
Дэлхийн эрдэмтэд улс орнуудын хөгжил чухам хаана байна вэ гэдэг гарцыг урьдчилан гаргадаг. Энэ ч үүднээсээ Монгол Улсын хөгжлийн шинэ гарц Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын орчимд байна гэдгийг 10 гаруй жилийн өмнө НҮБ-аас гаргасан нэгэн сэтгүүл дээр нийтэлсэн нь бий. Тэр үед энэхүү мэдээллийг уншиж, сонсч байсан хүмүүс “Юун хөгжил” хэмээн инээлдэж байсан бол өнөөдөр амаа барихад хүрээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эрдэмтдийн таамаглаж байсан тэрхүү судалгаа яах аргагүй биелэлээ олсон гэхэд болно. Учир нь Сүхбаатар аймгаас урд хөрштэй хиллэх хилийн дамжин өнгөрөх Бичигт боомтын хөгжлийн салхи хурдацтай эрчмээ авч байгаа юм.
2008 оноос байнгын ажиллагаатай болсон Бичигт боомтын үйл ажиллагаатай Сүхбаатар нутгаараа овоглодог “Талын түрлэг” бүлгэмийн сэтгүүлчид танилцахад хөгжиж буй нь нүдэнд ил байсан билээ. Барилга гэх зүйлгүй байсан энэ боомтын Захиргааны даргаар Д.Гансүх томилогдсон очсоноор өнөөдөр шинэ барилгууд сүндэрлэж, ирээдүйд Замын-Үүд шиг том цогцолбор болохоор хөгжил өөд тэмүүлж байв. Хөгжил өөд гэхийн учир Замын-Үүдийн дараагийн нэг томоохон боомтыг энэ аймагт бий болгохоор төлөвлөж, бүтээн байгуулалтын ажил шил шилээ даран хөвөрч байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д саяхан төрийн айлчлал хийх үеэрээ хилийн хэлэлцээрт дөрвөн боомтыг шинээр оруулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Бичигтийг Олон улсын боомт болгохоор нэмж тусгажээ. Түүнчлэн Бичигт боомтын чиглэлд төмөр зам тавьж, хөгжлийг түргэсэхээр анхаарч байгаа юм. Тус боомтын чиглэлд хар зам тавьж, төмөр замтай холбосноор иргэдийн хувьд доод тал нь 550, дээд тал нь 1000 гаруй километрээр татуу байдлаар урд хөрштэйгээ худалдаа, наймаа хийж, бараагаа хямд үнээр авчрах нөхцөл бүрдэх боломжтой болно. Нөгөөтэйгүүр Хятадын нутгаар дамжин Ази, Европтой холбогдох боломж харагдаж байв.
Ирээдүйн хөгжлийг нь харсан хүмүүс Бичигт боомтыг анхааран сонирхож байна. Тэр дундаа Хятадын томоохон бизнесмэнүүд Бичигт боомтод үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор гарган дэлхийн улс орнуудад далайгаар дамжуулан дэлхийн зах зээлд нийлүүлэх санал тавиад байгаа юм байна. Гэхдээ эдгээр ажил одоохондоо хэлэлцээрийн түвшинд байгаа ч удахгүй Бичигт боомт их хөлд дарагдан, шинэ хот болон өргөжин тэлэх биз ээ.Бичигт боомтын Захиргааны дарга Д.Гансүхтэй цөөн хором ярилцлаа.
-Та Бичигт боомтыг Замын-Үүд шиг болгохоор ажиллаж байгаа хүний нэг. Тэгэхээр зам дагаж хөгжил гэдэг. Харин энэ боомтын хөгжлийн гарц яах аргагүй зам байгаа. Энэ ажлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Хөгжил бий болгоно гэдэг зүгээр суухын нэр биш. Тэгэхээр хар болон төмөр зам тавьснаар Хятадын нутгаар дамжин Ази, Европтой холбогдох боломжтой болно. Харин энэ байдлыг харсан хүмүүс, тэр дундаа Хятадын том бизнесмэнүүд манай боомтод газар авъя гэсэн санал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд том, том үйлдвэр байгуулаад бүтээгдэхүүнээ “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор гаргаж, дэлхийн улс орнуудад далайгаар дамжуулан гарган зах зээлийг эзэлье гэж ярьж байна. Яагаад “Монголд үйлдвэрлэв” гэж байгаа юм гэхээр “Манай улс дэлхийд худалдааны төвд төлбөр төлдөг. Харин Монголд төлдөггүй. Үүгээр маш их ашиг олно. Тиймээс үүнийг тал, талаасаа хувь оруулаад хийе” гэж байгаа.
-Бичигт боомтоор нефть, нүүрс тээвэрлэж байгаа машинууд ихэнхдээ дамжин өнгөрдөг. Ачааллын хувьд ямар байна вэ?
-Ачаалал их байдаг. Өдөртөө газрын тос тээвэрлэж байгаа 60-100 машин өдөртөө өнгөрдөг. Нүүрс тээвэрлэлт ч мөн ялгаагүй. Тэгэхээр өдөрт 200 орчим машин Бичигт боомтоор нэвтэрдэг гэсэн үг. Нөгөө талдаа ч тэр хэмжээний машин зөрж өнгөрдөг. Тиймээс манай боомт ачааллаа даахгүй байгаа гэж хэлж болно. Гэхдээ дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгжлүүдийг хүний оролцоотой шалгадаг. Харин сүүлийн үеийн багаж, төхөөрөмжтэй болсноор ажил шуурхай болж, үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулахгүй болох юм.
-Хилийн дамжин өнгөрөх бүсэд гааль, мэргэжлийн хяналт гээд нэг дор төрийн олон байгууллага ажиллаж, хүнд суртал бий болгодог гэж үздэг. Харин үүнийг цөөлж багасгах талаар төрөөс анхаарна гэсэн. Энэ ажил танай боомт дээр хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Гаалийн байгууллага үзсэний дараа шалган нь хянана. Тэгээд бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтынхан үздэг гээд олон дамжлага байдаг. Үүнийг цэгцлэх талаар ярьдаг боловч хэрэгжүүлж чадахгүй байна. Боомтын тухай шинэ хууль батлагдвал ирвэл үүнийг цэгцлэх боломж бүрдэх байх. Харин монголчуудын хувьд Хятад улсын хилээр амралтын өдөр нэвтрэх гэхээр хаалттай байдаг. Уг нь хил нь нээлттэй байдаг хэрнээ монгол иргэдийг оруулдаггүй. Нэгэнт байнгын ажиллагаатай гэж байгаа болохоор бүх юм нээлттэй байх нь чухал. Гэтэл амралтын өдөр монголчуудад үйлчилдэггүй энэ байдлыг цаашид шийдвэрлэх хэрэгтэй байна.