
Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчих тухай Бүгд Найрамдах Серби улсын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийн төслийг дэмжсэн юм. Серби улстай иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх нь аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, хуучин нэрээр Югослав улстай 1956 оноос хойш хөгжүүлж байсан харилцааг сэргээхэд нааштай алхам болно гэж үзэж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо энэ оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан "Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумб улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээрийн дагуу хоёр орны дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног хүртэл хоногоор хоёр талын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчихоор тусгасан юм.
Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол, Бүгд Найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн протоколд өөрчлөлт оруулахаар болжээ. Хоёр тал энэ хэлэлцээрт 2011 оны 6 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн англи хэлээрх эх бичвэрт албан паспортыг "сервис паспорт" (servic passport) гэж орчуулж бичсэнээс нэр томьёоны зөрүү үүсч, албан паспорттой монгол иргэд Польшийн хил нэвтрэхэд хүндрэл учирсан тохиолдлууд гарчээ. Иймд хэлэлцээрт Монгол Улсын үндэсний албан паспорт (official passport), Польш улсын албан паспорт (service passport) байхаар нэмэлт тодруулга хийсэн байна.