2014 оны төсвийн төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

2014 оны төсвийн төслийг хойшлуулав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдааны эхэнд Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь Зам тээврийн сайд А.Гансүх салбарынхаа төсвийг нэмэгдүүлэх саналыг ажлын хэсэгт гаргасан юм байна. Үүнтэй холбоотойгоор байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд "Эл асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэх, үнэхээр зам тээврийн салбарын төсвийг ирэх онд нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан гэж үзэж байгаа юу" гэдэгт Сангийн сайдыг хариулт өгөхийг хүссэн. Сайд Ч.Улааны тайлбараар дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байв. Тиймээс УИХ-ын гишүүд "Төсвийг нэмэгдүүлэх асуудлыг нягтлах шаардлагатай. Ер нь сайд нар бие даан төсвөө нэмэгдүүлэх асуудлыг УИХ-д тавиад, тэр бүгдийг нь гүйцээнэ гэвэл ирэх оны төсөв даахгүй. Дээр нь УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд 2014 оны төсвийн төсөл дээр саналаа нэгтгэх асуудлууд дутуу байгаа. Тийм учраас ирэх оны төсвийн төслийг хойшлуулах шаардлага байна" гэж үзсэн юм. Эл санал гишүүдийн олонхийн санал авч дэмжигдсэн учраас хоёр дахь асуудал болох Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах шаардлага байна. Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгээ хийж дуусгасны дараа уг бодлогыг хэлэлцэхгүй бол яарсан даарсан ажил болж хувирч байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улс 20 жилийн хугацаанд 1 тэрбум тонн нүүрсийг өмнөд хөршид экспортлох гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Тэр нь энэхүү бодлогод суусан уу, нүүрснээс бусад уул уурхайн олборлолт зогсчихсон байгаа нөхцөлд ирээдүйгээ хэрхэн харах вэ гээд олон зүйлийг ул суурьтай авч үзэх шаардлага байна гэж үзэв. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхи нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах боломжгүй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ дээрх тогтоолын төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг, намын бүлгүүдээс оруулж ирсэн 60 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаж эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж