Мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн өмнө А.Ичинноров хэмээх монгол залуу макүшита зиндаанаас шууд барилдаж эхлэхээр боллоо. Ийнхүү мэргэжлийн сумо дахь монгол бөхчүүдийн бүлийг нэмж буй А.Ичинноров нь 190 сантиметр өндөртэй, 183 кг жинтэй, 20 настай.
Японд гурван жилийн өмнө очиж, Тоттори мужийн Жёохоку сургуульд суралцан, сумогийн эрдэм заалгаж эхэлсэн ажээ. А.Ичинноровын сургуулийн баг Ахлах ангийнхны сумогийн тэмцээнд түрүүлж, монгол залуу хувийн хэд хэдэн шагнал хүртэл гардаад амжсан юм. Тиймээс түүнийг макүшитагийн 15-аас эрэмбэлэгдэн барилдах эрхийг Сумогийн холбоо олгожээ.
"Би Японд ирэхдээ 130 кг жинтэй байсан. Морь уначихаж чаддаг байлаа. Харин одоо бол морь унана гэж ярилтгүй болсон. Ер нь эргээд малчин болохгүй биз дээ. Миний зорилго бол ёкозүна цол болох. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд эхлээд секитори болох хэрэгтэй" гэж А.Ичинноров хэлсэн байна.
Түүний суралцдаг Жёохоку сургуульд ёкозүна Хакухо очиж, А.Ичинноровтой барилдаж үзсэн юм билээ. "Тэр том биетэй, бас их хүчтэй юм. Ийм том биетэй монгол хүүхэд цөөн шүү" гэж Хакухо А.Ичинноровтой барилдсныхаа дараа ярьж байжээ.
Ийнхүү нэгэн залуу мэргэжлийн сумод хөл тавьж, Кюүшюү башёгаас барилдаж эхлэхээр болоод байна.