650000 тонн нефть экспортолно

Хуучирсан мэдээ: 2013.11.06-нд нийтлэгдсэн

650000 тонн нефть экспортолно

Газрын тосны салбарт олборлолт явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Доншин газрын тос Монгол”, “Петрочайна Дачин Тамсаг” компаниуд ирэх жилээс хөрөнгө оруулалтаа бууруулах болно гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Цагаан элсний ордод газрын тос олборлодог “Доншин газрын тос Монгол” компани хөрөнгө оруулалтын хэмжээгээ 50 хувиар бууруулах даалгаврыг толгой компаниасаа авчээ. Шалтгаанаа тус компанийн гүйцэтгэх захирал Сүн хуан вү “Монголын татварын орчин тогтворгүй, шинэ төрлийн татвар ногдуулахын зэрэгцээ төрөөс газрын тосны салбарт ямар бодлого барих нь ойлгомжгүй байна” гэж тодотголоо. Тэгвэл Тамсагийн сав газарт газрын тос олборлож буй  “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хуулийн зөвлөх Ван Пен “Монголын шүүхийн шийдвэр зөвхөн нэг талыг барьж гарч байна. Байгаль орчин сүйтгэсэн гэх үндэслэлээр Монголын шүүхээс манай компанид 1.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Дээр нь хөрөнгө оруулах таатай орчин бүрдэхгүй байна” гэх гомдлыг сэтгүүлчдийг Зүүнбаянгийн Цагаан элсний ордын газрын тосны олборлолттой танилцах үеэр дуулгасан юм.

Мөн тэд газрын тос хайх, олборлоход эрсдэл өндөртэй болохыг онцоллоо. Зөвхөн нэг өрөмдлөг хийхэд 700 мянган ам.доллар зарцуулдаг. Дээр нь хуульд заасны дагуу тухайн хайгуул, өрөмдлөг хийсэн газартаа техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Энэ бүхэнд хөрөнгө ихээр зарцуулдаг. Гэтэл Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу экспортолсон бүтээгдэхүүнээсээ 24 хувийг Монголд татвар хэлбэрээр өгч үлдсэнээр нь зардлаа нөхөн ашиг гаргах ёстой ч түүнд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс хөрөнгө оруулалтаа бууруулах замаар үйл ажиллагаагаа хумих бодлого барихаас аргагүйд хүрсэн гэж тайлбарлалаа.

“Доншин газрын тос Монгол” компанийн тухайд онцлоход, Зүүнбаянгийн Цагаан элсний ордод 2003 онд хайгуулын ажлаа эхлүүлж байжээ. Түүнээс хойш 111 цооногийг шинээр өрөмдөж, Цагаан элсний орд нь 186.1 сая баррель газрын тосны баталгаат нөөцтэй болохыг тогтоосон юм байна. Харин олборлолтын үйл ажиллагаанд шилжсэнээр 2.9 сая баррель газрын тос олборлож экспортод гаргажээ. Нэг тонныг нь 1100 ам.доллараар борлуулдаг. Мөн татвараар дамжуулж 2012 онд Монгол Улсад 15.9 тэрбум төгрөг төлсөн бол 2011 онд 15.6 тэрбум төгрөг төлж байжээ. Газрын тосны олборлолтын оргил үе нь 2010 онд тохиож, 80.2 мянган тоннд хүргэж байсан аж. Харин энэ жилийн хувьд нийт есөн цооног өрөмдөхөөр тооцоолсон ч таван цооног л өрөмдсөн. Энэ нь олборлолтод нөлөөлж 536.2 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн ч дээрх хэмжээнд хүрэхгүй 514.8 саяд хүргэснээр энэ оны ажлаа дуусгах болжээ. 

Нийт 160 гаруй ажилтантай, тэдний 60 гаруй нь хятад иргэд бол бусад нь монголчууд. Мэргэжил шаардсан нарийн ажлыг өмнөд хөршийн иргэд нугалдаг. Гэхдээ зургаан монгол иргэнийг нарийн мэргэжлээр сургахаар Хөх хотын аж үйлдвэрийн дээд сургууль руу өнгөрсөн намар илгээсэн. Тэд эхний 1.5 жилийг хэлний бэлтгэлээр суралцана,  түүнийгээ давчихвал цааш үргэлжлүүлж сурах “виз”-тэй болох юм байна.

Харин монгол ажилчдын сарын цалин 200-280 ам.доллар байна.

Газрын тосны хуулийг шинэчлэн батална

УИХ-аас өнгөрсөн есдүгээр сард Хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар дөрвөн төрлийн татварыг тогтвортой мөрдөх зарчмыг хатуу зааж өгсөн ч газрын тос олборлогч компаниудад энэ нь хангалттай баталгаа болж чадахгүй байгаа бололтой. УИХ-д өргөн баригдсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад томоохон ач холбогдол өгч байна. Хэрвээ энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх бололцоо одоогийнхоос илүү хумигдвал шууд нутаг буцахаас аргагүй аж. Гэхдээ өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаа шууд хаяад явах нь өндөр эрсдэл дагуулах тул  толгой компаниудынх нь зүгээс ирэх жил “Хөрөнгө оруулалтаа багасга” гэх үүрэг өгсөнөөр ажлаа зохицуулж байгаа бололтой.

Харин одоо үйлчилж байгаа Газрын тосны хуулийг УИХ-аас 1991 онд баталж байжээ. Үүнээс хойш хуульд томоохон өөрчлөлт оруулаагүй бөгөөд цагийн аясаар шинэ зохицуулалтыг тусгах шаардлага үүссэн аж. Тиймээс Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг хадгалж холбогдох зохицуулалтыг тусгасны зэрэгцээ газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг илүү боловсронгуй болгож өгчээ. Төслийг илүү чамбайруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгааг Газрын тосны газрын дарга Дорноговь аймагт ажиллах үеэрээ онцоллоо.

Олборлосон нефть Монголдоо буцаж ирдэг

Газрын тос олборлож байгаа Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд “Хууль эрх зүйн орчноо аятай таатай бүрдүүлж өгөхгүй, мөн төрийн бус байгууллагуудаараа шантааж хийлгэн нөхөн төлбөрт унагаад байвал хөрөнгө оруулалтаа бууруулаад, хаалгаа барьсан ч яах вэ” гэх аястай байр суурь илэрхийлсэн нь нэг талдаа шантаажлаад байна уу гэх хар төрүүлээд авсныг сануулах ёстой болов уу.

Гэхдээ үндэсний компаниуд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх хэмжээнд бяр сууж чадаагүй байгаа нь гадаадынхныг шууд үргээчихэж боломгүй мэт. Учир нь нефть олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг гуравхан компани байгаа юм.

Мөн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдаас газрын тосны салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд л тэсч үлджээ. Энэ жил газрын тосны салбарынхан татварт 165 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилт тавьсан нь давж биелэх төлөвтэй аж. Ингэхдээ 650 мянга гаруй тонн нефть экспортлоно гэсэн том амбиц тавьжээ. Олзуурхууштай бас нэг мэдээлэл байгаа нь, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгийн тайлбарласнаар Монгол Улс нефтийн импортоор өнгөрсөн жилүүдэд “Роснефть” компаниас 97-98 хувь  хамааралтай байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж 25 хувийн хамааралтай болжээ. Тодруулж хэлбэл, үлдсэн хэрэглээгээ Хятад, БНСУ-аас хангаж байгаа аж. Ингэхдээ Тамсагийн сав газраас олборлосон газрын тосоо урд хөршид боловсруулаад буцаан импортолдог. Монгол Улс одоо нефть олборлогч орны статустай болсон, удахгүй нефть боловсруулагч орон болно. Эхний ээлжинд Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна. Тэр цагт Монгол Улс нефтийн хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангах бололцоотой болох юм. Учир нь тус үйлдвэр жилдээ 2 сая тонн нефть боловсруулна. Харин Монгол Улсын нефтийн жилийн хэрэглээ 1 сая тонноор хэмжигдэж байна.

Г.ДАРЬ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж