Сайд Ч.Сайханбилэг тайлангаа тавив

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

Сайд Ч.Сайханбилэг тайлангаа тавив

Их Британийн нийслэл Лондон хотноо өнгөрсөн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ний хооронд "Нээлттэй засаглалын түншлэл" сэдвийн дор сайд нарын уулзалт болж, Монгол Улс эгнээнд нь багтсан байна. Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.

Дээрх уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцжээ. Хоёр жилийн өмнө найман орны санаачлагаар зохион байгуулагдаж байсан "Нээлттэй засаглалын түншлэл" сайд нарын уулзалт жил ирэх тусам хүрээгээ тэлсээр энэ жил 61 улс бүрэлдэхүүнд нь багтсан байна. Хамгийн сүүлд буюу сая болж өнгөрсөн уулзалтаар Монгол Улс эгнээнд нь элссэн. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар нээлттэй засаглалыг хөгжүүлэх чиглэлд хийх ажлаа танилцуулжээ. Үүнд төрийн үйлчилгээг нээлттэй болгох, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг шуурхай болгох зэрэг 30 гаруй үйл ажиллагааны хөтөлбөр багтсан юм байна. Мөн улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа шилдэг туршлагуудаасаа 7 минутад багтаан илтгэжээ. Харин Монгол Улс Засгийн газрын нүд чих болж ажиллах ёстой 11-11 төвийн үйл ажиллагаа, төрийн цахим машинуудын тухай танилцуулжээ. Улс орнууд дээрх төвийн үйл ажиллагаатай холбоотой нэмэлт материалуудыг сонирхож, маш их сурагласан гэнэ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ, хэлэлцээрийг ард түмэндээ нээлттэйгээр мэдээлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүх хөрөнгө оруулалтыг ард түмэндээ нээлттэй болгох зорилгоор "Шилэн данс" хөтөлбөр, авлига хамгийн их цэцэглүүлж байна гэх шүүмжлэлийн бай болж буй тендэрийг нээлттэй болгох чиглэлд "Шилэн тендэр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж. Үүний тулд тодорхой технологийн шинэчлэлүүдийг хийнэ гэдгээ сайд Ч.Сайханбилэг энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж