
Үүнээс болж Монгол Улсын Засгийн газраас өдгөө дээрх мөнгийг нэхэмжилсэн албан тоотыг ТӨХ-нд ирүүлээд байгаа юм. Товчхондоо “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая ам.доллар нэхэмжилсэн гэсэн үг.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Стандарт банк манай Засгийн газраас ямар ч өр төлбөр нэхэмжилж албан тоот ирүүлээгүй” гэж мэдэгдсэн нь олныг гайхшруулаад байна.
Тэгвэл өнгөрсөн сарын 22-нд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй уулзахдаа доорх хариултыг өгч байв. Тэрбээр “Ш.Батхүү хэргээ хүлээсэн. Түүний балгаар Монгол Улс 140 гаруй сая ам.долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа.
Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна Татвар төлөгчдийн мөнгөөр үүнийг төлөх ёсгүй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой цөөнгүй асуудал сөхөгдөж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Харин тус банкнаас ТӨХ-нд ирүүлсэн албан шаардлагад “Жаст” группыг их хэмжээний зээлээ төлөөгүй байгаа тухай дурдаад, хувийн компанид баталгаа гаргаж өгсөн ТӨХ-ноос мөнгөө нэхэмжилсэн байна.
Улмаар албан тоотод Засгийн газрыг 140 сая ам.долларын өрөө барагдуулахгүй бол Арбитрын шүүхэд хандана гэж “Стандарт” банкнаас анхааруулжээ.
Эндээс харахад 140 гаруй сая ам.доллар залилсан Ш.Батхүүгээс болж Монгол улсын Засгийн газар энэ хэмжээний мөнгө төлөх нь тодорхой байна.
Өнгөрсөн сард ТӨХ-нд мөнгө нэхэмжилсэн албан тоот ирсэн гэдгийг албаны эх сурвалжууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.
Энэ мэдээлэл гарсны дараа манай редакцийн утас руу иргэд залгаж “Албаны хүмүүс ийм зөрүүтэй мэдээлэл өгөөд байх юм. Бид хэнд итгэх юм бэ” гэж цухалдаж байсан юм.
Гэтэл бодит байдал дээр төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж дээрх асуудлыг хэлэлцэн ажлын хэсэг хүртэл байгуулж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсгийг өнгөрсөн сард гаргасан.
Мөн энэ асуудлыг гадны хэвлэлийнхэн хүртэл шуугиад байгаа юм.
2009 онд Ш.Батхүү гадаадын банкнаас их хэмжээний зээл авахад Төрийн өмчийн хороо, “УБТЗ” компани баталгаа гаргаж өгсөн гэх асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 140 сая ам.доллар нэхэмжилж эхэлсэн гэдгийг зарим албаны эх сурвалжууд өгүүлсэн.
Энэ хэрэгт монголын талаас шинжээч томилогдон баталгааны гарын үсгийг хуурамч мөн эсэхийг нь шалгаж эцэслэн тогтоож нэр бүхий хүмүүс уг хэрэгт холбоотой болох нь батлагдсан гэж мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан. Ийм олон баримт мэдээлэл байсаар атал Ерөнхий сайд яагаад үгүйсгэв.
Гэтэл Өмнөд Африкийн “Стандарт” банкныхан “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж зээл олгохдоо хуурамч бичиг баримт үндэслээгүй гэж мэдэгдэж байгаа.
Харин Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг батлан даагчаар оролцуулсан гэх ямар нэгэн албан бичиг тус үйлдвэр болоод Төрийн өмчийн хорооны архивт байхгүй гэдгийг үйлдвэрийн удирдлагууд ч мэдэгдсэн.
Гэтэл бидний сүүлд авсан мэдээллээр “Стандарт” банкнаас манай тал руу явуулсан батлан даалт гаргасан гэх албан тооттой нь яг адилхан албан тоот Төрийн өмчийн хороонд байгаа ч өөр утга, агуулгатай аж.
Өөрөөр хэлбэл, нэг албан тоотыг хоёр хувь үйлдэн нэгийг нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даалт гаргахад ашигласан, нөгөөг нь хууль журмынх нь дагуу өдөр тутмын ажилдаа ашигласан байна.
Тэгэхээр дээрх мэдээлэл үнэн бол Ш.Батхүүг “Стандарт” банкнаас зээл авахад эрх мэдэл бүхий хүмүүс тусалж, тус үйлдвэрээр барьцаа болгон дээрх мөнгийг авсан болж таарч байгаа юм.
Уг асуудыг шалгуулахаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлал, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Ажлын хэсэгт ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон Монголбанк, “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөл багтсан гэдгийг зарим нэгэн эх сурвалж ч мэдээлж байсан.
Хэдийгээр Х.Тэмүүжин сайдын хэлсэнчлэн татвар төлөгчдийн мөнгөөр Ш.Батхүүгийн өрийг төлөхгүй гэж байгаа ч эцсийн үр дүндээ Монгол Улсын Засгийн газар төлөх нь тодорхой болоод байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"