Би хэзээ ч “FERRARI” авахгүй!

Хуучирсан мэдээ: 2013.11.07-нд нийтлэгдсэн

Би хэзээ ч “FERRARI” авахгүй!

Би өөдрөг эмэгтэй. Одоо чадахгүй ч хэзээ нэгэн цагт миний гэр бүл авах тэр үнэтэй сайхан машинаар би салхи татуулан давхина гэж боддог. Энэ мөрөөдөл биш. Биелэх ёстой гэж би итгэдэг. Харин намайг “ferrari”-гаа авах тэр мөчид хотын зам ямар байх бол… Үнэтэй машиныг минь эвдэх болов уу эсвэл энхрийлэх болов уу?!…

Яг энэ асуултыг зарим хүмүүсээс асуутал их таатай хариултыг сонсов. “Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 байршилд 106.6 километр замыг нийт 350 тэрбум төгрөгөөр засварлаж, шинэчилж байна. Үүнд нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс 154 тэрбум, Хөгжлийн банкны санхүүжилтээр 80 тэрбум, Чингис бондоос 200 сая ам.долларын хөрөнгийг энэ ажилд төсөвлөсөн” гэнэ ээ.

Дээр нь дахиад таатай мэдээлэл дуулгахад,

-Бидний машинд их анхаарч байгаа гэнэ. Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийг хүртэл хэрэгжүүлсэн гэж сайд нь хэллээ. Сайд шүү, цээжлээд аваарай. “Гудамж” төслийн хүрээнд нэвтрэх чадвар муу, түгжрэл их үүсгэдэг, анхнаас зохион байгуулалт нь буруу гэгдэх нийт 33 уулзварыг засварлаад эхэлж. Өнгөрсөн  хугацаанд “Өргөө” кинотеатрын өмнөх, Саппорогийн өмнөх, “Бөхийн өргөө”-ний өмнөх, Тасганы овооны баруун  /Эх нялхасын эрүүл мэндийн төв рүү явдаг замын уулзвар/,  “25 дугаар эмийн сан”-гийн, “ГССҮТ”-ийн өмнөх /өнгөрсөн долоо хоногт ажлаа хаяад байсан эмч нарын ажлын байр/ эмнэлгийн гээд нийтдээ 16 уулзварыг бүрэн засварлан ашиглалтанд оруулаад байгаа гэнэ. Үүнд хэдэн төгрөг зарцуулсныг хүснэгтээс харна уу?!

Нийт зарцуулсан төсөв 28.7 тэрбум төгрөг.     Тойм: /төгрөгөөр/

/2013 оны аравдугаар сарын байдлаар/
  • Уулзваруудыг өргөтгөх санхүүжилт 15 тэрбум / “Өргөө” кинотеатр, “Саппоро”, “Тасганы овоо”, “25 дугаар эмийн сан”, “Бөхийн өргөө”, “III, IV хороолын эцсийн уулзвар, “Гэмтэл” гэх мэтийн уулзварыг нэг дор нийлүүлэн бичжээ/
  • Хурдны замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах санхүүжилт 707 сая  
  • Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалт 8.6 тэрбум
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны зардал 1.1 тэрбум
  • Зөвлөх үйлчилгээний санхүүжилт 3.1 тэрбум
  • Газар чөлөөлөлтийн санхүүжилт 35.8 сая төгрөгийг зарцуулаад байгаа юм.

Тендер сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан бэ?

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.6-д Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заачихсан. Ийм учраас замыг засах, шинэчлэх компаниудыг сонгохдоо тендер зарлаагүй” гэдгийг танил маань хэлж байх юм. Харин учрыг мэдэх мэргэжилтэн,

-Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журмын дагуу материалаа ирүүлсэн компаниудаас дараах шалгуур үзүүлэлтийн дагуу харьцуулалтын аргаар сонгосон. Шалгаруулалтыг төслийн нэгж таван яамны төлөөлөл бүхий төслийн удирдах хороо бүх материалтай танилцаж, хамгийн чадвартай, асуудалгүй компанийг шалгаруулсан гэж тайлбарлав. Энүүхэндээ гэж хэлэхэд, энэ бүхэн ямар нэгэн шалгаруулалтгүйгээр явсан гэж хардахад хүргээд байгаа юм. Үгүй ч байж болно л доо.

Километр зам <  700 сая төгрөг

Хотын төвд эсвэл Баянхошуу, Шархад, Орбита-д зам засахад харилцан адилгүй төсөв олгодог. “Гудамж” төслийнхөн километр замыг 700 орчим сая төгрөгөөр засварлаж. Энэ мөнгөнөөс “унагаах” боломжтой эсэхийг нийслэлийн Авто замын орлогч дарга Д.Баясгалангаас асуулаа. Түүний хэлснээр бол төвийн уулзварыг шугам сүлжээ, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээний хамт шийдэхэд 700 орчим сая төгрөг зарцуулна гэдэг бол дундаж ханш гэнэ.

 Муу ёр: /Надаар дутав гэж/

Бүх юм гүйцээ. Дараах мэдээг сонсоод би мөнгөтэй болсон ч “түүнийг” авч унахгүй гэж шийдэв. Бүр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Пүрэвдоржийн үгийг иш татаж болно.  Түүний хэлснээр бол “Саппорогийн аюулгүйн тойрог, хэлбэртэй байх үед автомашинууд мөргөлдөх, шүргэлцэх ослууд байнга шахуу гардаг байсан. Харин уулзварыг дөрвөн замын уулзвар болгосноор жолооч нар  уулзварт хурд ихтэй орсноос хохирлын хэмжээ илт нэмэгдэж” байна гэв.  Харин Замын хөдөлгөөний Удирдлагын төвийн мэдээллийн ажилтан Г.Ариунжаргал “Уулзваруудыг зөв зохион байгуулалтад оруулснаар автомашины түгжрэл мэдэгдэхүйцээр багассан. Ослын тоо ч харьцангуй багассан” гэж надад хэллээ.  Намайг сайхан үг сонсож, мөрөөдлөө төсөөлж, мэдээллээ цуглуулах энэхэн агшинд танил биш ч гэлээ гурван ч хүн автозамын ослоос болж амиа алджээ…

Стрессдэхгүй амар л байна…

…Манай жолооч Н.Батмөнх зам засварыг, тэр дундаа уулзварыг өргөтгөснийг ихэд дэмжиж ярьдаг. Гэхдээ би түүнд итгэлгүй бусад жолоочоос асуулаа. Чингэлтэй дүүргийн иргэн С.Алтансүх “Сансарын колонкийн ойролцоох, Саппорогийн, Бөхийн өргөөний гэхчилэн уулзваруудыг дөрвөн замын уулзвар болгосон нь жолооч нарт  тун их тус болж байна. Автозамын түгжрэлийг хянах камераар харж, гэрлээр зохицуулж байгаагаас түгжрэл харьцангуй багассан. Уулзварт орж түгжирнэ гэдэг нь түлшний зарцуулалт ихсэж, жолооч бухимдах нь ихэснэ үг. Тиймээс цаашид аль болох олон уулзварыг засварлах хэрэгтэй” гэж байна лээ. Харин Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Э.Батбаяр “Зарим жолооч шинээр ашиглалтад оруулсан уулзваруудад анхааруулах шар гэрлээр уулзварт нэвтэрснээс осол гарч байгаа нь харагдсан. Жолооч бүр анхаарал болгоомжтой, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцвол иймэрхүү осол гарахгүй гэж бодож байна” гэж  “томорсон”.

… Үнэндээ би тэр үнэтэй машиныг авахгүй. Гэхдээ надад ганцхан хүсэл бий. Тэр нь, зам хөндлөн алхах хүүхэд багачууд, хөгшин хөвөө бүхий л хүмүүсийн амь нас эрүүл мэндэд бүү хор учруулаасай гэж би зам засч байгаа ажилтнаас,  засуулж байгаа захирлаас, захиралд итгэл үзүүлсэн сайдаас хүснэм…

Гэхдээ тэд тэгэх эсэхийг мэдэхгүй байж мөрөөдсөн сэтгүүлч Д.ЖАРГАЛСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №036

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж