1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаас хойш Монголын хэвлэл мэдээлэл ихээхэн өөрчлөгдөж, ихээхэн хөгжиж байна. Дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээлэлд гарч байгаа шинэ хандлага, ололтоос хоцрохгүйгээр хэрэгжүүлж чадаж байна. Гагцхүү хоцорч буй, ахиц дэвшил гарахгүй байгаа ганц зүйл нь сэтгүүлчид бид өөрсдөө, бидний ёс зүй болжээ. Сэтгүүлч мэргэжлийн мөн чанар, энэ мэргэжлийг цэвэр, ёс жудгаар нь байлгах хүсэл эрмэлзэлтэй мэргэжил нэгтний тоо улам цөөрсөөр байгаа нь аймшигтай.
Нийгэмд нөлөөлөх агуу хүчтэй байж, нийтээрээ буруу зам руу явж байвал зөв замд нь залах хүч бидэнд бий. Гэхдээ зөвхөн үнэнийг мэдээлж чадсан нөхцөлд л энэ хүч бяр бидэнд амтагдана. Харамсалтай нь сэтгүүл зүй өөрөө буруу замаар будаа тээсээр удаж байна. Яагаад ийм зүйл бий болов оо. Үүнд уялдаа холбоо бүхий олон нөхцөл байдал нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар Монголын зах зээлийн чадамжаасаа давсан тооны олон мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна. Хэвлэлийн Хүрээлэнгийн тайланд дурдсанаар 2011 оны эцсийн байдлаар Монголд 126 сонин, үүнээс өдөр тутмын 16, долоо хоног тутмын 30 сонин гарч байна. Мөн долоо хоногийн 52, улирал тутмын 40 сэтгүүл хэвлэгддэг. Улаанбаатар хотын 12-оос дээш насны оршин суугчдын 14 хувь нь өдөр бүр сонин уншдагийн дийлэнх нь ажил эрхэлдэг, 30-аас дээш насны, дээд боловсролтой иргэд ажээ. Мөн нийтдээ 187 ТВ суваг байгаагийн 61 нь нийслэлд мэдээллээ түгээж байна. Үүн дээр сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн цахим хуудсуудын тоог нэмбэл монголын хүн ам мэдээллээр бялхаж байгаа дүр зураг буух учиртай. Гэвч асуудлын гол нь монголчууд гажуудсан мэдээллээр бялхаж байна. Зарим үед бүүр “зохиомол” мэдээллээр бялхаж байна. Ямар мэдээлэл түгээхийг мэргэжлийн ёс зүйгээр биш, мэргэжлийн ур чадвараар биш, зөвхөн мөнгөөр шийдэж байна. Мэргэжлийн сэтгүүлчид биш PR-чдын дохиураар сэтгүүл зүй удирдуулж байна.
Энд нэгэн жишээг хуваалцъя. 2008 онд Германд телевизийн зар сурталчилгаатай холбоотой томоохон шуугиан дэгдсэн байна. Машин болон эм үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрийн зар сурталчилгааг тогтсон журмын дагуу зар сурталчилгааны тодорхой цагт явуулахгүйгээр сэтгүүлчдийн хийсэн нэвтрүүлэг, сурвалжлагын дундуур цацуулсан байна. Ингэхдээ компаниуд мөнгөө Швейцарийн банкинд хийж, тэндээсээ телевизүүдэд болон тухайн нэвтрүүлгийг бэлдсэн сэтгүүлчдэд мөнгөө тараажээ. Мэдээж зар сурталчилгааны цагаар нэвтрэх зарыг хэдэн хүн үзэх вэ, сэтгүүлчийн бэлдсэн нэвтрүүлгийг хэдэн хүн үзэх вэ гэдэг газар тэнгэр шиг ялгаатай. Ийм заль явагдсаныг бусад сэтгүүлчид мэдэж, ёсзүйн асуудалтай холбон нийгэмд гаргаж ирсэн байна. Эцэст нь үзэгчдийг зальдаж, нэвтрүүлгийнхээ дундуур реклам цацсан сэтгүүлчид бүгд ажлаасаа халагджээ. “Ийм үйлдэл хийсэн сэтгүүлч дахин ажил олох хэцүү, магадгүй PR-чид болсон байх. PR-чид гэдэг бол сэтгүүлчийн зиндаанд тооцогдохгүй” хэмээн Германы DW-ийн улс төрийн сурвалжлагч, Редакцийн зөвлөлийн гишүүн Алекс Мэнц хэлсэн. Энэ жишээнээс харахад Монголд байдал яг л нөлөөтэй толинд харсан мэт байгаа.
Сэтгүүлчид, хэвлэлийн редакц хэн нэгнээс мөнгө авч сэтгүүл зүйн нийтлэл, нэвтрүүлэг хийнэ гэдэг герман сэтгүүлчдийн ухамсарт суугаагүй өгөгдөл болох нь манай Монголын нэгэн сэтгүүлчийн ийм төрлийн асуултыг огт ойлгохгүй байгаагаас харагдаж байсан. “Би ерөөсөө төсөөлж чадахгүй байна, яг яадгийг хэлээд өгөөч” гэсэн хариу асуултад Монголын сэтгүүлчид хариулах цаг иржээ.
Мэдээж Герман, Монголын чөлөөт сэтгүүл зүйн түүх, нөхцөл байдал тэс өөр. Германд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт маш нарийн уялдаа холбоотой хийгдсэн. Ер нь Германы эрх зүйн зохицуулалт баадуутай цаг мэт нарийн хийгдсэн байдагтай адилаар хэвлэл мэдээллийн ёс зүйг Хэвлэлийн зөвлөл хэмээх баадуутай цаг хянаж байдаг. Гэвч баадуутай цагийг түлхүүрээр түлхэж байж ажилладаг шүү дээ. Тэгвэл Германд энэ түлхүүр сэтгүүлчдэд өөрсдөд нь байдаг. Чухамдаа сэтгүүлч сэтгүүлчийнхээ, редакц редакцийнхаа ёс зүйг маш хянамгай ажиглаж, алдааг илэн далангүй, хайр найргүй илчилж чаддаг учраас цагаа ажиллуулж чаддаг байна.
Харин Монголд эсрэгээгээ “хаяагаа хадрахгүй” гэсэн бичигдээгүй хууль сэтгүүлчид бидний дунд бий. Чухам хэзээнээс үйлчилж эхэлсэн юм бүү мэд. Энэ бидэнд хэрэгтэй гэж үү. Хамтдаа эргүүлэгт унахгүй гэвэл цагныхаа түлхүүрийг эргүүлмээр байна.
Жич: Германы Дойче Велле академийн зохион байгуулж, ХБНГУ-ын Гадаад явдлын яамнаас санхүүжүүлсэн “Монгол-Германы хэвлэлийн диалог” нэртэй аяллын ажиглалтаас хуваалцлаа.