Их аваргын ээлжит сенсаци

Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Их аваргын ээлжит сенсаци

Арлын Японыг хэсэгтээ л эзэгнэн барилдсан мэр­гэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга хэсэг хуга­цаанд их л аядуухан байв.

Гэтэл түүнтэй хол­боо­той нэгэн яриа өнгөрөгч баасан гарагт чих дэлсч “Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Асашёорюү Д.Дагвадорж нэгэн этгээ­дийг хутгалсан, шилээр зүсч гэмтээсэн”, “Их аваргыг хутгалсан гэ­нэ” гэх зэргээр шуугисан. Морь, бөх хоёроо дээдэлдэг ард түмний маань ихэнх нь аваргыг өмөөрч байхад зарим нь “Аварга өөрөө ямар овлиготой биш. Бас л агсам согтуу тавьсан байлгүй. Хүүхэд биш одоо болимоор юм. Хөгшин болсон ээж, аав хоёрынхоо сэтгэлийг чилээж ханадаггүй нөхөр вэ” гэх зэрэг яриа автобус унаа, үзвэрийн газруудад амралтын өдрүүдээр өрнөж байв.

Аваргын аархуу зан, авир араншинтай хол­боо­той “Эхнэр Тамиртаа гар хүрсэн”, “Япон бүс­гүйн ду­ханд дэвүүрийн сор­ви үл­дээсэн”, Дуучин “жи­жиг” Мартаг алгадсан”, “Нэгэн рес­тораны эд зүй­лийг эвдэл­сэн” гээд бишгүй л яриа гарч байсан.

Харин бидний олсон мэдээллээр энэ удаад Их аварга өнгөрөгч сарын 31-нд Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах “VLVT” шөнийн клубээр үйлч­лүүлэхдээ Дөлгөөн гэх за­л­уутай маргалджээ. Ул­маар Дөлгөөн нь Их аваргын нүүрэн тус газар шилний хагархайгаар зүсч танхайрсан аж.

Их аварга ч өмнө нь Дөлгөөн гэгчид “ухамсарын шанаа “өгч байсан сураг­тай. Гэхдээ “гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр Дөлгөөн өмнө бусдын эрүүл мэндийг хо­хи­роосон, танхайрсан гэх хэргээр саа­туулагдаж байсан нэгэн гэнэ.

Их аварга энэ удаа ийн­хүү ээлжит сенсациа дэгдээсэн ч хохирогч бол­чихоод байгааг эх сурвалж өгүүлсэн юм.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж