Я.Батсуурь гишүүн асуулга тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Я.Батсуурь гишүүн асуулга тавилаа

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь Шивээ-Овоогийн нүүрсний ордтой холбогдуулж, сайд Д.Зоригтод асуулга тавьсан байна. Асуулгад Шивээ-Овоогийн нүүрсний ордын нийт 29500 га талбайгаас Шивээ-Овоо нүүрсний уурхай зөвхөн 0.3 хувь буюу 91 га, төрийн өмчийн “Эрдэнэс MGL”  компани 14.2 хувь буюу 4199 га, хувийн өмчийн “Шинэ Шивээ” ХХК нь 75.6 хувь буюу 22300 га талбайн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байна.

Шивээ-Овоогийн уурхай нь тус ордын талбайн зөвхөн 0.3 хувь буюу 91 га талбайг тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа нь уурхайн үйл ажиллагааг цаашид  тогтвортой явуулах, улмаар улс орны дотоодын хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах боломжгүй болгож байна. Тус уурхай нүүрс олборлолтын үйл ажиллагааг   тасалдуулахгүйн тулд “Эрдэнэс MGL” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 200 га газрыг гэрээний үндсэн дээр төлбөртэйгээр ашиглаж байна.
 
Шивээ-Овоогийн ордын  геологи хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд уурхайг байгуулахад 67 сая ам.долларын зээлийг гадаадаас авч хөрөнгө оруулсан.  Стратегийн ордын тусгай зөвшөөрлийг иймэрхүү маягаар олон хэсэгт хувааж, өөр өөр аж ахуйн нэгжид эзэмшүүлэх замаар стратегийн ордын бүртгэлээс хасуулах бусармаг арга түгээмэл болж байгааг онцгойлон анхаарч, цаашид энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Шивээ-Овоо уурхайг  цаашид тогтвортой ажиллуулах замаар дээрх зээлийг эргэн төлөх, улс орны дотоодын хэрэгцээг найдвартай хангах шаардлагатай  байгааг харгалзан Шивээ-Овоогийн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь тус уурхайд шилжүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Түүнчлэн Шивээ-Овоогийн ордыг түшиглүүлэн цахилгаан станц барих төслийн хэрэгжилтийн явц, тус станцын нүүрсний хангамж, нийлүүлэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгнө үү” хэмээжээ.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж