийн найдвар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нарт хандахад нялх үр нь аль хэдийн эхийнхээ хэвлийд эндсэн байж. Бүтэн гурван цагийн туршид усгүй орчинд байсан бяцхан үр яаж ч амьд байх билээ. Энэ явдлын талаар эцэг, эхчүүд тухайн үед нь хэвлэл мэдээллийнхэнд ханджээ.
Төрөх эмнэлэг нийслэлд ус агаар шиг дутаг­дал­тай байгаа, эх баригч эмч нарын харилцаа, үйлчилгээний соёл ямаршуухан байгааг дүгнэхэд дээрх ганцхан жишээ л хангалттай.

Монгол Улсын хүн ам амын өсөлт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байна. Өмнөх жилүүд­тэй харьцуулахад жилдээ хоёр мянга хол давсан төрөлтөөр нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч төрөх эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйгээс энэ мэт явдал олширч сөрөг үр дагаврыг авчирч байна. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэг сэн. Сав нь хүрэлцэхгүйгээс төрөх эмнэлгүүд ачааллаа хүчирхэхээ байж эх, үр хоёр яс хагацангуут эмнэл­гээс гаргаж дараагийнхыг нь төрүүлж бай­гааг аль ч төрөхөөс харж болно. 300 ортой шинэ төрөх эмнэлэг барих талаар энэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн яригдсан. Гурван жил боллоо. Өнгөрсөн лхагва гаригт шаваа тавьж байна. Яригдсан цагаас нь эхэлж тооцвол хэчнээн төрөх эмнэлэг барихаар цаг хугацаа өнгөрчихөж. Шаваа тавиад хэдэн жил болохыг төсөв батлагчид л мэдэх байх.

Барилгын зураг, төсвөө арайхийн шийдүүл­чих­сэн чинь газар олддоггүй гэнэ ээ. Хан-Уул дүүргийн Нисэхийн шинэ Спортын цогцолборт ордны ойролцоо, Төв аймаг руу явах замд газрын асуудлыг шийджээ. Дэд бүтэц тааруу, бараг л тал газар шавыг нь тавьчихлаа. Хотоос хол нь дүүрч гэж бодоход дөнгөж нярайлсан эхчүүдийн хоол, цай хөрөөд очих нь дээ. Амьд хүмүүс хойно арга нь олдох биз гэж найдья. Хурдан л бариасай даа. Хөрөнгө мөнгөтэйд барилга барих газрыг нь хууль бусаар ч атугай шийдээд өгч болдог хэрнээ бяцхан иргэдэдээ зориулаад төрөх эмнэлэг барих багахан хэмжээний газрыг нийслэлийн удирдлагууд яагаад чөлөөлөөд өгчихөж болдоггүй юм бэ? Чин сэтгэл дутсан уу, “А” зэрэглэлийн тэнгэрт хадсан үнэтэй газар хайран санагдсан уу, бүү мэд.

Гэтэл I төрөх эмнэлгийн нэг корпусыг хувийн эм­нэлгүүд түрээслээд буудаллачихсан. 30 гаруй жил насалсан II төрөхийн барилгыг нүд хуурсан засвараар аргалснаар ахиад нурах аюул нүүр­лэхгүй гэх газаргүй. III төрөх эмнэлгийн барил­гыг цаашид ашиглаж болохгүй гэдэг дүгнэлт гар­чихсан гээд төрөх эмнэлэг тойрсон асуудлууд их.

Нөгөө талаар хүүхдийн их эмч бэлтгэх тал дээр салбар хариуцсан яам анхаарал хандуулах, эмч мэргэжилтнүүдийн зан харилцаа, үйлчилгээний соёлд анхаарахгүй бол хэчнээн бяцхан үрсийн хувь заяанд харшилж байгааг хэлж мэдэх арга алга. Ачаалалдаа түүртсэн эмч нар өвдөөд ирсэн эхчүүдэд хатуу, ширүүн харилцах, харьяалалгүй тохиолдолд нүдэн дээр нь төрөх гэж байсан ч толгой сэгсрэн хөөх зэргээр хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаална гэж өргөсөн тангарагаа мартах бол энүүхэнд. Энэ мэтээр бидний ирээдүй болсон бяцхан иргэдээ иймэрхүү байдлаар угтаж авах ч гэж дээ. Эхээс энэ чигээрээ төрчихдөг хүн гэж үгүй болохоор ирээдүйн Монголын иргэдийг хүлээж авах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх нь энэ төр засгийн, бас эрүүл мэндийн салбарынхны хийх ёстой ажил биш гэж үү.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж