&#34Шинэчлэлийн асуудлаар би иргэддээ хандаж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

&#34Шинэчлэлийн асуудлаар би иргэддээ хандаж байна&#34

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэлийн асуудлаар би иргэддээ хандаж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдэд шударга ёсны үйлчилгээг хүргэх үүднээс шүүх эрх мэдлийн салбарыг шинэчлэх бодлого дэвшүүлж, энэ хүрээнд салбарын суурьхуулиудыг УИХ-аар батлуулан мөрдөж эхлээд байгаа билээ. Мөн шинээр боловсруулсан бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсыг хуулийн засаглалтай улс болгоно. Албан тушаалтнаас илүү хууль засагладаг нийгэмд шилжих шинэтгэлүүдийг эхлүүлнэ” гэсэн байгаа. Энэ чиглэлээр шинээр боловсруулж буй хуулийн төслүүд болон баримталж буй бодлого, шийдвэрийн талаар хууль, шүүхийн байгууллагын удирдлага болон иргэд, олон нийтэд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Иргэний танхим”-д мэдээлэл хийлээ.

Бид тайвшрах болоогүй
 
Та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгая.

Өнөөдөр “Шударга ёсыг хамгаалах тогтолцооны шинэчлэл” гэсэн сэдвийг онцолж байна. Хамгийн гол нь хууль, хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзахаасаа илүү нийт иргэддээ хандаж  хэлэх зүйлүүд надад байна.  Шударга ёс гэхээр зөвхөн хуулийн байгууллагын асуудал мэтээр ойлгоод байдаг. Энэ бол хуулийн байгууллагаас хамаагүй өргөн хүрээтэй нийт нийгмийн асуудал юм. Тиймээс нийгмээрээ нэгдсэн ойлголттой болох хэрэгцээ бидэнд байна. Бид сонгож авсан нийгэмдээ эрх чөлөөгөө эдэлж, өөрт буй боломжоо ашиглаж, ажиллах нөхцөл нь хуулиар хангагдсан байхыг хүсч байна. Авьяас чадвартай хүн хүссэн ажилдаа орж чаддаг байх ёстой. Хэрэв авьяас чадвартай нь орж чаддаггүй, танил талтай аль эсвэл мөнгөтэй нь ордог байх юм бол дахиад шударга бус нийгэм болно. Ард иргэд ажиллаад амьдраад явахад нь төр болон албан тушаалтны зүгээс нөлөөлөл байгаа бол дахиад шударга бус нөхцөл үүссэн гэсэн үг. Тэгэхээр шударга ёс гэдэг нь зөвхөн хууль, шүүхийн байгууллагын хүрээнд ярьдаг асуудал биш, нийт нийгэм, айл өрх, албан байгууллага, нийгмийн бүх нэгжийн хүрээнд ярьдаг асуудал юм гэсэн ойлголт урган гарч байна.
 
Иргэддээ хандаж нэг зүйлийг хэлэхэд бид тайвшрах болоогүй. “Нийгмийн хандлагыг харж байхад хууль, шүүхийн шинэчлэл нэлээд эрчимтэй сайн явж байна. Энэ ажил үр дүнд хүрэх юм байна” гэсэн тайвшрах хандлага бий болсон байна. Тиймээс иргэд нь шаардлага тавьдаг, санал бодлоо илэрхийлдэг, төрийн байгууллагатайгаа илүү ойрхон байж, болохгүй байгаа зүйлийг нь засахын төлөө явдаг байх хэрэгтэй.
 

“Шударга байцгаая” гэсэн үгийг би зүгээр нэг хэлээгүй

 
Өчигдөр бид эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдөр болон Монгол бахархалын өдрөө тэмдэглэлээ. Чингис хааныхаар бол төр гэдэг ойлголт өнөөдрийнхөөс өөр байсан. Тэр үед хууль гэдэг өөр ойлголт байсан. Хууль дүрэм нь хэрэгждэг, хүн бүрийн ажил үүрэг тодорхой, тэр нь дүрэм журмаар тодорхойлогдсон байхыг л төр гэж ойлгож байсан. Бид тийм ойлголт руу явах хэрэгтэй байна. Зарим нэг орны жишгийг дагаад бид “Төр нь эрх мэдэлтэй байснаар, нийгэм нь сайн байдаг” гэж ойлгодог байсан. Төрөөсөө хальсан албан тушаалтнууд бий болж, тэр нь нэр төр олох, нийгэмд аятайхан амьдрах, бусдаас тодрох үзэгдэл болжээ. Тэгэхээр бид явж явж эргээд тэр найман зууны өмнөх өвөг дээдсийнхээ гаргаж ирсэн зохион байгуулалт руу л эргэж очих тухай яригдаж байна.
 
Шударга ёсны асуудлаар гурав, дөрвөн жилийн өмнө УИХ-ын чуулганд үг хэлж байсан. Нийгмээ шударга болгохын тулд хууль, хяналтын байгууллагаасаа эхэлье. Хууль, хяналтын байгууллагынхаа тогтолцоог зөв болгоё гэж уриалж байсан. Энэ тогтолцоо маань нийгмээ шударга болгоно. Ингэж нийт нийгмээрээ шударга амьдрах боломж руу бид шилжинэ гэсэн ойлголтыг ярьж байсан. Энэ тухай яриа уг нь түүнээс ч өмнө эхэлсэн юм. Би хувьдаа 2006 оноос Ерөнхий сайдын ажлаа өгөөд энэ ажил руу орсон. “Азийн санаачилга” төрийн бус байгууллага байгуулж, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон багш, эрдэмтэн судлаачдыг цуглуулж, хуулийн шинэчлэл Монголд хамгийн чухал шинэчлэл байна гэдгийг ярилцсанаар төсөл хөтөлбөр боловсруулж, судалгаа хийж эхэлж байлаа. Тэр үйл ажиллагаа өнөөдөр үргэлжлээд явж байна.  2009 оны сонгуулийн үеэр “Шударга байцгаая” гэсэн үгийг зүгээр нэг хэлээгүй. Үүний араас үйлдэл, үйл ажиллагаа явагдаж, тодорхой үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байсан.
 
Ерөнхийлөгчийн зардал 19 хувиар буурлаа

 
Одоо УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Хууль шүүхийн байгууллагаа шинэчлээд ирэхээр зарцуулдаг төсөв нэмэгдэхээс өөр аргагүй болж байгаа. Хуучин нэг төгрөг зарцуулж байсан газар гурван төгрөг зарцуулах ч байх. Гэтэл өнөөдөр шаардлагатай байгаа мөнгөө УИХ-аар батлуулж чадахгүйд хүрсэн. Яагаад гэвэл “Эдийн засаг унасан, хөрөнгө оруулалтын хэмжээ багассан, бид ийм их зардлыг санхүүжүүлж чадахгүй. Хууль шүүхийн шинэчлэл чинь ийм их зардалтай байсан юм уу” гэж хэлэх байх.
 
Уг нь хууль, шүүхийн тогтолцоогоо зөв болгохын тулд гарах ёстой зардлыг төлөх ёстой. Бас төрийн данхайсан бүтцээ бид багасгах ёстой. Төсвийн төсөлд миний зүгээс “Тамгын газрынхаа зардлыг 10 хувиар хасъя. Өмнөх жилийнхээ төсвийг 10 хувиар бууруулъя” гэсэн санаачилга гаргасан. Сангийн яаман дээр очоод бүр 19 хувиар буурсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн зардал 19 хувиар буурлаа гэсэн үг. Сая би яамдын зардлыг харахад ерөөсөө төсвөө бууруулаагүй байна. Төрийн төв байгууллага, агентлагуудын зардал буураагүй байна. Наад зах нь төрийн данхар бүтцийнхээ зардлыг бид 20, 30 хувь бууруулсан бол нөгөө талдаа хууль, шүүхийн байгууллагад хэрэгтэй шинэчлэлийн зардал гарч ирэх боломжтой.

Гэтэл “Энэ хууль, шүүхийн байгууллага, шударга ёсны шинэчлэл чинь ийм их зардал шаардах байсан юмуу, одоо энийг санхүүжүүлж чадахгүй” гэсэн яриа энэ долоо хоногт Их Хурал дээр гарна. Тийм учраас хууль, шүүхийн шинэчлэл нь нийт системээ буюу тогтолцоогоо шинэчлэх, ерөөсөө төрийн болон нийгмийн шинэчлэлийн асуудал руу биднийг хөтөлж байна.
 
Бид хууль, шүүхийн байгууллагаа байх ёстой байранд нь тавиад гарах ёстой зардлыг гаргахаас өөр замгүй. Шүүгчдийн цалинг гурав дахин нэмнэ гэж байна. Үнэхээр хараат бусаар ажиллуулъя гэвэл нэмэхээс өөр аргагүй. Нөгөө талд нь илүү шаардлагагүй үүрэг гүйцэтгэж байгаа тэр албан тушаалтнуудыг цөөрүүлэх ёстой. Тэнд зарцуулж байгаа мөнгийг багасгах ёстой. Ингээд харахаар бидний хийж буй ажил, хууль шүүхийн байгууллагын шинэчлэл одоо төрийн шинэчлэл рүү орж байна. Дээр хэлсэн яриа “Эдийн засгийн чадавх муудчихлаа, хөрөнгө оруулалт алга болчихлоо” гэсэн утгаар гарсан. Гэтэл өнөөдөр төр эдийн засагтайгаа асар буруу харьцаж байна. Энэ тухай бид ярихаас өөр аргагүй.

Төрийн хийж байгаа ажлуудыг харахад ашгийн шинжтэй үйл ажиллагаа маш их байдаг. Нөгөө л улигт лиценз зөвшөөрлийн асуудлыг би хэлье. Уг нь тэр лиценз зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагууд өгөөд явчих хэрэгтэй. Зочид буудалд өгөх гэж байгаа таван хошууг яаман дээр шийддэг биш, зүгээр л тэр буудлуудын холбоо шалгаад, шийдээд явах бүрэн боломжтой. . Үүнийг төр нь хийдэг, түүн дээр өөрийнхөө механизмаар дарамт шахалт үзүүлж, албан тушаалтнууд нь бизнес болгоод хувиргачихсан. Нэг Засгийн газар гарч ирээд баахан чөлөө зөвшөөрлөө алга болгоно гээд амладаг. Алга болгож байгаа нэртэй нэг гараараа устгаж, нөгөө гараараа бий болгож байдаг. Яагаад гэвэл тэр албан тушаалтанд ашигтай байгаа учраас.
 
Заавал барилгын зургийг Барилга, хот байгуулалтын яаман дээр батлах хэрэггүй. Барилгын зургийг тодорхой стандартын дагуу үзээд, энэ зураг болсон байна гээд зөвшөөрлийг нь өгөөд хяналтыг нь тавьдаг мэргэжлийн аж ахуйн нэгж л байхад болно шүү дээ. Энэ бол аж ахуйн нэгжийн л бизнес. Барилга хот байгуулалтын яамны бизнес биш.  Гэтэл төрийн энэ байгууллагын буруу үйл ажиллагааг бид засахгүй байгаагаас зөв явж буй шинэчлэлд аюул учрах нөхцөл үүсч, цаашаа явахад бэрхшээлтэй болох хандлага гарч ирж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Тиймээс шударга ёсны тогтолцооны шинэчлэл гэдэг сэдэв аргагүйн эрхэнд эдийн засгийн бодлого, төрийн бодлогыг хөндөх байдал руу орж байна.

Шүүгчид цалин хангамжид санаа зовохооргүй болсон
 

Шүүхийн багц хууль гээд бид зургаан хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ тухай нэлээд ярьсан боловч ойлгоогүй хүмүүс байна. Шүүхийн тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гээд бид маш тодорхой хуулиудыг батлуулсан. Тэр бүү хэл шүүхийн зохион байгуулалтаа өөрчилсөн. Гүйцэтгэх засаглал дагасан, дарга дагасан, систем дагасан зохион байгуулалт байсныг нь иргэдээ дагасан, орон нутгийнхаа бүтцийг дагасан болгож өөр зохион байгуулалт руу оруулж байгаа.

Үнэхээр шүүх, хууль хяналтын байгууллагын салбарт урьд өмнө нь байгаагүй асар их шинэчлэл хийж байгаа. Үүнийг бид олж харах хэрэгтэй. Дараа дараачийн ажлуудыг нь бид хийхээс өөр аргагүй. Шүүхийн захиргааны тухай хууль гээд баталсан. Өмнө нь шүүхийн захиргаа, хэрэг хянан шийдвэрлэдэг шүүгчийн үйл ажиллагаа энэ бүхэн нэг байсан. Үүнийг бид бүрэн салгаж өгсөн. Өнөөдөр шүүгчээр ажиллаж байгаа хүн хэргийг хуулийн дагуу зөв хянан шийдвэрлэхдээ анхаарал хандуулахаас биш миний цалин хангамж ямар байх вэ, байр танхим ямар байх вэ гэдэг дээр санаа зовохооргүй болсон. Энэ асуудлыг тусад нь  шийддэг Шүүхийн ерөнхий зөвлөл бий болсон. Үүнийг бид бий болгох гэж 20 жил ярьж, янз бүрээр ноцолдсон. Явж явж бид энэ шийдлээ олсон гэж бодож байна.

 
Дарга биш иргэдэд ойлгомжтой тогтолцоо байх ёстой
 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын асуудлыг бид шийдсэн. Манай зарим хүн шүүхийн танхим руу жирийн иргэн ороод юу ч ойлгодоггүй тухай ярьдаг. “Боловсролгүй хүн прокурорын байгууллага руу ороод яах юм, шүүх дээр яаж мэтгэлцэх юм” гэдэг. Шударга ёсыг “Дарга нар ойлгодог тогтолцоо. Бид ойлгодог тогтолцоо” гэж томчууд ойлгодог. Өөрөө л шударга ёс гэдгийг ойлгодог, өөрөөс чинь бусад нь шударга бус байна гэж харах юм бол шүүхийн байгууллагын ажил явахгүй. Тийм учраас иргэнд ойлгомжтой систем байх ёстой.
 
Шүүхийн үйл ажиллагаанд иргэний төлөөлөгч оролцдог болсон. Өмнө нь бүүр хаалттай байсан юм. Шүүх хурлаа хаагаад арынхаа өрөө рүү “зөвлөлдөх танхим” руу ороод алга болчихдог. Тэр лүү ямар ч албан тушаалтан ордоггүй. Ийм хуультай байсан. Одоо харин иргэн хаалгыг нь онгойлгоод орж болж байна. “Би сая энэ хуралд чинь суулаа, би иргэний төлөөлөгч, би таслах эрхтэй, та нарын гаргах гэж байгаа шийдвэр шударга бус байна. Үүнийг хэрэг гэж үзээд байна. Энэ хүнийг хэлмэгдүүлсэн байна. Та нар буруу шийдэх гэж байна” гээд хэлэх эрх иргэнд байна. Ингээд  ирэхээр нөгөө ойлгодоггүй байсан шударга ёсоо, ойлгогддоггүй байсан хуулиа иргэд ойлгож эхэлж байгаа юм. Энэ нь эргээд нээлттэй нийгмийг гэгээрүүлэх, нийтээрээ шударга ёс гэдгээ зөв ойлгох систем рүү оруулж байгаа юм. Иргэнд үүд хаалга нээлттэй болж, тэр хаалгаар сонирхсон, шаардлагыг хангасан иргэд оролцох бүрэн боломжтой болсон.
 
Бидний хийж буй ажлыг иргэн ойлгохгүй бол Төрийн бодлого хүнд хүрэхгүй л байна гэсэн үг

 
Нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Бидний хийгээд байгаа ажлыг иргэн ойлгохгүй бол, таны “80 настай эмээ” ойлгохгүй л бол төрийн бодлого хүнд хүрэхгүй л байна гэсэн үг. Бидний хийгээд байгаа энэ үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцох шаардлагатай иргэд нь оролцоод тэр нь цаашаа бусад иргэддээ хүрдэг байх юм бол бидний үйл ажиллагаа үр дүнд хүрнэ. Түүнээс биш далдыг хардаг, бусдаас өндөр хувь заяатай нэг хэсэг хүн л ойлгодог ийм систем байж таарахгүй.

Ер нь Ерөнхийлөгч ч тэр албан тушаалтнууд  ч тэр бусдаас өөр хувь заяатай хүмүүс биш. Бусдад үйлчилж, өөрт ногдсон ажлаа хийхээр томилогдсон хүмүүс. Гэтэл ингэж ойлгохгүйгээр өөрөөр бодож явдаг зовлон манайд байна. Шүүгчээр томилохоор шүүх эрх мэдэл гээд ойлгочихдог. Прокуророор томилчихвол би дарга болж, эрх мэдэлтэй боллоо гээд ойлгочихдог. Гэтэл хуулийн дор явж байгаа ажиллагаан дотор л таныг албан тушаалд  тавьсан байдаг.  Зориулалтын ажил дээрээ очсон хүн болохоос биш, эрх мэдэлтэй болж байгаа юм биш. Хуулийн дагуу хэргийг шийдэж, иргэн хууль зөрчсөн байвал түүнийг илрүүлж хойноос нь хөөцөлдөж олдог. Түүний нь баталгаажуулах тэр зориулалтын ажлыг хийх гэж байгаа юм гэж ойлгох ёстой. Би гэхэд Ерөнхийлөгчийн ажлыг хуулиар зааж өгсөн тэр эрх үүргийн хүрээнд   хийж байгаа.

Манайхан эрх мэдэл гэхээр “дарга” гэж хараад, эрх мэдэл гэж харахаараа “би” гэж хараад бусдыг дарамтлах боломж гэж хараад байх юм. Бид хүний нийгэмд амьдарч байгаа учраас “Миний амьдрах зориулалт энд байна” гээд ойлгодог болчих л хэрэгтэй байгаа юм.

 
Иргэнийхээ эрхийг хамгаалдаг тогтолцоонд шилжинэ
 
Манайд нэг зовлон байна. Бизнесийн салбар дээр бүх дарамт очиж байна. Хамгийн идэвхтэй ажиллаж, баялаг бүтээж байгаа иргэдээ Төр нь хамгийн их дарамталдаг улс болж хувирсан. Төр гээд нэг талд нь данхайсан бүтэцтэй. УИХ-ын гишүүнийг нь гэмт хэрэгт сэжиглээд асуудал оруулбал хэрэг хийсэн газраа баригдаагүй бол өгөхгүй гээд дөрвөн жил дараад явчихдаг шүү дээ. Үндсэн хуулийн цэц рүү хандсан ч дараад хэвтчихнэ. Албан тушаалаар юмуу, тодорхой сонирхлоор халхлагдсан бүтэц рүү төр нь яваад орчихсон.
 
Иргэдийн хувьд хуулиа биелүүлээд явахыг боддог. Түүнээс биш би хэрэг хийгээд шоронд оръё гэсэн бодолтой иргэн цөөхөн байх. Түүн дотроос хамгийн хамгаалалтгүй буюу хамгийн сонирхолтой салбар бизнесийн салбар. Гүйж очоод дарамтлахад л бизнес эрхэлдэг хүмүүс мөнгө өгөх магадлалтай. Хамгийн түрүүнд тэднийг дарамталж байна. Мэргэжлийн хяналтынхан гээд бүр тодорхой зохион байгуулалтанд орчихсон. Хүн үйл ажиллагаа явуулж л байгаа бол алдаа байгаа гэдэг сэтгэхүйтэй. Татварынхан очиход л татварт өгөх ёстой нэг төгрөгийг буруу зарцуулсан л байж таарна гэж боддог байх.

Гарсан хууль нь тодорхой биш, албан тушаалтан, шалгагч этгээд өөрийнхөөрөө асуудлыг тодорхойлох боломжтой болчихсон. Татварынхан, хяналтынхан очоод баахан дарамталж акт бичээд, актаа шийдвэрлэхгүй бол гэмт хэрэг болгоно гэх мэт. Ийм аймшигтай байдал руу манай үйлчилгээ яваад байна. Тийм учраас бид иргэнийхээ эрхийг хамгаалдаг тэр системээ зөв болгоод төрөө тийм хэлбэр лүү оруулахгүй бол болохгүй нь.
 

Том данхар төрөөс ухаалаг төр лүү шилжих хэрэгтэй
 
Монгол Улс цаашдаа том данхар төрөөс ухаалаг төр лүү шилжих хэрэгтэй. Бид Америк, Европ гэх мэтээр бусдыг дуурайж, төрөө өөрчлөх гээд байна. Тэд бол дуурайх загвар биш. Тэд бол эдийн засгийн боломжтой, чадалтай, олон зуун жилээр яваад ирсэн төрийн тогтолцоотой. Манайх бол гэнэт их иддэг, данхар төр гарч ирээд, тэрийгээ тэжээх эдийн засгийн чадавх, боломж байхгүй улс. Тэгэхээр бид хамгийн энгийнээр шийдэх ёстой.

Яам, төрийн байгууллага нь судалгааны байгууллага болж, бидний бодлого болж байна уу, үгүй юу, алин дээр нь зохицуулалт хийх вэ хэмээн дүгнэлт хийж ажилладаг байх учиртай. Төр ийм болох ёстой. Монгол Улсад өөрчлөлт хийх гэж байгаа, юм хийх гэж байгаа улс төрийн хүчин, хүмүүс байгаа бол өнөөдөр энэ тухай л ярих ёстой. Үүнийгээ олж харахгүй байна. Үнэлэмжгүй, суурьгүй л болчихоод байгаа юм. Энэ талаас нь бид харж асуудал руугаа орох хэрэгтэй гэдгийг хэлье.
 
Хохирсон нь ч хохирлоо төлүүлээд, хохироосон нь ч гэм гэмшлээ ойлголцоод гардаг болно
 
Бид Эвлэрүүлэн зуучлах сайн хууль баталсан. Миний ойлгож байгаагаар олон хэрэг шүүхээр шийтгэгдээд цаашаа явдаг байсан. Одоо хэрэг эвлэрүүлэн зуучлах гэдэг зарчмаар хохирргч нь хохирлоо төлүүлээд ойлголцоод гардаг, хохироосон нь ч гэм гэмшлээ ойлголцоод гардаг болно. Заавал хориод байх шаардлагагүй. Ялангуяа бизнес, ажил хийж байгаа идэвхтэй иргэдээ бид хамгаалах боломжтой болно.

Судалгаанаас үзэхэд нийт хүн амын 50 хувь нь хүүхдүүд, дээрээс нь 300 гаруй мянган ахмад бий. Мөн хөдөлмөрийн чадваргүй иргэн нэмэгдэнэ. Төрөөс халамж авч явдаг иргэдийн тоо 60-70 хувьтай, нөгөө талд нь 30-хан хувь үлддэг. Амьдралаа аваад явж байгаа нэг хэсэг байгаа. Тэр нь 20 хувь гэж бодъё. Гэтэл яг өөрийнхөө бололцоог ашиглаад, баялгийг бүтээгээд, улсыг чирээд явж байгаа нь 10 хувь байна. Тэр 10 хувь руугаа довтолж байгаа юм.
 
Өнөөдөр бидний хууль дүрэм тэр 10 хувийг, бас нийт иргэдээ хамгаалах ёстой. Хүн алдсан байж болно. Харин та ийм зүйл дээрээ алдсан байна, ийм байдлаар татвараа төл гээд л болоо. Тань дээр эрүүгийн хууль, янз бүрийн асуудал ярихаа болъё гэдэг ийм загвар луу төр, нийгэм явах шаардлагатай. Таны  маргалдаад орж ирж байгаа энэ асуудал чинь эвлэрүүлэн зуучлах хуулийн хүрээнд  шийдэгдэж болох юм байна гэдгийг хэлэх ёстой.

Бусад мэргэжлийн байгууллагууд ийм болоосой гэж бодож байна
 
Өөр нэг чухал хууль батлагдаж нийгэм маань зөв голдрилдоо орж байгаа. Энэ бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. Одоо л бид Монгол Улсад хуульч гэж хэн юм, хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг нь хэн юм гэдгийг ялгаж эхэлж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа  иргэдээс очоод асуухад эмч, сувилагч хоёроо ялгадаг л болсон байгаа. Гэтэл манайд яг хуулийн байгууллага, төрийн байгууллага дээр аваад үзэхээр нөгөө асрагч нь хэн юм,  эмч нь хэн юм гэдгийг нь ерөөсөө мэдэхгүй явсан. Одоо хуульч гэдэг хүн яг эмчтэй адилхан. Сургуулиа төгсөөд хоёр жил тодорхой шалгуураар орж хуульчийн шалгалт  өгдөг болсон. Эмчийн мэргэжлийн зөвшөөрөл авна гэдэг шиг яг тийм хэлбэр лүү орж байгаа биз дээ. Мэргэжил гэдэг зүйлийг зөв стандарттай, нэр хүндтэй, хариуцлагатай болгоод ирж байгаа юм.
 
Хэвлэлийнхэн  ярьдаг. Тэд уг нь мэргэжлийн холбоогоо байгуулаад, яг энэ хуульчдын холбоо шиг хуулиа гаргаад асуудлаа зохицуулаад явж болно. Хэвлэл дээр буруу мэдээлэл тараалаа гээд хэвлэлээс хэнийг ч аваачиж шоронд хийх гээд байгаа хүн байхгүй.

Бид Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байгаа. Гэтэл яг энэ мэргэжлийнхээ дагуу ёс зүйгээ бариад, нийгэмд гүйцэтгэх үүргээ та нар өөрсдөө тодорхойлоод явж чадахгүй л байна. Эмч нар ингэдэг бол, багш нар ингэдэг бол, тамирчид ингэдэг бол, бусад бүх байгууллага ингээд явчих юм бол өөр шүү дээ. Ингээгүйгээс болоод төр, улс төрч гэдэг ямар ч шалгуургүй этгээдүүд хүний үйл ажиллагаа руу давхиж ороод байна.

 
Хуульчдын үйл ажиллагаа руу төр, улс төрчид орох зайгүй болсон
 
Одоо хуульчдын үйл ажиллагаа руу төр, улс төрч гэх этгээдүүд орох зайгүй болсон. Өөртөө ёс зүйн дүрэмтэй, хариуцлагатай, стандарттай, цаашаа үйл ажиллагаа нь чанаржаад явах ийм боломж руу шилжиж байгаа юм. Иймэрхүү маягаар бид ардчиллын үйл явцыг өрнүүлэх ёстой. Иймэрхүү маягаар нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг харж байвал бидний үйл ажиллагаа зөв болох юм.
Орон нутаг руу, иргэд рүү эрх мэдэл шилжүүлнэ гэдэг нь хийх ажлаа мэддэг, ажлынхаа шалгуур стандарт, хариуцлагаа зөв тогтоосон улсуудад эрх мэдэл өгье гэж байгаа хэрэг. Зүгээр суугаад, хоол идчихээд, надад хоол хэрэгтэй байна, надад эрх мэдэл хэрэгтэй байна гээд орилоод байгаа нэгэнд ямар эрх очих билээ. Тэрнээс л болж  өөрийн эрх ашигтаа нийцүүлдэг төр, албан тушаалтнууд гэдэг бүтцүүд бий болж байна.
 
Өнгөрсөн жил Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг Монгол Улс даргалсан. Монголын ардчиллын үйл явц, туршлагаас суралцъя гээд олон орны төлөөлөгчид ирж “Энд авах юм байна, хуваалцах юм байна” гэж ярьж байсан. Цаашдаа ч Монголын хуулийн засаглалаас, бидний энэ үйл ажиллагаанаас суралцах гэж бусад нь ирэх байх гэж бодож байна. Хүнд сургахын тулд, суралцдаг болгож урихын тулд бид өөрсдөө ажлаа сайн хийх ёстой. Тэгж байж бидний үйл ажиллагаа явах ёстой.
 
Иргэддээ үйлчилдэг цагдаатай болно
 

Хууль сахиулагч гэдэг дотор зөвхөн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, онцгой байдлын зарим албаны үйл ажиллагаа орж байгаа. Хууль сахиулах их сургуулийн сурагчид, оюутнууд энэ үйл ажиллагааг ойлгосон байх ёстой. Зарим газар очоод энэ тухай ярихаар манай иргэд их хүнд хүлээж авдаг. Тогтолцоондоо иргэд нь үйлчилдэг байдлыг иргэддээ үйлчилдэг тогтолцоо болгох гээд бид зориод байгаа юм. Ардын хувьсгал, анх социализм тогтож байхдаа зөв тогтож байсан байж магадгүй. Зарим шүлгээс харахад миний цагдаа намайг хамгаална гээд л уншдаг шүү дээ. Өнөөдөр бид тийм байдал руу оруулах гээд байна. Цагдаагийн байгууллагын ажлыг, цагдаа гэдэг хүнийг таны төлөө ажилладаг болгох гээд байгаа юм.
 
Урд өмнө нь иргэдээс тогтолцоог хамгаалдаг, иргэдээс төрийг хамгаалдаг цагдаатай байсан. Иргэнээс төрөө хамгаална, иргэнээс даргаа хамгаална, иргэнээс албан тушаалтныг хамгаална гэдэг цагдаатай байлаа. Өнөөдөр бид албан тушаалтнаас иргэнийг хамгаалдаг цагдаатай болгохыг зорьж байна. Хорин хэдэн жил ардчиллын замаар явчихаад, энэ тухай ярьж чадахгүй, энэ тухай ойлголтгүй, хууль хяналтын байгууллага, төрийн албан тушаалтнуудтай байгаад байгаа учраас тэр тогтолцооноос, албан тушаалтны буруу үйл ажиллагаанаас иргэнийг хамгаалдаг цагдаатай болох гээд байна. Миний цагдаа намайг хамгаална гэдэг тэр зөв зарчим руу бид оруулах гээд байна. Үүнийг цэрэгжсэн бүтцээр юмуу, захиргааны аргаар хийх аргагүй. Иргэн нь цагдаа явж байна гэж айдаг биш, цагдаа хамгаалж байна гэж амар тайван болдог нөхцлийг бий болгох хэрэгтэй байгаа юм. 10 хүн дотор нэг болохгүй хүнийг аваад явж байна гэдэг бол 9 хүний сайн сайхан амгалан тайван байдал, хуулийн дагуу амьдрах тэр боломжийг нь хамгаалж байна гэсэн үг. Ийм хэлбэр лүү бид  орж байгаа. Үүнийг бүгдээрээ ойлгоё, ойлгож байж л энэ үйл ажиллагаа явагдана шүү дээ.
 
“Тахар”-ын албыг бий болгоно
 
Би сая Цагдаагийн албаны тухай хуулийн талаар ярилаа. Өмнө нь гаргасан Цагдаагийн тухай хуулийг аваад үзэхэд зүгээр л байгууллагын тухай хууль гаргачихсан байсан. Тэнд иргэний тухай, хүнд хүчир ажил хийж байгаа цагдаагийн тухай ерөөсөө байдаггүй. Манай хуулиудыг аваад үзэхээр яамны сайд ийм эрхтэй, дарга ийм эрхтэй гээд заасан байдаг. Ажлаа хийж байгаа иргэний тухай, цагдаагийн тухай тэнд байдаггүй. Одоо Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай гэж яг тэр хүний тухай, үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлбэл ямар баталгаатай, ямар боломжтой байх вэ гэсэн, тэр хүнд итгэл өгсөн хууль гаргахаар оролдож байна.
 
Тахрын албаны тухай хууль байна. Өнгөрсөн жилүүдэд гарсан зарим нэг хэргийн талаар аваад үзэхэд шүүх хурал хийхэд хэчнээн хэцүү байлаа. Шүүхийн хаалгаар ч багтахгүй томорчихсон тийм хүмүүс байна. Өнөөдөр Монголд хэчнээн том шорон байсан ч гэсэн намайг багтаах газар байхгүй гэж боддог тийм хүмүүс байдаг. Тийм нөхдийг авч ирээд шүүхийн өмнө суулгаад гурван шүүгч шийтгэнэ гэдэг бараг боломжгүй зүйл байсан. Үүнийг бид боломжтой болгохын төлөө л явж байгаа. Хуулийн өмнө тэгш гэдэг зарчим эндээс л хэрэгжинэ. Тиймээс шүүхийг хамгаалдаг, шүүгчийг хамгаалдаг, шүүхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж чаддаг, оргон зугтсан улсыг олж ирдэг тийм алба өнөөдөр хэрэгтэй болж байна. Бусад улсад “Маршал”-ын алба гэж нэрлэдэг, манайд бол Тахрын алба гэж нэрлэж УИХ хууль гаргасан тэр албыг бий болгох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд зохион байгуулалт, хөрөнгө мөнгө хэрэгтэй. Цагдаа, цэргийн байгууллагад ажиллаж байсан, үүрэг хариуцлагаа сайн мэддэг тэр хүмүүсээс, ялангуяа залуучуудаас, сургууль төгсөгчдөөс хүн авах хэрэгтэй болно. Гэтэл энэ байгууллагыг байгуулах гэхээр төрийн том бүтцэд зарцуулж байгаа мөнгө нь хэрэгтэй газартаа хүрэхгүй байна.

Ардчилсан улс орон байна гэдэг хамгийн хэцүү байж болох юм. Тэр тогтолцоон дотор амьдрахад хамгийн хэцүү байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалсан улсыг л ардчилсан улс гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гэх зэрэг ид гялалзаж яваа залуусын хэмжээнд өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй байгаа иргэдээ л бид бүрэн хамгаалсан байх ёстой.
 
Хуулийн байгууллагын шинэчлэл гэдэг зөвхөн нэг байгууллагын тухай хууль гаргаад дуусчих асуудал биш
 
Явж явж манайд нэг хүнд зүйл гарч ирсэн нь гэрч, хохирогчийг хамгаалах асуудал. Шүүх дээр гэрчээр хүн дуудах гэхээр гэрчээр орж чаддаггүй. “Би тэр даргын өөдөөс юу гэж хэлэх вэ. Би тийм хэрэг хийснийг уг нь мэднэ л дээ. Даан ч гэрчилж чадахгүй” гээд зугтаад алга болдог. “Чи яагаад ингэв” гэхээр ингэсний дараа миний гэр бүлийн аюулгүй байх баталгаа байхгүй болно гэдэг. Ийм аймшигтай системийн өөдөөс гэрч явж байсан.

Энэ нь бүхэл бүтэн тогтолцоо юм. Гэмт хэрэгтнийг бариад авлаа гэхэд ар талд нь хамгаалдаг хэсэг нь хамгаалж л байдаг. Одоо ч тэр тогтолцоо байсаар байна. Тиймээс тэр бүх тогтолцоо сөрж зогсож чадах төрийн хамгаалалтыг бий болгохоос аргагүй юм. Тийм учраас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль гаргасан. Одоо гэрч, хохирогч гарч ирээд мэдүүлгээ өгөхөд хуулийн ямар хамгаалалттай вэ гэдгээ мэддэг болсон. Гэрч, хохирогч нар мэдүүлгээ өгөх боломжтой болсон. Ер нь гэрч, хохирогчдыг хараад байхад бас л чадал муутай хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд, хөгшид хохирч байна. Албан тушаалгүй, арын хаалгагүй улсууд л хохирч байгаа шүү дээ. Тэдний эрх ашгийг бид хамгаалаад ирэхээр хохироосон этгээдүүдийн гэмт хэрэг нь илрэх магадлалтай болж байгаа юм.
 
Түүнчлэн гэмт хэрэг хийсэн буруутай байсан ч төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хууль гарсан. Гэмт хэрэг хийсэн ч төлбөрийн чадваргүй,  хорих газар очоод данс нээлгэх мөнгөгүй, хууль эрх зүйн туслалцаа авах чадваргүй байгаа хүнд боломж олгох хуулийг нь гаргаад явж байна.

Хуулийн байгууллагын шинэчлэл гэдэг бол зөвхөн нэг шүүхийн тухай хууль гаргаад юм уу, нэг байгууллагын тухай хууль гаргаад дуусчих тухай асуудал биш юм гэдэг нь эндээс харагдаж байна. Удахгүй Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг  УИХ-аар хэлэлцэнэ. Хууль сахиулагчийн үйл ажиллагааны тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ. Ингэхээр бидэнд хийх ажил маш их байна. Үүнээс цааш ямар их ажил байгаа вэ гэдэг дээр хоёр гурван зүйл хэлье.
 
Хууль зөрчдөггүй, хууль биелүүлдэг хүн сайхан амьдардаг, нэр төртэй байдаг  нийгэм рүү бид явж байна
 

Монгол Улс ямар улс болох ёстой вэ? Нэг үе албан тушаалтай, хөрөнгөтэй, мөнгөтэй л бол сайхан амьдардаг гэсэн энгийн ойлголт байсан. Одоо Монгол Улс  хууль зөрчдөггүй, хууль биелүүлдэг, хуулийн дагуу амьдардаг хүн сайхан амьдардаг, нэр төртэй байдаг ийм  нийгэм рүү явж байна. Тиймээс ямар хуулийн дагуу яаж ажиллах вэ гэдгийг бид маш тодорхой зааж өгөх гэж хичээж байгаа. Хэрэг гарсан тохиолдолд энэ газраас зөвшөөрлөө аваад ийм хүрээнд ажиллаад, ийм илтгэл тайлан бичиж өгөөд, түүнийгээ нотлох баримт болгоод ингэж авч орно гэдгийг л бид зохицуулах гэж байгаа юм. Жишээ нь: хойшлуулшгүй үйл ажиллагаа гэж гардаг. “Энэ нөхрийг баривчилж өнөөдөр л шоронд хийхгүй бол маргааш зугтаж явчих гээд байна. Одоо үүн дээр хойшлуулшгүй үйл ажиллагаа хэрэгжүүлнэ” гэдэг. Яг энэ хойшлуулшгүй үйл ажиллагаа гэж юуг хэлэх, ямар хэрэг дээр юу гэж тодорхойлох юм гээд маш нарийн тусгах ёстой.
 
Манай хуулийн байгууллага, хуульчдын зовлон бол “ерөнхий”. Ерөнхий юм гараад ирдэг учраас албан тушаалтнууд өөрийнхөө үзэмжээр зохицуулж эхэлдэг. Хоёр, гурван янзаар тайлбарладаг. Байдал ийм байгаа учраас шууд тодорхойлогдох, тэр бүх зүйлийг нь задалсан, ийм л хуулийн орчин руу бид оруулах гээд байгаа юм. Хэргийг мөрдөж байна гээд нөгөө мөрдөгдөж байгаа хүн нь ямар гэмт хэрэг хийснээ мэдэхгүй, бүр юунд мөрдөөд байгаагаа марттал мөрддөг хэлбэр Монголд хэвшчихсэн байсан. Бид үүнийг л өөрчилж байгаа юм.
 
Энгийн гэмт хэрэг бол бараг 72 цагийн дотор шүүх рүү очиж байдаг. Хүнийг баривчилна,  гэдэг бол уул нь шүүх дээр очиж шийдэгддэг. Одоо манай хуулийн байгууллагын үйл ажиллагааг харж байхад баривчлаад аваачаад хийчихвэл хэд хонож байгаад юмаа хэлдэг гэсэн хандлагатай байдаг. Нэг ёсондоо төгсгөлд нь хийх ёстой ажлаа эхэнд нь хийдэг. Ийм л  буруу систем үйлчилж байна. Үүнийг бид хууль сахиулах үйл ажиллагааны хуулиар өөрчлөхөөс өөр аргагүй. Яг ийм маягаар олон хууль хэлэлцэгдэж цаашаагаа хөгжих болно.
Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд оролцсон процесс гэж яриад байдаг. Цаашдаа бид ажиллагаа гэж ярихаас өөр аргагүй юм шиг байна лээ. Ажиллагааны шударга ёс гэдэг юм уу, хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа нь тодорхой хуульчлагдсан, зааглагдсан байж хууль хэрэгжих бололцоо бүрдэх юм. Хуулийн байгууллага ийм хэлбэр лүү ороод ирэхээр дагаад төр ийм байдал руу орох болно. Төрийнхөө үйл ажиллагааг өөрчлөх ийм л ажлыг бид эхлээд байна.
 
Байгуулах гэж байгаа нийгмээ л зөв ойлгоё 
 

Зохион байгуулалттай эсэргүүцдэг нөхөд өнөөдөр шинэчлэлийг зогсоохыг хүсч байгаа. Өнөөдөр тэд хүндрэл бий болгож байна. Тэд Цагдаагийн дарга, Ерөнхий прокурор, шүүгчдийг хараад “Бидний үед шүүгч гэдэг бол ёстой шүүгч байлаа шүү дээ. Өөрийнхөө бодсоноор шийддэг байлаа. Одоо та нарыг бүгдийг хууль руу оруулж байна. Та нарыг ард түмний үйлчлэгч болгочихлоо шүү дээ. Бидний үед хурандаа цолоороо гангарсан, түүгээрээ тодорсон, түүгээрээ дамжуулж бизнес хийсэн жинхэнэ дарга нар, мундаг улс явлаа шүү дээ” гэдэг.

Тэгэхээр байгуулах гэж байгаа нийгмээ л зөв ойлгоё.  Тогтолцоогоороо би тодорхой хугацаанд томилогдсон, хуулийн дагуу тодорхойлчихсон энэ ажлыг л хийх ёстой. Үүнээс хэтрэх ёсгүй гэдгээ л ухамсарладаг байх шаардлагатай . Ингэж ойлгож чадахгүй байгаа бол өргөдлөө өгөөд яв. Өөр зам байхгүй. Ийм маягаар бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээс өөр аргагүй хэлбэр лүү орж байна.
 
Гэмт хэрэг таван хувь өссөн байхад шоронд орж буй хүний тоо гурав дахин өсчихдөг…

 
Энд заавал хэлэх ёстой хамгийн гол хоёр хууль бий. Хуучин Эрүүгийн хууль гэдэг байсан, одоо Гэмт хэргийн тухай хууль гэж нэрлэж байгаа. Зарим хүн эхлээд эсэргүүцэж байсан.  Анх сонгуулийн дараа гарч ирээд 2009, 2010 онд ярихад танхим асар хүйтэн, ойлгомжгүй байдаг байсан. Одоо хууль, шүүхийн шинэчлэлийн үйл ажиллагаа ер нь эрчээ аваад явчихлаа. Энэ хууль УИХ-аар удахгүй хэлэлцэгдэнэ. Энэ хуулийг яагаад өөрчлөх хэрэгтэй  вэ гэхээр миний санаж байгаагаар сүүлийн 10 жилд хоёр удаа Өршөөлийн хууль гаргасан. Ингэхэд 6000 орчим хоригдол суллагдсан. Цагдаа, хуулийн байгууллагын тоо баримтыг харахад жилдээ ойролцоогоор гэмт хэрэг таван хувь нэмэгдэж байх юм. Шоронд орж байгаа хүний тоо нь 13-15 хувьтай байдаг. Тэгэхээр энд нэг юм болохгүй байгаа биз. Гэмт хэрэг нь таван хувь өссөн атлаа шоронд орж буй хүний тоо гурав дахин өсч байна. Дээрээс нь Монголд жилдээ бараг 1500-2000 орчим хүн ялаа эдлээд чөлөөлөгддөг. Ингээд аваад үзвэл сүүлийн 10 жилд Өршөөлийн хуулиар, мөн ял эдлээд чөлөөлөгдөж буй хүний тоо 20-иод мянга  хүрчихсэн байна. Гэтэл  Монголын шорон 8000 хүнтэй л байж байна. Яагаад ингээд байна аа. Тиймээс л  бид энэ байгууллага, тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй байна. Амьдрал дээр харагдаад байгаа жишээг л би хэлж байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулиа өөрчилье. Гэмт хэргийн тухай хуулийг бий болгож өгье.
 
Манай Үндсэн хууль дээр гайхамшигтай заалт орсон байдаг. “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүй, эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээнэ” гэж. Энэ ажлаа л бид хийж байгаа юм. Төрийн үйл ажиллагаан дотор байдаг өөртөө ногдсон энэ ажлыг л Хууль зүйн яам хийж байгаа. Манай хуулийн байгууллагынхан ч энэ үйл ажиллагаагаа л явуулж байна гэж ойлгох хэрэгтэй.

Нэг үгээр хэлэхэд энэ хууль иргэнээ хамгаалах хууль болно. Хуучин эрүүгийн хууль бол социалист төрийг, социалист үнэлэмжийг хамгаалах хууль байсан. Тэр нийгэм нь иргэдээ бүгдийг нь гэмт хэрэг гаргаж, социалист нийгмийн үнэлэмжийг зөрчиж болзошгүй этгээдүүд гэж хардаг байсан. Харин өнөөгийн бидний нийгэмд зөвхөн иргэний эрх ашиг л гэж бий. Дарга, Ерөнхийлөгчийн үнэлэмж гэж байхгүй. Иргэний эрхийг хамгаалах тогтолцоо руу бид бүрэн шилжих ёстой. Үүнийг олон улсын байгууллагууд ч мөн шаардаж байгаа. Бид НҮБ-ын Конвенцид нэгдэж орсон, өөр тогтолцоонд шилжсэн мөртөө хуучин нийгмийнхээ тогтолцоог хадгалж үлдэж болохгүй.
 
Албан тушаалтнууд өөр өөрийнхөөрөө зөрчлийг тодорхойлж, иргэдийг дарамталж байна
 
Зөрчил гээд ярихад Монголд бүртгэгдсэн зөрчил бараг 1200 гаруй байна. Арай гэмт хэрэг болчихооргүй, арай шоронд явуулчихааргүй торгодог зөрчлүүд. Манайд энэ зөрчил дээр стандарт байхгүй. Зөрчил гэж үүнийг хэлнэ гэсэн стандарт байхгүй.Түүнийг хуульчилсан эрх зүйн хүрээ байдаггүй учраас сумын Засаг дарга “Авгай руу нь муухай харлаа” гээд л зөрчил гэж үзээд иргэнийг торгож дарамталж байдаг.  Яг иймэрхүү маягаар албан тушаалтнууд өөр өөрийнхөөрөө зөрчлийг тодорхойлох боломжтой нөхцөл дунд байна. Энэ байдлыг одоо зогсоож байгаа. Зөрчил гэж ийм зүйлийг хэлнэ гэсэн нэгдсэн стандарттай байна. Ийм зөрчил гаргасан бол ийм хэмжээний торгууль хүлээнэ гээд тодорхой заагаад өгнө.

Бидний өмнө явж ирсэн нөгөө “гоё” нийгэм маань ямар нийгэм байсан бэ гэхээр хүнээр зөрчил гаргуулаад, эргүүлж торгуулийг нь аваад төр нь баяждаг байсан. Одоо бол бид зөрчлийг тодорхой зааж , үнэхээр зөрчил гаргасан тохиолдолд тэр торгуулийн мөнгийг эргүүлээд орон нутгийн санд нь, цагдаагийн байгууллагад нь өгч “Цагдаадаа машин авч өг” гэдэг тийм сан бий болгох болно.
 
Нөгөө талдаа иргэний эрх зөрчигдөж, хүн худалдаалах наймааны гэмт хэрэгт өртөөд байна. Үнэхээр төрийн байгууллага хийх ёстой ажлаа хийж чадаагүй бол тэр иргэний хохирлыг зөрчлийн торгуулийн мөнгөнөөс барагдуулдаг байя. Хуучин Сангийн яам руу ордог байсан тэр мөнгөнөөс иргэнийхээ хохирлыг барагдуулдаг болгоё. Тэгэхлээр зөрчлийн хууль иргэнд үйлчилсэн хууль болох нь.

Гурван сар үргэлжилдэг байсан хэрэг гурван өдрийн дотор шүүхэд шилждэг болно
 
Нэгэнт бид системээ өөрчилсөн учраас үүнийгээ дагаад бүх хууль журмаа өөрчлөх ёстой. Энэ хэрэгжээд ирэхээр иргэд маань хууль шүүхийн байгууллагуудын шинэчлэлийг мэдэрч эхэлнэ. Өмнө нь гурван сарын турш үргэлжилдэг байсан хэрэг 72 цагийн дотор шүүхэд шилждэг болно. Нийт гэмт хэргийн бараг 60 хувь нь эзэн холбогдогч нь тодорхой, бүх зүйл илэрсэн байдаг. Гэтэл энэ хэрэг гурван сарын дараа шүүхэд шилждэг. Тэгэхээр одоо гэмт хэргийн тухай хууль гарсны дараа шоронд байгаа хүмүүсийн бараг 30 хувь нь ял эдлэх шаардлагагүй байх тогтолцоонд шилжинэ. Багаар бодоход шүү дээ. Энэ бол үнэхээр чухал хууль юм. Иргэддээ хөнгөн шуурхай, нээлттэй үйлчлэх тогтолцоонд зохицуулж хуулиа өөрчилж байгаа.

Монгол яагаад шоронжих болов оо гэхээр энэ эрүүгийн хуулиас болж байна. Шүүгчид маань хуулиа өөрчлөх шаардлагыг тавьсаар байгаа. Иргэд ч хүлээж байгаа. Хууль батлаад хэдэн жилийн дараа өөрчлөгдөнө гэсэн чинь ийм их дэс дараалалтай, маш их хүндрэл эсэргүүцлийн дунд явж байж үүнийг шийдэхээс өөр аргагүй байдалд хүрсэн юм.
 
Одоо үйлдэгдэж байгаа хамгийн том хэргүүдэд албан тушаалтнууд орооцолдох болжээ
 
Авлига өгсөн хүнийг шийтгэхээ больё гэж боддог. Авлига өгсөн хүн бол тухайн албан тушаалтны дарамтад орж өгдөг. Хүн мөнгөө зүгээр гаргаад өгөхгүй. Үүнийг тусгасан хууль мөн шинээр санаачлагдаж байгаа. Манаачийг хэн манах вэ гэсэн хэцүү ойлголт байдаг. Олон улсын байгууллагуудын судалгаа ч байна. Монгол төрийн орчинд байгаа авлигын гэмт хэрэгтэй тэмцэж чадаж байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр бид шинэ хуулийн дагуу шүүх, прокурор, цагдаатай холбоотой авлигын хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлж байгаа. Гэтэл авлигатай тэмцэх газраа хэн хянах вэ гэдэг асуудал тавигдаж байна. Үүнийг эргүүлээд, прокурор, шүүхээр хянан зохицуулах тогтолцоонд шилжүүлж, үйл ажиллагаа алхам бүхнийг нь хуульчилна.
 
Хамгийн муу хэргийг  албан тушаалтнууд нийлж, зохион байгуулалттайгаар үйлддэг юм. Энэ асуудлыг шийдэх хэмжээнд өнөөдрийн гэмт хэргийн хуулиа зайлшгүй батлах шаардлагатай байна. Өргөн баригдсан энэхүү хуулийг батлуулахын төлөө  иргэд нь өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүд рүүгээ хандах хэрэгтэй. Нэгэнт та бүхнийг төлөөлж байгаа учраас өөрсдийн асуудлыг чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Гэмт хэргийн тухай хуульд орж байгаа бас нэг зүйл бол хуулийн этгээдийн асуудал. Байгаль орчны эсрэг, зохион байгуулалттай зэрэг гэмт хэргүүдийн хуулийн этгээдийн асуудлыг мөн нарийн тусгасан.

 
“Монголын шүүх 100 жилийн ял өглөө” гэсэн мэдээ бид удахгүй сонсох байх

 
Ялын төрөл хэлбэрийг маш их олшруулах хэрэгтэй. Авлигын хувьд гэхэд ганц зүйл ангиар шийтгэж байгаа. Гэтэл тэр этгээд таван зүйлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Мөрөө баллах, зохион байгуулалтад орох, ашиг сонирхлын зөрчил гэх мэт. Энэ нь шат бүхэнд гэмт хэрэг хийж байна гэсэн үг. Бид энэ бүхнийг хуулиндаа тусгасан байх ёстой. Монголд дээд хэмжээ нь насаар нь хорих зүйл анги байдаг. Цаазаар авах ял сонссон хүний ялыг бүх насаар нь хорих ял болгодог. Тэгэхээр ойрын жилүүдэд “Монголын шүүх 100 жилийн ял өглөө” гэсэн мэдээ бид  сонсох байх. Хүн алаад, зодоон хийж, хулгай хийсэн байвал хуучин хуулийн дагуу хөнгөн хэргийг нь хэрэгсэхгүй хүндэд нь оруулж тооцдог байсан. Харин одоогийн хуулиар гэмт үйлдэл бүхэнд ял тооцдог болно. Ялангуяа үүнийг албан тушаалтнууд ойлгох ёстой. Он удаан жилийн дараа зохион байгуулалттай хэргүүд илэрдэг. Энэ бүгдийг хуулинд дэлгэрэнгүй тусгаж өгөх хэрэгтэй. Иймээс энэ зүйлийг онцгой анхаарч үзээсэй гэж бодож байна.
 
Төрийн албан хаагч авлига авсан бол дахиж төрд ажиллахгүй
 

Гэмт хэрэг үйлдсэн л бол шоронд ордог гэсэн ойлголтыг өөрчлөх ёстой. Хүн зөвхөн шоронд засарна гэсэн ойлголт байхгүй. Гэвч шоронгүй улс орон байдаггүй. Шоронд ямар хүнийг хорих вэ гэдэг асуудал маш тодорхой байх ёстой.

Гэрийн хорио зэргийг одооноос хэрэгжүүлнэ. Хуулийн дагуу зарим гэмт этгээдийг гэрт нь суулгана. Мөн зарим гэмт этгээдэд халдашгүй бүс тогтоох, бугуйвч зүүлгэх гэх мэтээр шийтгэдэг болно. Авлигад холбогдсон бол төрд ажиллах эрхийг нь бүрэн хасах хэрэгтэй. Төрийн албан хаагч авлига авсан бол дахиж төрд ажиллахгүй гэсэн ойлголт нийгэмд бүрэн тогтох ёстой. Нэг хоёр жилээр хасах бол үр дүнгүй. Ийм учраас хорихоос бусад аргаар шийтгэх арга барил өргөнөөр ашиглагдаж, хуульд тусгагдах болно.

Хохиролтой холбоотой асуудал байна. Эдийн засгийн ихэнх гэмт хэргүүдэд хохироогчийг нь хорьчихоор төрийн болоод тухайн хохирсон хүнийхээ ч хохирлыг барагдуулдаггүй. Тэгэхээр шинэ хуулийн дагуу тухайн гэмт этгээдийг тодорхой хүрээнд хорьж бизнесээ хийх боломжоор хангах ёстой. Тэгээд гэмт этгээдэд бусдын хохирлыг барагдуулахыг хатуу шаарддаг байя. Хэрэв энэ арга зам боломжгүй бол хорьдог ийм тогтолцоонд шилжих хэрэгтэй.
 

Миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл бол хүчирхийлэл

 
Манай нийгэм үнэхээр дөжирсөн байна. Ард иргэд маань охин үрээ хойноо нуух уу урдаа нуух уу гэсэн түвшинд хүрээд байна шүү дээ. Тэгэхээр бага насны охид бүсгүйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлыг орчинд үеийн нийгэмд ямар түвшин хуульчлах ёстой яг тэр түвшинд бид хуульчлах ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон этгээд шоронгоос гарсан ч гэсэн тухай хот тосгоны удирдлагад заавал анхааруулж мэдэгддэг. Мөн гэмт этгээд эмэгтэй хүнтэй таван метрийн зайд ойртсон байвал шийтгэдэг, ял нэмдэг хуулийн заалттай улс ч байна. Хүчингийн  ялыг тэр хүний нэр төртэй насаар нь уяж болно. Зарим газар тамгалдаг, бас засдаг юм гэнэ лээ. Монголд ингэдэггүй юм гэхэд хуулийн зохицуулалтыг маш хатуу хийж өгөх хэрэгтэй. Хуулийн төсөл дээр дутуу туссан байж магадгүй. Энэ асуудал дээр манай Их Хурлын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг энд хэлье. Ийм хуулиуд руу манай иргэд өөрсдөө сайн анхаарах хэрэгтэй. Сайн хууль гарах эсэх нь иргэдээс их хамаарна. Зарим нэг хуулийг явуулахгүй гэсэн асуудал гарч ирдэг. Үүнийг хэлэлцэхийг шаардаж, тодорхой асуудлыг тусгуулахаар иргэд хэр оролцохоос их зүйл хамаарна.
 
Гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хууль гарснаар энэ хуулийн байгууллагын шинэчлэл дуусахгүй. Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль гэсэн асар том хуулиуд бий. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль  гэж том хууль байна. Ингээд харахад ирэх гурав дөрвөн жилд эдгээр ажлууд дуусна гэхэд хүндрэлтэй байгаа. Иймд бид эцсийг нь үзэхийн төлөө явах болно.
 
Хамтдаа нийгмээ иргэн хүнийхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг болгоё
 
Нэг зүйлээс бид зугтах ёстой. Зарим хүн асуудлыг өөр дээрээ тусгаж аваад байдаг. Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд тийм зүйл ярьж байгаа бол намайг л муутгах гэж ярьж байна гэж. Үнэндээ бол тийм биш юм. Одоо бүгдээрээ өнөөдрөөс эхлээд нэг ойлголттой болмоор байна. Таны буруу биш. Энэ нь систем, тогтолцооны л буруу. Тиймээс бид энэ тогтолцоог л өөрчилөхийг хичээж байна. Тогтолцоогоо хамтдаа л өөрчилье. Хамтдаа нийгмээ иргэн хүнийхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг болгоё. Үүний төлөө Шүүх, Прокурор, Цагдаа, хууль хүчний байгууллага нь иргэддээ үйлчилдэг болцгооё. Буруутанг хэн нэгнээс хайхаа болих хэрэгтэй. Мөн гавьяатан хайхаа ч болих хэрэгтэй. Заавал нэг хүн дээр, эсвэл тодорхой албан тушаалтанд үүнийг наагаад байх шаардлагагүй. Энэ нь хэн нэг хүний ачаар биш ард түмний, жирийн иргэдийн шударга шаардлагаар хийж буй ажил гэж ойлгох хэрэгтэй. Гавьяаг наах хэрэгтэй бол ард түмэндээ наа. Бид бол тэр ажлыг хийхээр томилгоо авсан, үүрэг хүлээсэн хүмүүс. Би өнөөдөр энэ тухай ярих үүрэгтэй. Иймээс энэ тухай өнөөдөр ярьж байна.
 
Олон хууль хүлээгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүд ойлгох хэрэгтэй

 
Арваннэгдүгээр сарын 16-нд нэг асуудлаар өргөн хүрээтэй ярилцахаар төлөвлөж байна. Сүүлийн үед Монголд эдийн засагт хамгийн том эрсдэл юу байна гэхээр төрийн дарамт шахалт, улс төр байна гэж хүн бүхэн яриад байгаа. Гэтэл түүнийг яаж засах вэ гэдгийг ерөөсөө ярихгүй байна. Засах тэр аргыг гаргаж ирж буй хүн ч алга байна шүү дээ. Хэлэлцүүлгээр хэрхэн ярьж байгааг нь ороод үзэхээр тэнд өөдтэй нэг ч санаа байхгүй байна. Наад зах нь миний бодож харж байгаа санаанаас хоёр гурав дахин илүү тийм санал санаачилгыг хармаар, сонсмоор байна. Тэгэхээр ер нь төрийн байгууллагын ажлыг яаж зөв болгох вэ. Эдийн засагт оролцоод байгааг яаж бага болгох вэ. Энэ бүтээлч нийгмийг авч яваа хүмүүсийн эрх ашгийг яаж хамгаалдаг болох вэ. Төрийг яаж байх байранд нь тавих вэ. Энэ бүгдийг ойрын хугацаанд ярих хэрэгтэй гэж бодож байна.
 
Энэ нь хоёр гурван жил, магадгүй таван жилийн их хэмжээний ажил байж болох юм. Тэгэхээр төрийн хүрээний шинэчлэл, Улс төрийн хүрээний шинэчлэл, цаана нь аюулгүй байдлын шинэчлэл гээд бүхэл том асуудал байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд удирдах бүх албан тушаалтан ажлаа сайн мэдэх хэрэгтэй байна. Энэ бүхэндээ зөв дараалал гаргаад орохоос өөр аргагүй байна. Ажлаа мэдэх хэрэгтэй гэж яагаад хэлээд байна вэ. Жишээ нь төсөв баталсны дараагаар гэхэд араас нь хэчнээн олон хууль хүлээгдэж байгаа гэдгийг манай Их Хурлын гишүүд ойлгох хэрэгтэй. Тэр ажлыг зарим нь мэдэхгүй байгаа учраас шал өөр өөр зүйл ярих юм. Засаг унагаана ч гэх шиг буруу зүйл их яриад байна. Их Хурал бол иргэдийн амьдралд хүсээд хүлээгдээд байгаа дээрх асуудлуудыг улам боловсронгуй болгоод баталж өгдөг, иргэнийхээ эрх үүрэг, зарчимд нь тулгуурласан хуулийг боловсруулан батлах л үүрэгтэй газар.
 
Энэ санаачилж хийж байгаа  бүх зүйлд илүү юм байхгүй шүү. Магадгүй дутуу зүйл байгаа байх. Жишээ нь задалж шийтгэл ногдуулах тэр зүйлүүд гэхэд 10 зүйлийн хэргийг одоо хоёр зүйл ангиар шийтгэж байгаа байх. Одоо үүнийг болиод 10 зүйл анги болгох зам луу явж байна. Энэ хууль шүүхийн алдаатай үйл ажиллагаанд өртсөн хүн Монголд олон байгаа. Жирийн иргэн босч ирээд энэ шүүгч, тэр цагдаа миний хэргийг буруу шийдсэн гээд хэлэх байх. Түүнийгээ хэлэх боломжийг тусгадаг хууль бол Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль.   Энэ хууль дээр одоо ажиллаж байгаа энэ үед  манай иргэд хамгийн өргөнөөр оролцох хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гэж зүтгэж байгаа бидний хувьд хамгийн өргөн, хамгийн томоор харж чадах хэмжээндээ харах хэрэгтэй байна. Бүр том амбицтай хар. Түүнийг чинь хасаад өгөх хүмүүс зөндөө байгаа. Манай нийгэмд аливаа асуудлыг ойлгодоггүй хүмүүс л их шүүмжилдэг.



Төрийг байранд нь зөвөөр тавих энэ ажлууд руу ойрын өдрүүдэд орох болно

 
Хуулийн шинэчлэлийг иж бүрнээр нь сайнаар хийхийн төлөө энэ цаг хугацаа, бүх зүйлээ зарцуулах болно. Ирэх 16-нд би төрийн байгууллагын удирдлагуудыг бүгдийг нь урьж байгаа. Мөн Засгийн газар, Их Хурлын гишүүдийг ч бас урьж байгаа. Их Хурлын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан. 16-ны хурлыг таны сонгосон гишүүн тань тасалсан байх юм бол тухайн гишүүдээс хариуцлага нэхэх хэрэгтэй. Зарим улс төрчид асуудал сонсож чаддаггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хэлэлцүүлэгт бизнесийн хүрээнийхнийг ч оролцуулна гэж бодож байгаа. Мөн судлаачдыг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оруулъя гэж төлөвлөж байна. Зөвхөн сурвалжлах биш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлмээр байна. Ерөнхийлөгчийн бодож, төлөвлөж байгаа энэ асуудлууд зөв байна уу. Шийдэх шийдэл нь зөв байна уу гэдгийг  ярилцах хэрэгтэй юм.
 
Яагаад ингэж байна гэхээр энэ асуудлуудыг би өөрөө багагүй анхаарч, зарим улс төрийн нам, судлаачдыг оролцуулан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм. Төрийг байранд нь зөвөөр тавих энэ ажлууд руу ойрын өдрүүдэд орох болно Энд бид юу хийх хэрэгтэй байна, тэр бүхнийг орхихгүй гэж би хэлье.

Яг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь Монгол Улсын байр суурь болчихоод байдаг гэдэг. Монгол Улсад Зүүн хойд Азид илүү сонирхол байхгүй, бидэнд энх тайвныг тогтоох сонирхол байгаа гэдэг шиг Ерөнхийлөгчид илүү сонирхол, илүү амбиц байхгүй. Тийм учраас зарим нэг асуудлыг гаргаж хэлж явахгүй бол болохгүй байна. Иймд бүгдээрээ хамтарч оролцъё.

Дахин хэлэхэд буруу байгаа бол бидний тогтолцооны л асуудал. Энд хувь хүн, аль нэг улстөрийн намыг буруутгах гээгүй. Зөв болоод явбал бид ард түмнийхээ чөлөөт сонголтод талархах ёстой. Зөв болгохын төлөө ажлаа хийх ёстой. Энэ үгийг л та бүхэнд хандаж хэлэх гэсэн юм.

Нэлээн урт үг хэллээ. Гэхдээ аливаа асуудлыг ярьж хэлж ойлгуулж, ойлголцож байж асуудлыг зөв тийш нь чиглүүлдэг шүү дээ.

 Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж