Яруу найрагч генсек Ж.Мөнхбат

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Яруу найрагч генсек Ж.Мөнхбат

МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар “Монголын Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат сонгогдов. Ж.Мөнхбат өнгөрсөн есдүгээр сараас эхлэн намын залуу гишүүдтэйгээ нэгдэн шинэчлэх хөдөлгөөн байгуулж, намын шинэчлэл, удирдлагуудаа солих, намын Бага  хурлыг хуралдуулж, Их хурлыг товлон зарлуулах “аянд” мордсон. Ингэхдээ зохиолчдынхоо эвлэлийг ч бужигнуулахаар санаархсан ч бүтэлгүйтсэн билээ. Зохиолчдын эвлэлээр бие халаалт хийж, олон сарын турш намын удирдлагуудаа шүүмжилж, нам шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан Ж.Мөнхбатын хувьд МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартай өрсөлдсөн юм.

Харин олон нийтийн дунд яруу найрагч, МАН-ын гэх тодотголтой “Монголын Үнэн” сонины эрхлэгч гэдгээр нь илүү сайн мэднэ. Тэрээр “Монголын Үнэн” сонины эрхлэгчээс гадна МАН-ын нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Залуу гишүүдийн зүгээс намын дарга нь буурь, суурьтай, чадварлаг улстөрч улраас намын гал тогоог барих хүн нь манлайлагч, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй, намаа төлөөлөн үг хэлэх чадвартай, намын анхан болон дунд шатны байгууллагатайгаа нягт хамтран ажиллах чадвартай гэж үзэн ийнхүү нэр дэвшүүлсэн нь Бага хурлын 269 гишүүнээс 148 хүний санал авч чадсан байна. Өөрөөр хэлбэл, санал хураалтад оролцсон хүмүүсийн 55 хувь нь Ж.Мөнхбатыг намын гал тогоог амжилттай аваад явна гэж үзэж. Таван өдрийн турш хуралдсан МАН-ыг М.Энхболд толгойлж, Ж.Мөнхбат гал тогоог нь сахихаар болж байна. Таван сонгуульд дарааллан ялагдсан энэ намыг дараагийн сонгуулиудад ялалт байгуулах, тэр ажлыг одооноос хийж эхлэх хүмүүс тодорлоо. Харин сонгогдсон удирдлагууд нь МАН-д ялалт авчрах болов уу гэдгийг цаг хугацаа харуулна. Гэхдээ Ж.Мөнхбат генсек болсон эхнийхээ өдөр,

-Доромжлуулах тусам долоон бурхан од шиг гялалзана
Гүтгүүлэх тусам гүн шөнийн одод шиг гэрэлтэнэ… гээд л толгой холбон толхилцооноо эхлүүлэв бололтой.

Товч намтар

1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын II төрөхөд төрсөн. 33 настай, морь жилтэй. Батцэнгэл сумын уугуул.

1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн II дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж