Хуучирсан мэдээ: 2013.11.05-нд нийтлэгдсэн

Аравхан настайгаасаа гитартай нөхөрлөсөн энэ эрхэм өнөөдөр Монголын рок попын хөглөгч, хүч чадлынх нь илэрхийлэл болж чаджээ

“Никитон”-ы Бачка 14-тэйдөө “Янаг цэцэг”, 16-тайдаа “Хос хунгийн дууль”-ийг бичиж байсан бол гитарчин Өөжгий 1986 онд Пионерын зусланд амарч байхдаа “Үгүйлэх сэтгэл” гэж дуу зохиож байжээ.

Чамд хайртай миний сэтгэл
Чам руу тэмүүлэх миний хайр
Чи хэдийгээр ойлгоогүй ч гэсэн
Чин үнэнчээр үүрд үлдэнэ…

Орцны дуунуудын нэг гэж андуурагддаг байсан энэ дуу сурагч Өлзий-Оршихын анхны уран бүтээл байсан байна. Аравхан настайгаасаа гитартай нөхөрлөсөн энэ эрхэм өнөөдөр  Монголын рок попын хөглөгч, хүч чадлынх нь илэрхийлэл болж чаджээ.

Өөжгий 29 жил гитар тоглох хугацаандаа хоёр дахь удаагаа бие даасан тоглолтоо тавилаа. Түүний “Best of Uujgii” тоглолт баасан, бямба гаригт /XI.1-2/ Улаанбаатар паласт болов. Тоглолт хийх санааг Өөжгийд facebook-ын найзууд нь өгсөн гэнэ лээ. Арван хоёр жилд хоёр тоглолт… Тэр ийм болохоороо үнэ цэнэтэй санагддаг. Жил бүр тоглолт хийдэггүй, дуу үйлдвэрлэдэггүй. Бусадтай харьцуулахад цөөн гэж болох ч дандаа хит дуутай. Маш олон хайрын дууны хөгжим бичсэн. Сараагийн “Хайрын бурхан”-ы хөгжим энэ хүнийх гэхээр ая зохиогчийнх нь хувьд Өөжгийд өөр олон тодорхойлолт хэрэггүй ч юм шиг санагддаг.

“Хэрвээ би гитарчин болоогүй байсан бол хуульч юм уу, түүхийн багш болох байсан байх” гэсэн товчхон тодорхойлолтоор тэр тоглолтоо эхлүүллээ. “Хөх тэнгэр”, “Титэм”… Тэд яах аргагүй Өөжгийгийн уран бүтээлийн хамгийн анхны хамтран зүтгэгчид, бие биенээ хөглөгчид. Өөжгий тэдний олон дууны хөгжмийг тоглосон билээ.

Надад итгээч хайрт минь
Сэтгэлийн үзүүрт чамдаа
Сэвгүй хайртай билээ…

Дуучин Сэрчмаагийн дуулснаар олонд хүрсэн Өөжгийгийн энэ дууг Маралжингоо энэ удаагийн тоглолтод дуулж сонирхууллаа. Маралжингоо, Агиймаа, “Мотив”-ын Ганбаа нарыг Өөжгий өөрийнхөө тайзан дээр үзэгчдэд илүү таашаалтайгаар хүргэсэн юм шиг санагдлаа. Хөгжим, дууны найруулга нь өөр. Цаанаа л өөр, илүү авьяастай, илүү чадвартайгаар. Ялангуяа Маралжингоо өөрийн­хөө хэр дуучин болохыг, хоолойных нь дээд өнгө хаа хүрэхийг Өөжгийгийн үзэгчдэд харуулсан гэж бодож байна.

Үүний дараа “Гурван охин” хамтлаг түүний шинэ уран бүтээл “Эр хүн зүрхэндээ уйлдаг” дууг сонсголоо.

Хайр минийх байсан
Үүрд гэж итгэсэн
Хамгийн нандин өдрүүд байсан
Даанч би гомдоосон
Хайр нисээд одсон
Чи надаас явсан
Чиний хайрыг дааж чадаагүй
Өөртөө би гомдсон
Өр зүрх чинь харууслын нулимсаар дүүрч
Өврөөс минь хайр хүлээснийг мэдээгүй
Миний сэтгэл хожимдож ухаарлаа, гэвч
Эр хүн зүрхэндээ уйлдаг юм байна…

Жаахан гунигтай дуу болсон гэж өөрийнх нь үзэж байгаа энэ дуу анх удаа тайзнаа дуулагдав. Үнэхээр л гуниглам, сэтгэл сэмрүү­лэм тэр дууны дараа Өөжгий “Миний зүрх бол уйлаагүй байгаа шүү. Миний зүрх аз жаргалтай байгаа” гэсэн үгээр үзэгчдийг сэрээв. Тийм ээ, тэр маш жаргалтай харагдаж байсан. Амьдралдаа, уран бүтээлдээ, өнөөдөр түүнд байгаа бүхэнд сэтгэл хангалуун, тэгш дүүрэн байгаа юм шиг санагдсан. Аз жаргалтай гэдэг үг ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулагдаж хэлэгддэг. Аз жаргалтай бүсгүй… Гэтэл эр хүнээс ч гэсэн тэр нандин аз жаргал цацарч, харагдаж, мэдрэгддэг юм байна. Өөжгийг аз жаргалтай болгосон дуунд, аялгуунд, хөгжимд, бас тэр нэгэн эмэгтэйд талархая.

“Хайрын бурхан”, “Дурласан сэтгэл”…. Тийм ээ, Өөжгийгийн уран бүтээлийг Сараагийн энэ хоёр дуугүйгээр яаж төсөөлөх билээ. Өөжгий, Сараа, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гурав 17 жилийн өмнө “Хайрын бурхан” гэж энэ гайхалтай дууг бидэнд өгчээ. Харин “Дурласан сэтгэл”-ийг Сараа 2000 онд дуулж байв.

Дурласан сэтгэл минь дундуурхан хоцорсон ч
Дуундаа аярахаараа чамайгаа бодох юм
Дутуу орхисон хайрын үгийг чинь
Дун шөнийн нойронд гүйцээж санах юм

Поп хатагтай хоёр хит дуугаа дуулж дуусаад Өөжгийг “Миний тайзан дээрх хайрын бурхан” хэмээн зарлав. Өөжгийд рок, попынхон бүгд хайртай. Түүний авьяас, түүний гитаранд бид бүгдээрээ хайртай. Түүнийгээ, энэ хүний үзэл бодол, эрх чөлөө, авьяас билэгт татагддагаа сонсогчид нь энэ өдөр илүү мэдрээ биз ээ. 

“Чи минь”… Ариунаагийн “Чи минь”, Өөжгийгийн “Чи минь”…
Зүрхийг минь булаасан сэтгэлийн
Зүйрлэшгүй сайхныг бодохлоор
Зөвхөн чиний төлөө юм шиг
Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн…
Чи минь сэтгэл минь билээ
Чи минь мөрөөдөл минь билээ.

Энэ дуу Өөжгийгийн үг, Өөжгийгийн аялгуу. Бас л 13 жилийн өмнө зохиосон дуу. Удаан амьдарч байгаа дуу. Хэзээд ч сонсогдох, хэзээ ч уйдахгүй аялгуу. Дуучин Ариунаа, Өөжгий хоёрын хамтарсан өөр нэгэн бүтээл нь “Харуусал харамсал”. Ариунаа энэ хоёр дууг тайзнаа хуримын даашинзтай гарч ирэн дууллаа.

“Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Намайг”… Өөжгийтэй хамтарч хам­гийн олон бөгөөд хит дуу хийсэн хамтлаг бол “Номин талст”. Тэгэхээр мэдээж тэд өөрс­дийн хит дуунуудаа Өөжгийтэйгөө хамт бах­дан, хөөрөн дуулав. Бүжив. Харин Өөжгий + “Камертон”-ы хамтарсан дуу одоог хүр­тэл төрөөгүй байдаг аж. Гэхдээ Өөжгий “Камертон”-ы маш олон дууны гитарыг тоглосон байна. “Хурд”-ын Отгонбаяр, Өөжгий хоёрын гитарын “тулаан” энэ тоглолтын сонир­хол­той хэсгийн нэг байлаа. Өөжгий “Хурд”-тай энэ жил анх удаагаа хамтарч ажиллажээ. “Ану хатан” киноны “Жинхэнэ хайр зүрхэнд үлддэг” дууны үг, аяыг Өөжгий бичиж, “Хурд” дуулсан юм.

“Никитон”… Монголын хамгийн шилдэг хөгжимчдийг цуглуулсан энэ хамтлаг Өлзий-Орших гэж хүний үнэт эрдэнэ нь. “Никитон” түүнгүйгээр, тэр “Никитон”-гүйгээр, ерөөсөө тэд хэн нэгэнгүйгээрээ төсөөлөгдөмгүй. Тэд хамтдаа сүрлэг уул, хүчирхэг аянга мэт. Нүргээн мэт.

Төлөв, зөөлөн Өөжгий “Никитон”-той хамт байхдаа илүү хүчирхэг харагддаг юм шиг санагддаг. Өөжгийгийн дуунуудыг уярч, ухаарч, дур­саж, бас  галзуурч сонслоо. Бүгд хит, бүгд мэргэжлийн. Бүгд яг зүрхэнд мэдрэг­дэж сонсогддог сэтгэлийн аялгууг сонслоо. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар “Өлзий-Орших бол үндэс­ний үзлийн өлзий утсыг гитараар мэт­гэсэн рок попын оршихуйн нэгэн хувилбар.Түүний оролцоогүй тоглолт хөггүй гитар лугаа” хэмээн хэлсэн байна лээ. Нээрэн тэр угаа­саа л хөгжимд хөг нэмэгч, урлагийн хөглөгч юм байна.




Б.БАЯСАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №036

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж