МАХН-ын Төв Хорооны удирдамж БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэх асуудлыг МХЗЭ-ийн Төв хороо хэлэлцээд 1974-1976 оны эхний хагас жил хүртэл Эрдэнэтийн барилга байгууламж дээр 1000 залуучуудыг илгээлтээр элсүүлэх хуваарь баталсан тогтоол гаргаж, уг тогтоолоор илгээлтийн эзэн залуучуудын дунд үзэл суртал, соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах штабыг МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга С.Бадамхатанаар ахлуулан байгуулжээ. Энэхүү тогтоолоор илгээлтээр ажиллах хүмүүсийн бэлтгэлийг хангуулж, эхний ээлжийг 1974 оны 8 дугаар сарын 15-ны дотор явлуулахаар шийдвэрлэсэн байна.
МХЗЭ-ийн Төв хороо, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооноос зохион байгуулж, маш богино хугацааны дотор МХЗЭ-ийн Илгээлтийн эздийн анхны цувааг 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж явуулсан юм.
МАХН-ын уриа, МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэт ажиллахаар зохион байгуулагдсан анхны 54 залуучуудыг 1974 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав тэргүүтэй. МХЗЭ-ийн Төв хороо Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны холбогдох удирдлагууд хүлээн авч уулзан МХЗЭ-ийн илгээлтийг гардуулжээ.
МХЗЭ-ийн илгээлтийн эздийг үдэх нийслэлийн залуучууд, нам улс олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн цуглаан Монголын залуучуудын театрын өмнөх талбай дээр болж, МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав нээж үг хэлжээ. Түүний дараа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Шарав илгээлтийн эздэд хандан үг хэлж, Монгол Зөвлөлтийн хамтарсан том үйлдвэрийг барьж байгуулах их ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсээд залуу насандаа хэрэглэж байсан хөдөлмөрийн багажаа Илгээлтийн нэг номерын эзэн Ч.Давагт гардуулжээ. Мөн нийслэл хотын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Чойжамц илгээлтийн эздэд хандан баяр хүргэж үг хэлж, БНМАУ-ын Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав Илгээлтийн эзэн залууст зориулсан шүлгээ уншжээ. Ийнхүү Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оролцох анхны илгээлтийн эзэн залуучуудын цуваа “Хайрт залуучуудаа” МАХН-ын уриа, эвлэлийнхээ илгээлтээр эх орныхоо аль хэрэгтэй газар очиж ажиллацгаая”, Улаанбаатар-Эрдэнэт” гэсэн үгтэй уриа лоозон хадсан автобус машинаар үлээвэр хөгжмийн аялгуун дор Эрдэнэтийн зүг хөдөлсөн түүхтэй.
МХЗЭ-ийн Төв Хорооны анхны илгээлтийн эзэн А.Адъяа, Б.Пэрэнлэй, Д.Балдангомбо, Д.Баатар, Ч.Банзрагч, Л.Борхүү, Л.Баярмагнай, А.Бямбаа, М.Батчулуун, Г.Баатар, Л.Ганхуяг, Л.Галсайхан, Г.Дарамбазар, Ч.Дагва, О.Даваа, Р.Жанчивдорж, С.Жигжиддаваа, Д.Ёндонжамц, Д.Зоригтбаатар, Ж.Лхасүрэн, Б.Мишиграгчаа, Л.Мишка, Ч.Мөнхбат, Х.Махмудхан, Р.Оросоо, С.Оюунгэрэл, Г.Оюун, Л.Оюун, Б.Очирбат, Х.Пүрэвдорж, Ш.Пүрэвдаш, Н.Сэрэгзэн, А.Сэрээтэр, Д.Сувд, Д.Түмэнжаргал, Г.Төмөрбаатар, А.Төгсбаясгалан, Н.Тонир, Х.Цэрэндорж, Д.Чойжил, Б.Цэвээнлхасүрэн, Д.Төртогтох, З.Цэрэннадмид, Б.Түвшинжаргал, Ч.Эрдэнээ нарын 54 залуус дээрх цувааг бүрдүүлжээ.
Эх сурвалж: www.erdenet.mn