Б.Чойжилсүрэн: МАХН-тай эргэж нэгдэх нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн: МАХН-тай эргэж нэгдэх нь зүйтэй

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг “Ярилцах танхим”-даа урьж, МАН-ын их хурлын үр дүнгийн талаар ярилцлаа.

-МАН-ын их хурал болж өндөрлөлөө. Их хурлаараа намын Бага хурал, Удирдах зөвлөл, намын дарга удирд­лагуудаа шинээр сонголоо. Та намынхаа их хуралд хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Намын их хурал бүх хүнд таалагдана гэж байхгүй. Өөлөх шалтгаан бол олддог. Тодорхой хэмжээний шинэчлэлийн асуудал, мөрийн хөтөлбөр, намын дүрмээ баталлаа. Одоо ард түмний хүлээж байгаа зүйлд хариулт өгөх хэрэгтэй байна. Улс орныг яаж удирдах вэ гэдэг баримт бичгийг баталсан. Энэ талаар намын Удирдах зөвлөл, хэвлэлийн алба олон нийтэд тайл­бар өгөх байх. Бодлогын баримт бичиг шинэчлэх талдаа сайн болсон. Гэхдээ бүх зүйлийг 100 хувь сайн хийнэ гэж байхгүй. Намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлээ бол өөрчлөөгүй. Мэдээж менежментийн өөрчлөлтүүд бол цаг тутам хийгдэж байх ёстой. Ялагдахаараа л шинэчлэх тухай ярина гэж байхгүй шүү дээ. Цаг тутамд яригдах асуудал. Улс төрийн бодлого гэдэг цаг тутамд шинэчлэгдэх ёстой гэж хардаг. Өөрсдийгөө байнга сонгогчийн нүдээр харах ёстой. Арга барилаа байнга шинэчилж өөрчилж байх ёстой. Намын гол зорилго бол сонгуульд ялалт байгуулах явдал байдаг. Ялалт байгуулсны дараа Засгийн эрхийг барьж өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх юм. Тийм учраас бидний ойрын зорилт бол 2016 онд ялалт байгуулах нь чухал. Түүний дараа Ерөнхийлөгчийн сонгууль байна. Иргэд сонгогчид юу хүсч байна, түүнийг нь хийх ёстой. Манай нам 90 гаруй жи­лийн түүхтэй нам. Тийм учраас манлайллын үүргээ хэрэгжүүлэх, тулхтай байх, урт хугацааны сайн бодлого хэрэгжүүлэх нь чухал байна.

-Намын их хурлаар өнгөр­сөн сонгуулийн талаар хэлэлцэж, дүгнэсэн зүйл ха­рагдсангүй. Удирдлагууд ха­риуцлага хүлээ­гээд албан ту­шаалаасаа огцорж байгаа учраас тэгэв үү?

-Намын даргын илтгэлийг хар­сан байх. Их хурлын сонгуулийн дараагаар Ө.Энхтүвшин дарга, Г.Зан­даншатар хоёр сонгогдон ажил­ласан. Орон нутгийн сонгууль, Ерөн­хийлөгчийн сонгуульд ялалт авчирж чадсангүй гээд  энэ хоёр маань багаараа хариуцлага хүлээ­лээ. Би ч гэсэн хариуцлага хүлээж Удирдах зөвлөлийн гишүүнээс гарсан. Бид намаа ялуулж ча­даа­гүй нь үнэн. Тийм учраас ха­риуцлагаа хүлээх нь зүйтэй. Шинэ хүмүүс ажиллах хэрэгтэй. Ингэж хариуцлага хүлээх нь байх ёстой зүйл гэж бодож байна. Намын даргын илтгэлд Удирдах зөвлөлийн гишүүдийн санаа суусан гэж ойлгож болно.

-Их хурлаар МАХН-тай нэгдэх нийлэх асуудал яригдав уу?

-Намын гишүүдийн дунд бол яригдаж байгаа. МАХН-тай эргэж нийлэх нь зүйтэй гэсэн бодолтой байдаг. Жижигхэн зөрчил байсан байж магадгүй. Хоёр нам хоёулаа зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Тийм учраас намууд нэгдэж нийлэх нь цаг хугацааны асуудал байх. Ер нь би бол нийлчихээсээ гэсэн бодолтой байдаг. Нийлэхгүй юм аа гэхэд сонгуулиар санал хуваагаад байдаггүй эвсэл болж орох ёстой юм.

-Намын даргаар М.Энхболд сонгогдлоо. Түүний өрсөлдөх асуудал Удирдах зөвлөлийн хур­лаар оруулж дэмжигдсэн юм уу, аль эсвэл зөвхөн намын даргын санал болгосон хүн үү?

-Ө.Энхтүвшин намын даргын хувьд М.Энхболдыг Удирдах зөв­лөлийн хуралд оруулж ирж дэв­шүүлсэн. Удирдах зөвлөл бодлогын хувьд  дэмжсэн.

-Та намын шинэ даргадаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Намын их хурлын төлөөлөгч­дийн 91 хувиар сонгогдчихлоо шүү дээ. Нам цаашид яах вэ гэдэг энэ шийдвэрлэх цагт намаа толгойлох боломжтой хүн нь М.Энхболд байна гэдэг дээр дийлэнх нь санал нэгтэй дэмжсэн. Мэдээж хүн л юм чинь хувь хүнийх нь хувьд шүүмжлэл байлгүй яахав. Энэ хүнд бид итгэж эрхийг нь өгсөн. Хариуцлага үүрэх  асуудлыг ч бас хамт өгсөн.

-МАН-ын даргад М.Энхбол­доос өөр өрсөлдчих хүчтэй лидер байсангүй юу?

-Мэдээж 230 мянган гишүүнтэй намд олон сайхан чадалтай аавын хүүхдүүд бий. Гэхдээ өнөөгийн улс төрийн түвшинд, ирэх 2016 он хүртэл намаа аваад явах, сонгуульд орох лидер нь М.Энхболд дарга  юм шиг харагдаад төлөөлөгчдийн дийлэнх нь сонгосон байх. Тэгэхээр төлөөлөгчидтэй би санал нэг байна.

-УИХ дахь танай намын бүл­гийн дарга Н.Энхболд намын­хаа даргад өрсөлдөнө гэж байсан. Ямар шалтгаанаар шийдвэрээсээ буцчихсан юм бол?

-Тэр хүн өөрөө нэрээ татсан.

-Намын даргаа багаар нь сонгож, кабинетаа өөрөө бүр­дүү­лэх боломжийг нь бүрдүүлнэ гэж байсан. Тэгж чадсан уу?

-Бага хурлаар намын шинэ дарга Ерөнхий нарийн бичгийн даргад  хоёр хүний нэрийг дэв­шүүл­сэн. Заалнаас Б.Энхмандах дарга нэр дэвшээд гурван хүн өрсөлдсөн. Олонхийн саналаар Ж.Мөнхбат сонгогдсон. Энэ хоёр хүн манай намыг толгойлоод ирэх сонгуулиудад орно доо.

-Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ж.Мөнхбатыг та намынх нь гишүүний хувьд мэдэх байх. Түүнийг энэ албанд очсонд шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Ж.Сүхбаатар нь дээр байсан юм гэдэг ч юм уу?

-Одоо нэгэнт галт тэрэг хө­дөлсөн. Хажуугаас нь олон юм ярих  шаардлагагүй байх. Ганцхан зүйлийг гишүүд шаардана. Итгэл хариуцлагаа хүлээ, сайн ажил гэдэг зүйлийг л тавина. Энэ хоёр хүний хувьд хоёулаа манай намын журмын нөхөд. Энэ нь илүү, тэр нь дутуу гэж ярих нь зохимжгүй гэж бодож байна. Нэгэнт шийдвэр гараад сонгогдсон хүнд нь ха­риуцлага хүлээлгээд ажиллах ёстой. Ер нь тиймэрхүү шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Манай хамт олон энэ бүхнийг олон талаас нь тооцож үзсэн байх. Намын дарга гэхэд 1400 гаруй хүнээс бараг мянган гаруй хүний санал авсан учраас янз бүрийн зүйл ярих нь утга муутай. Нэн ялангуяа намаа сольсноос хойш хэсэг нөхөд маань тасарч гарсан.  Хуваагдал хагарал гарсан байгаа энэ үед би явцуу шүүмжлэл хийх нь зохимжгүй. Бусад намуудын хувьд ч хагарал, бутрал сайн зүйлд хүргэхгүй.

-Удирдах зөвлөлөө хэчнээн гишүүнтэйгээр бүрдүүлсэн бэ?

-Өмнө нь 31 гишүүнтэй байсан. Одоо 21 хүний бүрэлдэхүүнтэй болсон.

-Увс аймагт 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдсөн гишүүд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж буйгаа зарласан. Шүүхээр өөрсдийн талд гарсан мэтээр ярьж байна. Шүүх эцийн шийдвэрийг юу гэж гаргасан юм бол?

-Хууль  зүйн хувьд дууссан. Увс аймагт МАН-аас өрсөлдсөн хоёр хүнийг хууль зөрчиж сонгогдоогүй гэдгийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдсэн. Тийм учраас асуудал нэг мөр шийдэгдсэн гэсэн үг. Зүгээр ёс зүйн хувьд ярих юм бол ялагдсан хүмүүс нь цаашаа яриад явах нь хэдийн хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан маргаан бүх шатны шүүхээр хэлэлцэгдээд, эцийн шийдвэр гарсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Т.АМАРТҮВШИН

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж