Засгийн газар төслийн санхүүжилтийг зөвшөөрөх ёсгүй, “Рио Тинто” биднийг өрд оруулж байна гэх улс төржсөн хардлагууд ч гаарч байгаа. Тэгвэл “Оюутолгой” төслийг яаж санхүүжүүлэх ёстой юм бэ гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Доллар хэвлэх ёстой юу, эсвэл Монголбанк төгрөг хэвлээд Оюутолгойд өгөх үү? Хаа нэгтэйгээс мөнгө олох ёстой юу? Ер нь Төслийн санхүүжилт /project finance/ гэж юуг хэлдэг юм бэ?
Ямар ч төслийг санхүүжүүлэх тогтсон хэдэн хувилбар бий. Эзэд нь өөрсдөө ашгаасаа мөнгө хийх, хувьцаа гаргаж мөнгө босгох, бонд гаргах, зээл авах. Нэг байшин барилаа гэхэд банкнаас зээл авч барьдаг. Томоохон үйлдвэрийн хувьд хувьцаа гаргаад мөнгө босгож барьсан тохиолдол Монголд цөөнгүй бий. Ямар ч бизнес эрхэлдэг хүн төслийн санхүүжилт гэж юу байдгийг мэдэхтэйгээ. “Оюутолгой” ч бусдаас ялгарах зүйлгүй адилхан л нэг төсөл. Ялгаа нь гэвэл тав арван сая доллар биш тав арван тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аварга төсөл.
Хувь нийлүүлэгч талууд Оюутолгойн хөрөнгө оруулалтын загварыг хэд хэдэн хувилбараар ярьсан байдаг. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө хувьцааны хэмжээгээр нэмэлт хувьцаа гаргах, төслийн санхүүжилтээр гуравдагч этгээдээс компани өөрөө зээл авах, давуу эрхийн хувьцаа гаргах гэх мэт.
Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” төслийг санхүүжүүлэх ямар процедур өрнөснийг эргээд санацгаая. Хөрөнгө оруулалтын гэрээнд анх давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлэхээр тохирсон ч хэн нэгэн үүнийг Монголын хувь хэмжээ буурлаа гэж эсэргүүцсээр байгаад өөрчлүүлснийг бүгд санаж байгаа. Санхүүгийн зөвлөхүүд давуу эрхийн хувьцаа нь Монголд ашигтай байсныг одоо ч хэлдэг. Давуу эрхийн хувьцаагаар санхүүжүүлсэн бол зээл шиг ашигтай, ашиггүй ажилласан ч тогтмол хүү төлөхгүй, зөвхөн ашигтай ажилласан үед ашгийнхаа тодорхой хувийг ногдол ашиг хэлбэрээр төлөөд явах боломжтой байсан. Ингэсэн бол өнөөдрийнх шиг Монголын ногдол ашиг авах хугацаа хойшиллоо гэж гоншигнохгүй л байсан байх.
Давуу эрхийн хувьцаа нэгэнт бүтэхгүй болж зээл авахаар боллоо. Ийм том төслийг бүхэлд нь зээлээр санхүүжүүлнэ гэдэг боломжгүй зүйл. Тиймээс “Рио Тинто” эхний хөрөнгө оруулалтуудыг хийж, зарим хөрөнгөө зарж эхэлсэн. “Туркойз Хилл”-ын Казахстан дахь алтны ордын эзэмшлийн 50 хувийг 300 гаруй сая доллараар зарлаа. Мөн 58 хувийг нь эзэмшдэг нүүрсний “Саусгоби Ресурс” компанийг нэг тэрбумаар зарахыг оролдоод чадаагүй. Хэн эсэргүүцэж юу болсныг бүгд л мэдэж байгаа. “Оюутолгой” өнгөрсөн гурван жилд сард 120 сая доллар “иддэг” байсан төсөл гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. “Туркойз Хилл”-ийн эзэмшлийн активыг зарахын хажуугаар “Рио Тинто” өөрөө хоёр тэрбум орчим долларыг “Туркойз Хилл”-д зээлэв. Гэхдээ энэ мөнгөөр дөнгөж төслийн нэгдүгээр үе шатыг дуусгасан. Дахиад далд уурхай барьж дуусгахын тулд мөнгө хэрэгтэй болсон. Одоо дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллагуудад хандаж, зээл хүсч байна.
Энэхүү зээлийг Засгийн газар яагаад эсэргүүцээд байгаа нь тодорхой. Ц.Сэдванчигийн гэх тодотголтой захианд тодорхой дурдсан хэд хэдэн шалтгаан бий. Гэхдээ Засгийн газар Оюутолгойгоос ногдол ашиг хүртэх хугацаа хойшлох вий гэдгээс хамгийн их айж байгаа. Үүнийг дагаад далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрвөл Монгол улсын авах ногдол ашиг хойшлох нь, “Рио Тинто” өөрөө зээл өгч ногдол ашгаа түрүүлж авах гээд байна гэсэн яриа хүртэл гарсан.
Эдийн засгийн хувьд ногдол ашиг тийм чухал уу? Ер нь Монгол улс Оюутолгой төслөөс ямар ашиг хүртэх ёстой юм бэ? Монгол улс гэдэг дотор юуны түрүүнд төр хэдэн доллар авах вэ гэдгийг улстөрчид сонирхоод байгаа хэрэг. Төрийн авах мөнгө л багасах гээд байна хэмээн сандарч байна. Төрийн авах долларын хэмжээ маш тодорхой байгаа. “Оюутолгой” төслийн нийт ашгийн 53 хувь нь төрд татвар, ногдол ашгаар ирнэ.
2010 онд батлагдсан ТЭЗҮ-д Оюутолгойгоос нийт 118,7 тэрбум долларын орлого олохоор тооцсон байдаг. Энэ нь зэсийн нэрлэсэн үнийг 4400 доллараар тооцож авсан үед шүү. Нийт орлогоосоо хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны зардлыг хасахад 68 тэрбум орчим доллар үлдэнэ. Үүнээс 23 тэрбум гаруй долларыг нөөц ашигласны төлбөр, Орлогын албан татвар, бусад татвараар Монгол улсын Засгийн газар авна. Татварын дараах ашиг нь 43 тэрбум доллар бөгөөд ногдол ашгаар Засгийн газар 14 орчим тэрбум, “Рио Тинто” 30 тэрбум долларыг хүртэх юм. Ингээд Оюутолгойн ашгийн 68 тэрбум орчим доллараас 37 орчмыг нь Засгийн газар татвар, ногдол ашгаар авах бол “Рио Тинто” 32 тэрбум долларыг ногдол ашгаар авахаар тооцжээ. Засгийн газрын хүртэх ашгийн 2/3 нь цэвэр татвараар авч байгаа мөнгө.
Хэрэв ногдол ашиг авах хугацаа хойшилбол Засгийн газар, “Рио Тинто” ялгаагүй л хойшлох болно. Харин татвар авах хугацаа хойшилно гэсэн ойлголт байхгүй. Авах ёстой татвараа авдгаараа аваад явна. Тэр дундаа зэсийн үнэ өндөр байвал авах татварын хэмжээ нэмэгдэх болно. Энэ талаасаа харвал ногдол ашиг авах хугацаа хэдэн жилээр хойшлох нь тийм ч том асуудал биш. Гагцхүү ард түмэнд амласан амлалтдаа хүрч чадаагүй улстөрчдөд л хүндээр тусах болов уу.
Төр авах ёстой мөнгөө аваад үрэх ёстой зүйлдээ үрнэ л биз. “Оюутолгой” төслөөс ганц төр л хувь хүртээд бусад нь хоосон үлдэнэ гэсэн үг бас биш. Тиймээс төрд авах 13 тэрбум долларын ногдол ашгийг бодохоос илүүтэй өргөн цар хүрээнд харах шаардлага зайлшгүй байгаа юм.
Энгийн жишээгээр тайлбарлавал, дундаж орлоготой, олон хүүхэдтэй айл байж. Бүх хүүхдээ дээд сургуульд оруулж чадахгүй болохоор хоёр томоо их сургуульд орууллаа гэж бодъё. Төлбөрийг нь аав ээж нь цалингийн зээлээр төлнө. Аав ээж хоёр том хүүхдийнхээ төлбөрийг банкнаас зээлээд төлж байхдаа миний хүү сургуулиа төгсчихөөд эргүүлээд төлөөрэй гэж хэлдэг бил үү? Үгүй л байх. Харин аав ээж нь чадлынхаа хэмжээнд нэг, хоёрыг нь сургуульд орууллаа. Мэргэжил боловсролтой болсон нэг нь дүү нараа харж асраад явна, аав ээждээ тус дэм болно л гэж бодно.
Аав ээж нь Монгол улс гэвэл хүүхэд нь “Оюутолгой” төсөл. Бусад хүүхдүүд нь иргэд, компаниуд гээд ойлгочих. “Оюутолгой” төсөлд зээл авч өгөөд ажиллууллах нь хожмоо олон мянган өрх гэр, компаниудыг тэжээх эх үүсвэр болно. Манайхны хэлдгээр “саалийн үнээ” гэсэн үг.
Зарим нэг тоог дурдвал, өнгөрсөн гурван жил “Оюутолгой”-д Монголд бүртгэлтэй 2000 орчим компани ханган нийлүүлэлт хийж. Талаас илүү нь монгол хүн, 50 хувиас илүү хувьцаа эзэмшдэг үндэсний компаниуд. 2012 онд гэхэд бүтэн нэг тэрбум долларын үнэ бүхий бараа үйлчилгээг дээрх компаниуд “Оюутолгой”-д нийлүүлжээ. Үүний үр дүн нь олон мянган хүн ажилтай орлоготой болж, татвар төлөгч компаниудын чанар ахиж, тоо нь нэмэгдэж байна. Энэ бол “Оюутолгой” төслөөс эдийн засгийн үр өгөөжийг ганцхан Төр л ногдол ашгаар хүртээд өнгөрөхгүй шүү гэдгийг харуулж байгаа жишээ.
Далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх нь бараг тодорхой болсон байх. Лондон явсан ТУЗ-ийн гишүүдийн үгнээс ч иймэрхүү санаа цухалзаж байгаа. Үр ашигтай байх юм бол төслийн санхүүжилтийг дэмжих болно гэдгээ тэд хэлсэн.
Гэхдээ төслийн санхүүжилтийг дэмжихэд бас учир бий. Доллар хэрэгтэй байна гээд хэлсэн болгоныг нь зөвшөөрөөд байж болохгүй. Нэг алдаагаа хоёр давтахгүйн үүднээс хөрөнгө оруулагч талд тавих шаардлага гэж байх хэрэгтэй. Тэр нь харин юу байхав гэдгийг ул суурьтай тооцож гаргаж ирэх ёстой.
Тухайлбал, “Рио Тинто”-гийн олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээлж байгаа мөнгөний үнэ хэд байх вэ гэдэг маш чухал. Ямар хүүтэй мөнгө зээлж байна вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой. Зээлж байгаа мөнгөний хүүг харьцуулах хэд хэдэн үзүүлэлт манайд бий. Жишээ нь 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтаа хийх гээд “Туркойз Хилл”-ээс зээлсэн LIBOR+6,5 хувь гэсэн хүү. “Рио Тинто”-гийн зээлж байгаа мөнгөний хүү манай “Туркойз Хилл”-ээс зээлсэн мөнгөний хүүтэй уялдаж байх ёстой. Нөгөө талд нь Чингис бондын хүүтэй уг зээлийн хүү мөн уялдаж таарна. Чингис бондын хүү гэдэг нь Монгол улс гаднаас мөнгө зээлвэл ямар хүүтэй авч чадах вэ гэдгийг тодорхойлсон хүү юм. Монгол улс 10 жилийн хугацаатай дунджаар зургаан хувийн хүүтэй /бондын хүү өссөнийг тооцоод/ мөнгө зээлэх боломжтой байхад “Рио Тинто” үүнээс хэт өндөр хүүтэй мөнгө зээлэх нь хэр тохиромжтой вэ? Ийм болохоор “Рио”-гийн олж ирэх гээд байгаа зээл дээр маш нухацтай хандах ёстой юм.
Хоёрдугаарт, “Рио” дахиад хөрөнгө оруулалтаа хэтрүүлбэл яах вэ гэдэг дээр тохиролцох нь зүйтэй юм. Анхны хөрөнгө оруулалт 5,1 тэрбумаас 7,1 тэрбум болж өссөн. Хоёр дахь нь дахиад хоёр тэрбум доллараар нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй. Анхны хөрөнгө оруулалтын өссөн шалтгааныг хоёр талын аудитын шалгалтын хэсэг тулгаж байна. Эндээс үндэслэлтэй нэмэгдсэн үү, эсвэл үндэслэлгүйгээр нэмэгдсэн үү гэдэг тодорхой болно. Харин далд уурхайн санхүүжилт дахиад нэмэгдэхгүй. Нэмэгдлээ гэхэд үндэслэлтэй нэмэгдэх ёстой гэдгийг гэрээндээ тусгах байдлаар зохицуулах гарц бий. Хэрэв үндэслэлгүй нэмэгдвэл тэр мөнгө Монголын Засгийн газарт хамаарахгүй, “Рио Тинто” өөрөө даах ёстой ч гэдэг юм уу. Энэ бүхнийг нарийн зааж өгөх баримт бичиг нь далд уурхайн ТЭЗҮ юм. Энэ ондоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ нь батлагдах байх.
Ямар ч байсан “Оюутолгой” төслийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж таарна. Ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогод Оюутолгойн хөрөнгө оруулалт, орлого зарлагыг тусгачихсан. ТУЗ-д нь томилогдсон шинэ гишүүд төслийн санхүүжилтийг шийдэхээр чармайж байна.
С.Болд-Эрдэнэ