Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн З.Батсуурь:
– Хүүхдэд тэтгэмж олгох нь төр засгийн хийх ёстой ажлын нэг. Цаашдаа хүүхэд бүрт адил тэгш олгоод явах хэрэгтэй. Ялгавартай өгнө гэхээр нэг талаар мөнгөө хэмнэж байгаа мэт харагдавч жинхэнэ хүмүүстээ хүрч чадах уу гэдэг эргэлзээтэй болно. Луйвар хийгээд өгөх ёстойд нь өгөхгүй, шат шатандаа тоншчих байх. Миний хувьд бага насны хүүхэд байхгүй ч энэ мөнгө нийгмийн ихэнх хэсэгт маш их хэрэгтэй байна. Энэ мөнгөөр амьдралаа залгуулж яваа айл өрх олон бий. Амьдрал өнөөдөр ийм л хэмжээнд байна.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Д.Чимэдмаа:
– Хоногийнхоо хоолыг энэ мөнгөөр залгуулах хүмүүс байгаа нь бодит үнэн. Тиймээс цаашдаа олгох нь зөв байх. Миний охин хүүхдийнхээ мөнгийг хадгаламжинд хийдэг. Хэзээ нэг өдөр чухал хэрэгцээтэй зүйлд нь зарцуулна. Монгол Улсын эдийн засаг хүнд байна гэж байнга ярих юм. Үнэхээр эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа бол 20 мянган төгрөгөөр гачигдаад байхааргүй боломжтой хэсэгт нь өгөхгүй байж болдоггүй юмуу.
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэн Х.Ундрал:
– Хүүхэд бүр тэгш эрхтэй гэдэг утгаараа бүгдэд нь олгоод олгоод явах нь зөв. Баячуудын хүүхдэд өгөхгүй, ядуу өрхийн хүүхдэд өгнө гэхээр арай өрөөсгөл. Хэрэгтэй айлдаа үнэхээр хэрэг болдог. Надад ч адилхан. Хэдэн сарын мөнгийг нь цуглуулж байгаад дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийг нь худалдаж авч өглөө. Үргэлжлүүлж өгөөсэ, хүүхэд бүрт тэгш олгоосой гэж бодож байна.
ШУТИС-ийн дөрөвдүгээр курсын оюутан Т.Бадамханд:
-Зарим хүмүүст энэ мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Амьдралд нь нөлөө үзүүлж байсан хүмүүст энэ мөнгийг өгөхөө зогсоовол хүндээр тусах байх.Миний хувьд өөрөө хүүхэдгүй ч гэсэн эргэн тойрны найзууд, ах эгч нарт хэрэгтэй гэдэг нь анзаарагддаг. Гол нь хүүхдэд зориулж төрөөс өгч байгаа мөнгийг эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд хэрэгтэй зүйлд зарцуулж сурмаар байна. Ер нь ажиглаад байхад хүүхдийнхээ ирээдүйд гэхээсээ илүү өнөөдрийнхөө хоолонд, зарим архи дарсандаа зориулж байгаа нь харамсалтай санагддаг.
Багануур дүүргийн иргэн Б.Гантуяа:
-Миний хувьд ач зээ нарынхаа ирээдүйн боловсрол, эрүүл мэндэд нь зориулна гэдэг утгаар дансанд хийж, хуримтлал үүсгэж байна. Харин энэ мөнгийг жигд олгох уу, шаардлагатай хэсэгт нь олгох уу гэдэг бодолцох хэрэгтэй юм шиг санагддаг. Цалин өндөртэй, хувийн бизнестэй хэсэг байна. Энэ хүмүүст хүүхдийн 20 мянган төгрөг төдийлөн шаардлагагүй болов уу гэж боддог. Хүүхдийн эрх талаас нь авч үзвэл ялгавартай хандаж болохгүй гэх байх. Өнгөрсөн жилээс энэ мөнгийг олгож эхлэхэд манай зээ нэг ойтой байсан. Түүнээс хойшхи хуримтлуулж байна гэхээр боломжийн хэдэн төгрөгтэй болчихсон байгаа биз. Тэгэхээр энэ мөнгийг хүн бүр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах зүйлд зарцуулах нь зөв. Зарим талаар өдрийнхөө хоолыг арайхийн залгуулж байгаа хүмүүс хүүхдэдээ зарцуулж чадахгүй байна. Гэхдээ л хүүхдэд зориулж төр засгаас их хэмжээгээр төсөвлөж байгаа мөнгийг хүүхдэд нь зарцуулах нь хамгийн чухал.
Дархан-Уул аймгийн иргэн Д.Баянцогт:
-Хүүдүүдэд мөнгөн тэтгэмж өгөх нь зөв. Гэхдээ олон сая, тэрбумын орлоготой хэсэгт энэ мөнгө ямар хэрэгтэй юм. харин хөгжлийн бэрхшээлтэй, өнчин, ядуу хүүхдүүдэд нэмж өгөх хэрэгтэй шүү дээ. Монголчуудын олонх нь амьдралын боломж тааруу, өнөө маргаашаа аргацааж, хүүхдийнхээ 20 мянгаар амьдарч буй жишээ захаас аваад бий. Олго, гэхдээ баячуудын хүүхдүүдэд энэ мөнгө хэрэггүй гэдгийг л ойлгож, эргэж харах хэрэгтэй. Өнөөдөр өндөр настны тэтгэвэр ажилласан байдал, нийгмийн даатгал төлөлт зэргээс хамаарч ялгавартай, харилцан адилгүй байгаа. Үүнтэй л адил байх ёстой. Би 18 ач, зээтэй хүн. Дор бүрнээ хэрэгтэй зүйлдээ зарцуулаад, бүр боломжтой нь банкинд хадгалуулаад явж байна. Хүүхэддээ зориулах нь чухал. Түүнээс аваад архи уучихвал ямар ч хэрэг байхгүй шүү дээ.
