
Ямартай ч энэ бол МАН-ын Бага хурлын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх асуудал байлаа. Энэ утгаараа тус намын гишүүн бус хүмүүст хамааралгүй. Үүнийг л зарим хүн мартаад байх шиг. Юуны өмнө түүнийг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч гэдгээр хараад байгаа бололтой юм. Гэтэл улс төрийн байр суурийн хувьд Ж.Мөнхбат гэдэг энэ залуу МУИС-ийг улс төр судлаачаар төгсөөд АНУ-д англи хэл сураад ирсэн цагаасаа хойш их улс төрөөс салсангүй.
Улс төрийн ууган хүчний бүх л жагсаал цуглаан хатүү хөтүүд нь зүтгэж явсан хат сууж буй улстөрч билээ. Тэрбээр одоогоор МАН-ын шинэхэн генсек гэгдэж байгаа бол УИХ-ын 2016 оны сонгуульд тэрбээр шууд УИХ-ын гишүүн болно. Учир нь пропорциональ системийн жагсаалтаар намаасаа хоёрдугаарт бичигдэх хүн болчихлоо. Хоёр жилийн дараах шинэхэн УИХ-ын гишүүнтэй одоо танилц, Монголын нийгэм.
Тэр бол У.Хүрэлсүхийн “гарын бүтээгдэхүүн”. У.Хүрэлсүхийн хувьд хэдийгээр хурц иртэй, эр зоригтой, огцом, гайхалтай алхмуудыг хийдгээрээ дахин давтагдашгүй дүрээ Монголын улс төрд дархалж чадсан ч үүний зэрэгцээ хүн чанар, нинжин сэтгэлийн үрээр хайртай ханийнхаа эрүүл мэнд, эрхэм нандин гэр бүлийнхээ төлөө УИХ-ын гишүүний суудлаа орхисон. Энэ бол олон хүний далд болон ил хүсэн мөрөөддөг, заримдаа эрх чөлөөнийх нь “цайз” ч болдог чухал бөгөөд үнэ цэнтэй эрх мэдэл яах аргагүй мөн байв. Харин Ж.Мөнхбат бол хурц дайчин боловч нэлээд цагаахан байж магадгүй. Түүний шүлгүүдээс өнөөгийн болж бүтэхгүй нийгэмтэйгээ тэрсэлж адарч яваа яруу найрагчийн шаналан үнэртдэг. Учир нь тэр эх оронч хүн байх.
Шинэхэн генсек Ж.Мөнхбатад МАН гэдэг том хөлөг онгоцны жолоог атгаж, хар бор хамаг ажлыг хийх хангалттай туршлага, чадамж, хамгийн гол нь эр зориг, сэтгэлийн хат бий. Тэрбээр шинэчлэлийн төлөө, шударга ёсны төлөө өлсгөлөн зарлах, жагсаал цуглаан зохион байгуулахад тэргүүнд нь явж байсныг олон нийт мэднэ. Залуу хүнийхээ хувьд түүнд алдаа гаргах үе байсан. Тэр ч байтугай хааяахан казино тоглочихдогт нь хүртэл уучлах шалтгаан хангалттай төдийгүй энэ бүхнээ засаж хасаж чадна гэдэгт намын “ах нар” нь ч итгэдэг юм билээ.
Үүнд л Ж.Мөнхбатын улс төрийн амбицийг зөвтгөх шалтгаан оршиж байгаа юм бус уу. Энд шинэ генсекийг бялууртал магтъя гэж бодсонгүй. Харин асар богино хугацаанд буюу ердөө дөрөвхөн жилийн дотор өөрийг нь тойрон хүрээлэх залуусын багийг бүрдүүлж чадсан нь хүн бүрт заяахгүй “авьяас” юм уу гэж харагдсаныг нуух юун. Саяхан буюу МАН-ын Бага хурлын өмнөхөн түүний төрсөн өдөр тохиов. Эгээ л лидерүүдийн төрсөн өдөр аятай зөндөө олон залуус түүнд өгөх бэлгээрээ өрсөлдөж угтаж тосно. Маш сонин зураглал харагдсан. Өөрөөр хэлбэл Ж.Мөнхбат бол “рекетчин” биш. Жирийн л нэг найрагч залуу. Гэхдээ түүнд зарим хосгүй чадвар буй. Тиймээс ч 21 дүгээр зуунд “Үнэн” сонины эрхлэгчээр ажиллахаас “ичээгүй”. Харин ч баярлаж өөд татахаар ханцуй шамлан ажилласан. Өөрийн нөлөөллөө бэхжүүлэхэд тус сониныг ашиглах арга замыг хайсан.
Үнэн хэрэгтээ Ж.Мөнхбатын үеийнхэнд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд даргаар ажиллана гэдэг “жижиг амбиц” биш ээ. Тэр үүгээрээ үеийнхнээсээ ялгарч тэднээр хүрээлүүлж чадсан. Дээр бичсэн зүйл дотор оргүй худал зүйл байхгүй. Тиймээс Ж.Мөнхбатыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Танилц, тэр бол 2016 онд УИХ-ын гишүүн болох Ж.Мөнхбат юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин