Азийн бүсийн програмчлалын олимпиад БНХАУ-ын Нанжин болон Ханжао хотуудад өнгөрөгч долоо хоногт болж, Монгол улсаас оролцсон МУИС-ийн МТС-ийн хоёр баг гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Тус тэмцээнд нийтдээ 80 орчим баг оролцсон байна.
Тухайлбал, аравдугаар сарын 27-нд БНХАУ-ын Ханжао хотноо болсон Азийн бүсийн программчлалын олимпиадаас SIT-I баг хүрэл медаль, SIT-II баг тусгай байр эзлээд байсан. Тэгвэл хоёр дахь тэмцээн өчигдөр (11.03) болж, SIT-I, SIT-II багууд тус тус хүрэл медаль хүртлээ.
МУИС-ийн МТС-ийн SIT-I, SIT-II багуудын ахлах дасгалжуулагчаар Б.Доржнамжирмаа, дасгалжуулагчаар Г.Гантулга нар ажилласан бөгөөд дээрх багууд улсын аварга шалгаруулах тэмцээнээс эхний байруудад шалгарч, бүсийн тэмцээнд оролцох эрх авчээ.
Азийн бүсийн программчлалын 38-р олимпиадын хошой хүрэл медальт SIT-I багийн ахлагчаар У.Наранбаяр, багийн гишүүд Т.Адъяа, П.Бямбадорж, бүсийн хүрэл медальт SIT-II багийн ахлагчаар Д.Сүрэнбаяр, багийн гишүүн Б.Говьхүү, Б.Дулам нар багтаж, амжилттай оролцлоо.
Сануулахад, оюутны програмчлалын Ази тивийн 34 дахь удаагийн бүсийн олимпиад 2009 оны аравдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо болжээ. Тус олимпиадад МУИС-ийн МКС-ийн програм хангамжийн тэнхмийн багш Г.Багаболдоор удирдуулсан баг оролцож, олон улсын програмчлалын олимпиадын анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй аж.