Эдийн засаг халж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Эдийн засаг халж байна

Монголбанкнаас сар бүр хийдэг уламжлалт хэвлэлийн бага хурал өчигдөр болж бодлогын хүүг 0,5 хувь нэмэгдүүлж, 11,5 хувь болгож байгаагаа зарлалаа. Өмнөх өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 27-нд Монголбанкны Захирлуудын зөвлөл хурал­даж, ийм шийдвэр гаргасан юм байна. Нэг хэсэг хөрөнгө даллах гэж үйлээ үздэг байсан Монголд асар их хөрөнгө урсан орж ирж байна. Дээрээс нь зөвхөн иргэддээ 21 мянган төгрөг олгох гэж төс­вөө 800 тэрбумаар нэмэгдүүлсэн төсвийн хэт халалт, мөн л нэг хэсэг зээл олгохоо тас зогсоогоод байсан банкууд мөнгөний урсгалтай болсон гээд нөх­цөл байдлууд төв банкийг мөнгөний бодлогоо чангат­гахаас өөр аргагүй болгосон. Цаашид мөнгөний бодлогыг чангатгаж болзошгүй гэж байна.

Арилжааны банкуудын нийт актив 50 хувь нэмэгдэж, зээл чөлөөтэй гаргахад бэлэн байна. Гэтэл уул уурхайн их алхаагаар далласан хөрөнгө оруулалт, дээр нь зээлийн нийлүүлэлтээр эрчимжсэн их мөнгөний урсгалыг Монгол Улсын эдийн засаг шингээж чадах уу, үгүй гэдэг асуудал тулгараад байгаа аж. Уг нь инфляцийн төвшин 2008 онд 34 хувь хүрээд байгаатай харьцуулахад бага буюу 7,9 хувь байна. Гэхдээ энэ нь хүнсний бүлгийн үнийг хасч тооцсон суурь инфляци. Ерөнхий инфляци нь харин үнийн өсөлтийн гол “мангас” болсон махны үнэ буурч байгаагаас 7,4 хувьтай гарсан. Ийнхүү суурь инфляци ерөнхий инфляциас давж гарч байгаа мөнгөний илүүдлийн гол дохио гэж Төв банк үзжээ. Энэ хэвээрээ байх юм бол оны эцэст инфляци 15-20 хувь хүрч болзошгүй гэсэн болгоомжлол байна. Өмнө нь Дэлхийн банкнаас төсвөө тэлээд л байх юм бол инфляцийн аюулын харанга дэлдэнэ гэж анхааруулж байсан. Харин одоо бол дахиад эдийн засгийн хямралтай тулгарч болзошгүй гэж Монголбанк анхааруулж байна. Бодлогын хүүг чангатгах нь мэдээж сөрөг талтай. Гэхдээ эдийн засгийн орчноо эрүүл байлгахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж төв банкныхан үзэж байна. Мэдээллээс харахад банкууд зээл олгох чадамж өндөртэй байгаа болохоор бизнесийн эргэлтэд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол үгүй бололтой. Гэхдээ төсвийн их тэлэлтээс болж инфляцийн харанга дэлдэж байгааг анхаарахаас өөр аргагүй юм. Ингээд иргэдийн хувьд сонирхож байгаа мэдээллийг товчхон хүргэе.

Орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулан олгох уу? Засгийн газрын хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг хэлэлцсэн. Харин Орон сууц санхүүжилтийн корпорациаар үргэлжлүүлэн олгох уу, арилжааны банкуудаар дамжуулах уу гэдэг шийдэл хараахан гараагүй байна. Банкуудын хувьд зургаан хувийн хүүтэй зээл олгох боломжгүй. Орон сууцны санхүүжилтийн корпорациар үргэлжлүүлэн дамжуулсан ч хүүгийн зөрүүг Засгийн газраас гаргах учраас төсөвт мөн л дарамт болно гэж Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан үзэж байна.

Валютын ханш өсөх үү? Сүүлийн 14 хоногт төгрөгийн ханш чангарч байгаа. Гэхдээ он гарсаар төгрөгийн ханш ердөө л 1,4 хувь чангараад байгаа гэлээ. Гэхдээ их хэмжээний мөнгөний урсгалыг дагаад төгрөгийн ханш чангарсан хэвээр байх хүлээлт тодорхой байгаа юм байна. Уул уурхайн салбарын өсөлтийг дагаад Монголд хүнд машин механизмын эрэлт хэрэглээ өсч байгаа. Энэ хэрээр гадагш гаргах валютын хэмжээ ихэсч, мөнхүү нефтийн хэрэглээ ч өссөөр байгаа гэнэ. Мөн шороон замаар нүүрс тээвэрлэн экспортлохыг түр хориглосонтой холбоотойгоор экспортын орлогод тодорхой өөрчлөлт орох бололтой. Харин нүүрсний салбарт эргэлддэг их хэмжээний мөнгөний эргэлт түр зогсох нь ээ.
Алт олборлолт өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Гэхдээ 2008 оноос Монголбанкинд тушаасан алт тав дахин багассан. Гэхдээ компаниудын олборлолтын талаар Ашигт малтмалын газарт байгаа мэдээллээр үйлдвэрлэл нь төдий хэмжээгээр буураагүй. Тиймээс одоо нэмэгдсэн гээд байгаа тушаасан алтны хэмжээтэй харьцуула харахад 68 хувийн татвараас болоод “далд ороод” байсан алт ямар нэгэн байдлаар хэдийнэ “зам”-аа олсон бололтой. Өөрөөр хэлбэл, хууль бус аргаар экспортлогдсон бололтой.

Эцэст нь байнга асуугдаж байдаг Анод банкны талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад Төв банкны удирдлагууд асуудал аль хэдийнэ шийдэгдсэн, хоёр жилийн өмнөөс албадан арга хэмжээ авч, эхний жил Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж, боломжит бүх арга хэмжээг авсан. Үүнд банкны чанаргүй зээлийн 40 хувийг төлүүлж чадсан. Үлдсэн муу зээлийн 80-90 хувь тус банкны хувь нийлүүлэгчидтэй холбоотой гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, одоо хуулийн байгууллагад шалгагдаж байгаа процетурынхаа дагуу шийдэгдэх бололтой. Эцэст нь шинэ мэдээлэл дуулгахад ирэх тавдугаар сарын 5-нд Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Шиаочуан Монголд ирэхээр болжээ. Дэлхийн нөлөө бүхийн таван хүний нэгд ордог Хятадын төв банкны удирдлага Монголд ирж байгаа нь том үйл явдал гэж төв банкныхан онцлон олзуурхаж байна лээ.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж