Баттай эх сурвалжийн мэдээллээр хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан н.Бадралын ээж нь Гаалийн ерөнхий газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах байцаагч С.Норжинсүрэн юм байна. Тэрээр Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын дараагийн албан тушаалыг хашдаг аж. Тус газар нь хяналт шинжилгээ, дотоод аудитын ажлыг зохион байгуулах, төсөл хөтөлбөр, бодлого, зорилтын хэрэгжилт үр дүнг судалж үнэлгээ дүгнэлт гаргах, улсын төсвийн орлогын бүрдэлт, санхүүгийн болон гаалийн байгууллагын бусад үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах зэрэг чиг үүрэгтэй юм байна.
С.Норжинсүрэнгийн хүү н.Бадралыг хар тамхи хилээр зөөж авчирдаг байж болзошгүй гэх мэдээлэл ЭЦГ-ын ажилтнуудад ирсэн бөгөөд энэ мэдээллээ бататгахын тулд ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт хандсанаар аравдугаар сарын 30-нд Замын-Үүдийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор орж ирэхэд нь саатуулахад “Marlboro” тамхины хайрцагт 0.916 грамм “ice” буюу “Мөс” хэмээх нийлэг аргаар гаргаж авсан мансууруулах бодис авч явж байжээ.