Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Инээдэггүй хот

-Дайны хүнд бэрхийг биеэр амсч, даашгүй зовлонг яс махаараа мэдэрсэн энэ ажилсаг, даруу ард түмэнд жаргах хувь заавал ирэх биз ээ. Эргэж ирэхэд инээд дүүрэн байгаарай Пеньян-

Аравдугаар сарын сүүл шувтарсан ч Хойд нутагт ид  намар болж байна. Саглагар ногоон моддод олон өнгийн сор сууж, байгаль дэлхий хосгүй үзэсгэлэнтэй. Гэвч тэгш сайхан замууд цэлийж, замын хажуугаар өнгө өнгөөр цэцэг алагласан Пеньян хотод нэг л юм дутуу шиг. Гурван сая хүнтэй гэхэд манай Улаанбаатараас хөл хөдөлгөөн багатай, бараан голдуу хувцасласан хүмүүс нийтийн тээврийн зогсоол дээр л эгнэж жагссан харагдана. Хүмүүс нь хаашаа орчихсон юм гэмээр. Гудамжинд машин цөөн болохоор хот эзгүй харагддаг ч юм болов уу. Харин тэвш дүүрэн цэрэг ачсан хуучин Зөвлөлтийн машинууд Хойдын нийслэлийн нэг талаас нөгөө рүү эцэс төгсгөлгүй цувна. Өглөөдөө хааяа манан бууж үлгэрийн юм шиг дүр төрх тодрох ч энэ хот нэг л хоосон. Хойд нутгийн намар нь хүйтэн биш хэрнээ дотроос жихүүдэс даасан нэг тийм хэлэхэд хэцүү зэврүүн юм.

Баруун талаасаа Шар, зүүнээсээ Япон тэнгисийн давалгаанд бүүвэйлэгдсэн 150 мянган ам. метр энэ уулархаг нутагт чучхэгийн онолд шүтэж, солонгос маягийн социализм байгуулахаар зорьсон 24 сая ард түмэн аж төрнө. Харин түүнээс урагш нийслэл Пеньянаас нь ердөө 270 км-т монголчуудын сайн танил Сөүл, Инчон, Түндэмүн бий. Хойдууд тэднийг “доод тосгоныхон” гэнэ.

1945 он хүртэл Японы колони байсан Солонгос улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа их гүрнүүдийн бодлогын золиос болж хоёр хуваагджээ. 38 дугаар өргөрөгөөс хойшхи хэсэгт Зөвлөлт, түүнээс урагш америкууд нөлөөллөө тогтоосон нь одоогийн “газрын зураг” үүсэх үндэс болсон байна. Хэдийгээр өөр хоорондоо зөрчилдөж тэмцсэн ч гаднынхан шууд оролцоогүй бол гэх бодол тухайн үеийн түүх намтрыг уншихад төрдөг. Үзэл суртлынхаа зэвсэг, нөлөөллийн бүс болгохоор тэмцэлдсэн их гүрнүүдийн бодлогоос хожиж гарсан манайх шиг улс бараг үгүй, хохирч үлдсэн нь дийлэнх байдаг. Түүхийн урт нугачаанд улс орон бүр өөдлөх доройтохын аль алийг үздэг ажээ. Бусдын дарангуйлалд хагас зуун жил зовж, залгаад улс үндэстэн нь хоёр хуваагдан дайсагналцах хэцүү төөрөг ХХ зууны Солонгост тохиожээ. Шинэ мянган гараад арваад оныг үдсэн ч энэ ард түмэн хуваагдмал байдалд хэвээр л байна.

Өмнөд Солонгос бол манайтай хамгийн ойр харилцаатай улсын нэг. Бараг Монгол айл бүрт Солонгост “байрны мөнгө хийж байгаа” нэг хүн бий. Хүчирхэг эдийн засагтай, Азийн толгойлох гүрнүүдийн нэгтэй бид 1990-ээд оноос түншлэн, бүр “хамаатан” болтлоо ойртсон билээ.

Харин “нөгөө” солонгосуудтай социализм байгуулж явсныг залуу үе мэдэхгүй байх. Дэлхий ертөнц хоёр үзэл сурталд хуваагдаж байх тэр үед бид нэг “баг” байлаа. Солонгосын улаан алим, цагаан ултай биеийн тамирын шаахай, тод өнгөтэй хувцасаар монголчуудын нэгэн үе энэ ард түмнийг төлөөлүүлэн ойлгож байлаа. Үсэндээ ягаан цэцэг хатгасан, цэрэг хувцастай солонгос бүжигчин бүсгүйн зураг далаад оны Улаанбаатарын жижигхэн охин надад их гоё бэлэг байж билээ. Тухайн үед Солонгосын социализм амжилт гаргаж, хүн ард нь Японы дарлалаас ангид, ажилсаг хичээнгүйнхээ ачаар боломжийн амьдрах болсноор одоогийн нэг хүнийг тахин шүтэх хэтэрсэн үзлийн эх тавигдсан гэж үздэг. Тэд  бүхнийг их удирдагчийнхаа мэргэн жолоодлогын ач хэмээдэг байв. Энэ үедээ тэд “доод тосгоныхноос” илүү амьдралтай байсан нь үнэн юм. Өмнөдөд улс төрийн тэмцэл, цэргийн эргэлт удаа дараа өрнөж, хэсэгтээ л бужигнасан. Эцэстээ ардчиллаар замнаж өнөөдрийн БНСУ бий болсон билээ. Харин 1990-ээд оны нийгмийн өөрчлөлт Хойдод хүндээр тусч, бүхнийг “ах дүүгийн үнээр” нийлүүлж асан Зөвлөлүүдийн улс, социалист систем сүйрэн унаснаар тэд албан бус тоогоор хоёр сая иргэнээ өлсгөлөнд алдсан ч социализмаа байгуулахаар бүсээ чангалсаар л байгаа юм.

Түүхэнд Монгол Солонгосын ард түмэн эртний уламжлалт сайн харилцаатай, бүр зарим үед ихэд ойр дотно байсан гэдэг. Гуулин улсын төрийн үед хатан залж аваачих болсноор нэгэн үе хүргэн улс ч гэж нэрлэгдэж байж. Мөн үндэс угсаа, гарал үүсэл ойр гэж үзэх явдал байдаг.

Хүн төрөлхтөн хоёр их дайн өдүүлсэн ХХ зуунд Ази тив гаслан зовлон хангалттай амссан. Зүүн өмнөд Ази, Хятад бүхэлдээ Японы дарлалд зовж, тэдний халдлагаас Монгол ч ангид байсангүй. Энэ ширүүн зуунд монгол солонгосын ард түмэн дахин учирч, хэн хэндээ тусламжийн гараа сунгаж байв. Дайны үед Солонгосоос ирсэн өнчин хүүхдүүдийг асрах цэцэрлэгт ажиллаж байсан нэгнийг БНАСАУ-ын удирдагч Ким Ил Сун сүүлд Монголд айлчлахдаа олж уулзан эх орондоо урьж аваачиж байжээ. Мөн дайн эхэлсэн ч Солонгос улсыг хамгийн сүүлд орхиж гарсан дипломат ажилтан Монгол улсын элчин сайд Ж.Самбуу гуай байсан гэдэг.  Хойд Солонгосын эцэг гэгддэг Ким Ил Сун Монгол Улсад хоёр удаа айлчлал хийсэн нь манай хоёр улсын харилцааны төвшинг илэрхийлж байлаа. Түүнээс хойш цаг хугацаа урсан, дэлхий ертөнц өөрчлөгдсөн ч бидний найрамдалт харилцаа хэвээр байж, хоёр улс хоорондын эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэх алхам хийгдсээр иржээ.

Монгол  Улсын төрийн тэргүүний БНАСАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал богино хугацаатай ч өргөн агуулгатай боллоо гэж дүгнэж болохоор байна. БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Ким Ен Намын урилгаар айлчилсан манай Ерөнхийлөгч айлын талын протоколоор хийгдэх ёстой бүх горимыг дагаж, мөнхийн Ерөнхийлөгч, түүний хүү хоёрын бунханд хүндлэл үзүүлэхийн сацуу 50 мянган хүнтэй стадионд Монголынхоо шигшээгийн хувцастай “гоол хийж”, Ким Ил Суны нэрэмжит Их сургуульд “Хүний эрхийн тухай” лекц уншиж амжив. Түүний энэ алхмуудыг тодотгох үүднээс энэ орны өнөөгийн нөхцөл байдлыг эргэж харъя./Дашрамд найз нөхдийн хэмжээнд хүлээн авч, өөрсдийн бахархан хайрладаг бүхнээ үзүүлж, харамгүй дайлж цайлсан БНАСАУ-ыг муучлах санаа агуулаагүйгээ хэлье. Итгэл үнэмшил, үзэл бодол хэчнээн зөрүүтэй ч бид дэлхий хэмээх нэг л гэр бүлийн гишүүн билээ/

Умардад тогтсон улс төрийн дэглэм өнөөдөр дэлхийн хамгийн халуун цэгийн тоог нэгээр нэмж байна. Солонгосын Хөдөлмөрийн намаар удирдуулсан 24 сая хүнтэй энэ улс нэг сая гаруй хүнтэй армитай, долоон сая гаруй бэлтгэл цэрэгтэй. Дөрвөн хүн тутмын нэг нь хүнсний хомсдолтой, эрэгтэйчүүд 10 жил , эмэгтэйчүүд долоон жил цэргийн алба хаадаг. 2006, 2009, 2013 онд нийт гурван удаа цөмийн туршилт хийсэн. Эрүүл мэндийн салбарт ДНБ-нийхээ гурван хувийг зарцуулдаг, хүн амын дундаж наслалтаараа дэлхийд 149-т бичигддэг, 1960-аад оноос хойш эдийн засгийн албан ёсны тоо баримт ганц ч удаа зарлаагүй, иргэддээ интернэт хэрэглэхийг зөвшөөрдөггүй, гаднын радио сонсвол эрүүгийн хэрэгт татагдах хуультай улс юм. Ард иргэд нь шашингүй үзэлтэй, солонгос маягийн социализм байгуулах чучхэгийн онол тэдэнд шашин, шинжлэх ухааныг орлодог. 1945 оноос хойш Зөвлөлтүүдийн нөлөөллийн бүсэд байсан хэсэгт ийм л ертөнц үүсч тогтжээ.

Ерөнхийлөгч айлчлалынхаа эхний өдөр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай хэлэлцээ хийж, Монгол Солонгосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов. Маргааш нь Кымсүсаны нарны ордонд буй хоёр удирдагчийн бунханд хүндэтгэл үзүүлж, Монгол Солонгосын бизнес форумыг нээж, 38-р өрөгрөгийн цэрэггүй бүсэд зочилж, Монгол хатны бунханг үзсэн хамгийн ачаалалтай өдөр байсан юм. Айлчлалын гуравдахь өдөр Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок манай Ерөнхийлөгчид бараалхав. Тэрээр тус улсын нөлөө бүхий улс төрч бөгөөд залуу удирдагчийн хүргэн ах, гол түшдэг хүн нь гэж гаднын ажиглагчид дүгнэдэг. Ерөнхийлөгч хувьсгалчдын бунханд цэцэг өргөж, үдээс хойш нь Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд Пак Бон Жү мөн түүнд бараалхлаа. Үүний дараа монгол солонгосын өсвөрийн хөл бөмбөгчдийн тэмцээн үзэж сонирхсон юм.

Айлчлалын сүүлийн өдөр Ким Ил Суны нэрэмжит их сургуульд лекц уншсанаар эхэлсэн. Энэ сургууль нь тухайн нийгмийн хамгийн шилдэг гишүүдийг бэлддэгээрээ алдартай бөгөөд энд сурна гэдэг хойдуудын хувьд хөдөлмөрийн намын гишүүн болсонтой арай тэнцэхгүй ч ирээдүйдээ итгэлтэй болох том алхам гэнэ. Маш өндөр шалгуур тавьж элсүүлдэг энэ сургуульд зөвхөн шилдгүүд л орно. Өнөөгийн хойд Солонгосын шинжлэх ухаан, технологийн салбар эдний төгсөгчдийн “мөрөн” дээр явдаг. Түүгээр барахгүй цөмийн энергийн салбарынхан ч энэ сургуулийн бүтээгдэхүүн. Товчхондоо энэ улс орны хамгийн шилдэг залуус цугласан сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх ардчиллын талаар лекц уншив. Ирээдүйд энд тогтсон дэглэм ганхах болбол энэ сургуулийг төгсөгчдийн хувь нэмэр заавал орсон байна гэдэгт би итгэдэг юм. Үүний дараа төлөөлөгчид Мүнсүгийн усан паркт зочиллоо. Харин тэндээсээ морин тойруулгад очих байсан ч хуваарьт гэнэт өөрчлөлт орж, Ерөнхийлөгчийн цуваа биднээс салж явснаар баахан таамаг өрнөв. “Элчин сайдын яаманд очсон” гэх яриа байсан ч тэнд байсангүй.Ингээд цаг гаруй болсны дараа Ерөнхийлөгч буусан харшдаа ирсэн тухай мэдэгдсэн юм. Энэ хооронд түүнийг БНАСАУ-ын залуу удирдагчтай төлөвлөгдөөгүй танилцах уулзалт хийсэн гэх яриа гарсан ч албаныхан эрс үгүйсгэсэн болохоор сэтгүүлчид цааш лавлаж сурж чадсангүй.

Монгол Улсын төрийн тэргүүнийг нисэх буудлаас БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам дарга тэргүүтэй албаны хүмүүс үдэж гаргаж өгснөөр бидний аялал өндөрлөв. Айлчлалын үед хийгдсэн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн талаар албаны мэдээллүүд хангалттай цацагдсан учир үүнийг дахин дурдсангүй. Зөвхөн энэ сонирхолтой ертөнцөд халти хөл тавьсан хүний өнгөц сэтгэгдлээ л уншигчидтай хуваалцаж байгаагаа тодотгоё.

Дэлхийн хамгийн хаагдмал улс хэмээн албан ёсоор цоллуулсан энэ газарт намар болж байна. Урт, уйтгартай. Гэхдээ бас өөрийн гэсэн үзэх харах үзэсгэлэнтэй. Онгоцны цонхоор тэртээ дор Шар тэнгис гялтагнаж, эрэг хавиар нь бараг шавар дээр энд тэнд хэсэг бусаг тариалан, навтгар саргар оромжууд. Гэхдээ сэтгэлд хотын гудамжнаа эгнэн зогсох хүмүүс л харагдсаар. Тэгээд гэнэт Пеньянд хүмүүс нь инээж байхыг огт хараагүйгээ саналаа. Инээд дутуу юм байна, энэ хотод. Дайны хүнд бэрхийг биеэр амсч, даашгүй зовлонг яс махаараа мэдэрсэн энэ ажилсаг даруу ард түмэнд жаргах хувь заавал ирэх биз ээ. Эргэж ирэхэд инээд дүүрэн байгаарай Пеньян.


Эх орных нь нүд булаасан байгалийн үзэсгэлэн, иргэдийнх нь сэтгэл шимшрүүлэм дүр төрх

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №036

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж