
“Бөмбөгөр” явах замд “доллар авна, зарна” гэсэн хүмүүс ар өврөөс айлгаад салдаггүй шүү дээ. Гэнэт чихэн дээр дотор эвгүйцмээр шивэгнэх тэдгээр хүмүүс бол томчуудын тоглоомын хүүхэлдэйнүүд. Ард нь байгаа нөхрийн хэлсэн үгээр л тэд долларын ханшийг тогтоодог. Монголын валютын хар захын ченжүүдийн гарт хэдэн зуун сая доллар эргэлддэг гээд бодохоор энэ зах ямар эрсдэлтэй болохыг гэрчилнэ. Тэд долларын ханш унангуут их хэмжээний доллар худалдаж аваад хав дарчихдаг, валютын ханш өсөөд ирэхээр худалдаанд гаргаж цөм ашиг олдог гэнэ лээ. Өнгөрсөн наймдугаар сард болсон ам.долларын огцом өсөлтөөс хэдэн арван, хэдэн зуун саяын орлого олсон нь зөвхөн валютын худалдаачид гэдгийг эдийн засгийн хүрээнийхэн ч үгүйсгэхгүй байгаа юм. Ялангуяа хар захын ченжүүдтэй арилжааны банкныхан холбоотой байдаг. Тийм ч учраас ханшийн савалгаа үүсгэж ашиг хийдэг гэж хардах нь бий.
Банк бус, санхүүгийн зах зээлд хяналт тавьж, захын ченжүүд дүрэмтэй, дүрэмгүй тоглож байгаа шалгах үүрэг бүхий ганц субьект нь Санхүүгийн зохицуулах хороо. Гэтэл тус хорооныхон хар захын хэдэн валютын ченжүүдээ “базаж” чадахгүй өдий хүрсэн . Ямар сайндаа л өнгөрсөн наймдугаар сарын долларын огцом өсөлтөөс болж, УИХ-ын дарга өрөөндөө СХЗ-ны дарга нарыг дуудаж , хар захынхаа асуудалд анхаарал тавьж чадахгүй байгаа тэднийг ажлаа хий гэж шаардах билээ дээ. Спикерээс банга авсандаа ч тэрүү СЗХ-ныхон саяхнаас зөвшөөрөлгүй хувь, хүн аж ахуйн нэгжийг валютын худалдаа хийхийг хориглосон шийдвэр гаргажээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Монголын валютын хар зах зээл дээр ханшийн өсөлт дүрэмгүй тоглолтоор өрнөж байсан юм биш байгаа гэх харыг төрүүлж байна. Гэхдээ өнгөрсөн юмыг орхиод, өнөөдрийн хувьд зөвшөөрөл аваагүй, хувь хүн, аж ахуйн нэгжийг шалгаж үйл ажиллагаа явуулахыг нь хориглоно гэдэг санааг нь дэмжих ёстой болов уу. Тэгвэл хар захын хэдэн ченжүүдийн дураараа дургидаг байдал ч өөрчлөгдөнө шүү дээ. Өнөөдрийн долларын өсөлт ч ханшийн савалгаа үүсгэж, халаасаа зузаатгах гэсэн тэдний нэг арга заль байхыг үгүйсгэхгүй аргагүй юм. Угтаа эдийн засгийн хүндрэлээр нүүрээ тахалж, боохой борооноор гэгч аашилж байхыг хэн мэдлээ.
Хуурамч гадаад валютаас сэргийлэх зорилгоор, мөнгө хар захаас хууль бусаар мөнгө угаах явдлыг харах үүднээс валютын арилжааг хувь хүн, хуулийн этгээд эрхлэх эрхгүй бөгөөд энэ тохиолдолд арга хэмжээ авна гэдгээ СЗХ-ноос мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, тус хорооноос зөвшөөрөл аваагүй бол сая сая доллар эргэлдүүлж, мөнгө олдог хар захын ченжүүд орлого хаагдана гэсэн үг. Болж байна, ийм л арга хэмжээ авахгүй бол дүрэмгүйгээр тоглодог, хууль зөрчдөг, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг олсон ашгаасаа улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй хэдэн ченжүүд бүр давраад байсан юм. Тэдний нууц ноёдод ч гэсэн хууль байдаг юм гэдгийг харуулах цаг ерөнхийдөө болсон болов уу. Монголд банк бус, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллага байдаг. Тэдний нийт хөрөнгө 344 тэрбум төгрөг гэх тоон мэдээллийг албаны хүн өглөө. СЗХ-ноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах, тэр нь аж ахуйн нэгж байх ёстой гэдэг шаардлагыг хар захын ченжүүдэд тавьж байгаа юм байна.
Тодруулбал, гадаад валютын худалдаа эрхлэх зөвшөөрлийг гагцхүү аж ахуйн нэгжид олгохоор болжээ. Тэгэхээр “сагасан” хөрөнгөтэй байлаа ч хувь хүнд ийм зөвшөөрөл олгохгүй нь. Гадаад валют эрхлэх зөвшөөрлийг СЗХ-ноос аваагүй хэрнээ валют зарж байгаа банк бус, санхүүгийн байгууллагад торгууль ногдуулахаар болж. Гэхдээ торгууль нь ханшийн нэг удаагийн савалгаанаас хэдэн саяын ашиг олдог нөхдүүдэд дэндүү жулдах юм билээ. Тэдний хувьд 3.8-7.6 гаруй сая төгрөгөөр торгууль гэдэг үдийн будаа. Тиймээс хариуцлагын системийг нь өндөр тогтоож, хариуцлагыг нь чангалахгүй бол нэр төдийхөн арга хэмжээ валютын наймаачдад сануулга болж чадахгүй биз ээ. Арилжааны 13 банк, 39 банк бус, санхүүгийн байгууллага байсаар байхад “Найман шарга” захыг бүр хаачихвал яасан юм бэ.