
“Шинэ ТҮЦ” төслийг “КИГ” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдээс 50 захиалга ирснээс 11 ширхэгийг Монголд оруулж ирээд байгаа юм. Энд ямар нэгэн эрхтэн, дархтаны оролцоо байгаагүй, бор зүрхээрээ зүтгэж яваагаа компанийнхан хэлэв. Эдгээр ТҮЦ-ний нэгийг хүмүүсийн ярьж заншсанаар “Ард” кино театрын буудал дээр байрлуулжээ. Гаднаас нь харахад цэвэрхэн, дотроо ч тохилог дулаахан юм байна. “Шинэ ТҮЦ” төслийн хүрээнд хоёр төрлийн ТҮЦ оруулж ирж байгаа бөгөөд хэмжээ, дамжаа, үнэ тарифын хувьд хоорондоо ялгаатай гэдгийг компанийн захирал Д.Мөнхбат ярилаа. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүн болон сонин худалдаах гэсэн хоёр ангилалаар “Шинэ ТҮЦ” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Оруулж ирсэн ТҮЦ-үүдийг харахад ч зориулалт нь өөр, хоорондоо ч ялгаатай харагдсан.
Дотроо “00”-той, дороосоо халдаг, амрах өрөөтэй, АТМ-тай гээд хуучин “навсархай” ТҮЦ-нүүдийг бодвол илүү орчин үелэг, стандартын төвшинг хангаж чадахуйц, зэвэрдэггүй гангаар хийсэн гэнэ. Уг ТҮЦ-ийг олон улсын хотууд, тухайлбал, Москва, Бээжинд ашигладаг юм байна. “H1” загварын шинэ ТҮЦ-ийг БНХАУ-ын “Гуан Жөү Кохун” компанид захиалгын дагуу үйлдвэрлэх бөгөөд 18.5 квадрат метр байх юм байна.
Квадрат метрээсээ хамаараад нэг бүр нь 16-25 сая 950 мянган төгрөгинй үнэтэй гэдгийг компанийн захирал өгүүлэв. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулах үүднээс “Киг” ХХК-иас санаачлан “Киоск шинэчлэх” төслийг эхлүүлээд байгаа Монголдоо үйлдвэрлүүлэхээр туршилтын загварыг нь хийлгүүлсэн боловч олигтой хийж чадаагүй учраас аргагүйн эрхэнд Хятадад захиалгаар хийлгүүлэх болсон аж. Үнэхээр стандартын даргуу, чанартай сайн хийж чадах компани байвал Монголдоо дуртайяа үйлдвэрлүүлмээр байгаагаа ч дуулгасан.
“Шинэ ТҮЦ” төслийн хүрээнд захиалгаар хийлгүүлж байгаа ТҮЦ-үүд дотроосоо халдаг. Энэ нь Улаанбаатарын агаарын бохирдлын бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Хүйтэн сэрүүний улиралд ажиллах боломж, тав тухыг бүрдүүлэхийн тулд орчин үеийн стандартад хангасан ТҮЦ нийлүүлэхээр ажиллаж байгаагаа “КИГ”-ийнхэн ярьж байна лээ. Хажуугаараа урсдаг зартай, өөрөөр хэлбэл, аль нэг аж ахуйн рекламыг цацах болохоор, ТҮЦ-ийн эздэд бас нэг давхар мөнгө олох боломжийг бүрдүүлжээ. Овсгоотой нөхөр бол аль нэг компанийн рекламыг цацаад хөөрхөн мөнгө олчихоор юм байна лээ. Тус компанийн нийлүүлж байгаа ТҮЦ-ыг гурван жилийн хугацаатайгаар “Хас” банкны лизингээр авах боломжтой гэсэн. Автобусны буудал дээр өнгө, будаг нь халцарсан “навсархай” ТҮЦ-үүдийг бодвол тав тухтай ажиллах боломжоор хангагдсан харагдсан. Адаглаад л дотроо био “00”-той байгаа нь ариун цэврийн хувьд ч шаардлага хангахуйц болжээ. Ямар ч гэсэн хотын өнгө шүзэмжид сөргөөр нөлөөлөхгүй, орчин үеийн стандартыг хангасан “Шинэ ТҮЦ” төслийг хотын захиргаанаас дэмжээд өгвөл хийх ажил зөндөө байна гэдгийг компанийн захирал Д.Мөнхбат хэлсэн. Хардлага дагуулсан “Шинэ ТҮЦ” төслийг сонирхоход нэг иймэрхүү.










