Энэ
жилийн Оскарын шагналын гол өрсөлдөгч болсон "Хар хун"
киноны найруулагч Даррен Аранофски ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны хооронд үргэлжлэх Венецийн кино наадмын
шүүгчдийн бүрэлдэхүүнийг даргалахаар болжээ. Америкийн
кино академийн шагнал гардуулах ёслол Оскарын дараа орох томоохон кино наадамд тооцогдох
Венецийн кино наадам нь таван тивийн шилдэг кинонууд түлхүү оролцдог олон улсын хэмээх шинж
чанараараа Оскараас давж гардаг. Тиймээс энэхүү наадмын шүүгчээр тэр дундаа ерөнхий шүүгчээр ажиллана гэдэг кино урлагийн
салбарынхны хувьд нэр төрийн хэрэг болдог билээ. Тэгвэл
энэхүү хүндтэй үүргийг энэ жилийн хувьд Даррен
Аранофски хүлээж байна. Тэрбээр энэ жилийн Оскарт "Хар хун",
"Тулаанч" гэсэн хос морьтой оролцож гурван ч оскарын шагналыг уран бүтээлийн багийнхандаа бэлэглэж
чадсан сүүлийн үед кино урлагт тэсрэлт хийж яваа
авьяаслаг найруулагч юм. Өнгөрсөн жилийн Холливуудын нүүрийг тахлах даацтай бүтээлүүдийн тоонд яах аргагүй түүний Натали Портмений шинэ дүр төрхийг нээж Оскарын шилдэг эмэгтэй
жүжигчний шагналд хүргэж чадсан "Хар хун"
кино болон сүүлийн үед чадварлаг чамбай дүрүүдээрээ хүч түрэн орж буй авьяаслаг жүжигчин Кристиан Бэйлийг мөн хүртэх ёстой шагналд нь буюу шилдэг
эрэгтэй туслах дүрийн Оскарын шагналд хүргэж өгсөн "Тулаанч кино" орж
байгаа. Тиймээс ч түүний энэ амжилтыг үнэлж 68 дахь удаагийн Венецийн
кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүний даргын хүндэт суудалд суулгажээ.
Тэрбээр
Венецд дуртай нэгэн. Учир нь гурван жилийн өмнө карьер нь дуусчихаад байсан
холливуудын хөгшчүүлийн нэг Микки Руркийг гол дүрд нь сонгож тоглуулсан
"Wrestler" буюу Нохой зодоонч киногоороо 2008 онд Венецийн кино наадмын
гол шагнал болох Алтан арсланг хүртэж байсан түүхтэй. Тиймээс ч түүнийг энэ наадамд тун амжилттай
оролцдог найруулагч төдийгүй элэгтэй нэгэн гэдэг. Харин
одоо тэрбээр өмнө нь өрсөлдөгчдийн эгнээнд сууж байсан дэвжээнийхээ
шүүгчээр ажиллахаар Венецд очих аж.
Н.Наран