
Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн жил их, дээд сургуулийн 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон гэх тооцоо гарчээ. Энэ мөнгөөр нэн тэргүүнд тулгамдаад байгаа сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх байсан юм гэж үзэх хэсэг байхад суралцагчдын нийгмийн баталгаа болсон тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэх нөгөө хэсэг бас байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийг санаачлахдаа оюутнуудын нэн тэргүүний хэрэгцээ, нийгмийн баталгааг хангахыг чухалчилж байв. Тэгвэл дээрх хуульд өөрчлөлт оруулахаар Сангийн яамнаас хуулийн төслийг боловсруулаад байна. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ арван сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэхээр байна гэж хуульд анх заасан. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардсан мөнгөний ажил, хөдөлмөрийн гэрээ болон тусгай ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн хөлсний нийтээр дагавал зохих хамгийн доод хязгаарыг хэлнэ гэж заасан байдаг. Харин суралцагчдад олгож байгаа тэтгэлэг нь урамшууллын шинж чанартай учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан нэмэгдүүлэх нь хуулийн зүйл заалттай нийцэхгүй гэж үзжээ. Хуульд орж буй гол өөрчлөлт нь тэтгэлгийн хэмжээг тухайн жилийн улсын төсөвтэй уялдуулан Засгийн газраас тогтоодог байх. Энэ оны есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга 400 төгрөг болж нэмэгдүүлсэн. Тиймээс нэг оюутанд олгож байгаа 70200 төгрөг 96200 болж өсөх ёстой. Гэвч ирэх жилийн төсвийн нөхцөл байдал хүнд, зардлаа танаж байгаа тул ядаж 70 мянгадаа бариулахыг чармайж сууна. Засгийн газар тэтгэлгийн хэмжээг тогтоодог болчихвол цаашдаа тэтгэлэг багасах, бүр олгохгүй байх тал руу шилжих вий гэдэг болгоомжлол бий. Нөгөө талаас улсын төсвөөс гарч буй олон тэрбум төгрөгийг хэмнэх, үр ашигтай зүйлд зарцуулах, оюутнуудын сурлагын чанарыг харгалзан тэтгэлгийг ялгавартай өгдөг байх зэрэг асуудал хөндөгдөж буй.
Хувийн сургуульд эдийн засаг, банкны чиглэлээр суралцдаг оюутан мөнгөн дүнгээ ч зөв бичиж чадахгүй тээнэгэлзэх, тэтгэлгийн мөнгө “буусан” өдөр хаа сайгүй хөлчүү оюутнууд хөлхөх. Энэ мэт дүр зураг төсвийн олон тэрбумыг үр ашиггүй зүйлд цацаж байна, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн эздийн бизнесийг цэцэглүүллээ гэж шүүмжлэхэд хүргээд байгаа. Бодит амьдрал дээр энэ мөнгө үр дүнгээ өгч байна уу гэдэг асуудалд Боловсрол шинжлэх ухааны яам, ТББ-тай хамтран судалгаа хийжээ. Судалгаагаар их, дээд сургуульд суралцагчдын 62 хувь хөдөө орон нутгийн суралцагчид. Тэдний дөнгөж 10-14 хувь нь буюу жилдээ 14 мянган оюутан дотуур байранд хамрагддаг. Үлдсэн хувь нь ах дүү хамаатан садан, нийтийн байр, хажуу өрөө хөлсөлж амьдардаг аж. Тиймээс оюутнуудын олонх нь тэтгэлгийн мөнгөө амьдрах байр, сургалтын төлбөрийн тодорхой хувьд зарцуулдаг болох нь судалгаагаар гарсан байна. Тэгэхээр оюутан болгон тэтгэлгийн мөнгөө шоу цэнгээнд зориулдаггүй, тэтгэлэг хэрэгтэй хэсэгтээ нийгмийн баталгаа болж чадаж байна гэж дүгнэж болохоор. Түүнчлэн хувийн хэвшлийн их, дээд сургуулийн эздийн бизнесийг дэмжлээ, сургалтын төлбөр хэтэрхий өндөр байна гэдэг шүүмжлэлийг гишүүдийн зүгээс тавьж буй. Эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Их дээд сургуулиудын санхүүжилтийн 92 хувь нь сургалтын төлбөрөөс, 5-8 хувь нь өөр эх үүсвэрээс санхүүждэг. Үүнээс оюутнуудын элсэлтийн тоо нэмэгдэх хандлагатай болсон. Цаашид сургалтын чанар, өгөөжийг харгалзах, магадлан итгэмжлэгдсэн сургуулиудаа аттестатчлах, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах орчныг стандарт шаардлагыг өндөржүүлэхээр төлөвлөж байна” гэж хариулжээ.
2014 онд өмнөх жилийнхтэй дүйцэх мөнгийг тэтгэлэг олгоход зориулж улсын төсөвт тусгаад байгаа. Хуульд өөрчлөлт орвол тэтгэлгийн хэмжээ 92 мянган төгрөг болж өсөхгүй байх магадлалтай. Гэхдээ тэтгэлгийг сурлагын чанар, идэвхи чармайлт зэргийг нь харгалзан үзэж ялгавартай өгдөг болох талаар хуулийн төсөлд нэмж тусгах саналыг гишүүд хэлж байгаа.
Энэ олон их, дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 30-40 хувь нь ажлын байртай үлддэг гэхээр оюутнуудад тэтгэлгийг хавтгайруулан олгохоос илүү сургуулиудын сургалтын чанар, багшлах боловсон хүчний мэдлэг ур чадварыг сайжруулах ажлыг үе шаттай, бодлогын түвшинд авч үзэх шаардлага тулгараад байна. Ажлын байргүй атал 100 орчим их дээд сургуульд 175 мянга гаруй оюутанд адил тэгш тэтгэлэг олгох хэрэг байна уу. Үүний оронд гэртээ хүмүүжиж байгаа 80 мянган хүүхдийн цэцэрлэг барих асуудлыг шийдэж, муу сурдаг оюутанд тэтгэлэг олгохгүй гэдэг өгүүлбэр хууль, журамдаа оруулчихмаар байна.
Адаглаад оюутнуудыг цагийн ажил хийх боломжоор хангаж, бодлогоор дэмжээд явчихбал ядуу оюутнуудын “өлсгөлөн” гэх тодотгол арилж, төсвийн мөнгийг бага ч болов хэмнэх бус уу.