25 саяын ТҮЦ-ийн ард хэн байгаа бол?

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

25 саяын ТҮЦ-ийн ард хэн байгаа бол?

Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан гэх /албаны хүмүүсийн үгээр/ ТҮЦ-үүдийг албадан буулгах арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа. Үүнээс болж  ТҮЦ ажиллуулж, хоногийнхоо хоолыг залгуулж байсан  зарим хүн ажлынхаа байрыг алдахгүйн төлөө амиа хорлох дээрээ тулж байв. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийг буулгах үеэр нэгэн эмэгтэй шилтэй бензин ууна хэмээн сүрдүүлж байсан. Ажлынхаа байрыг алдахгүй гэсэн арга ядсан бүсгүйн үйлдэл.  Түүнийг зөвтгөх аргагүй ч бас буруутгах үндэслэлгүй.

  Хаа байсан долоон буудалд байрлах ТҮЦ-ийг хүртэл албандан буулгах ажил нь угтаа хэн нэгэн даргын том бизнесийн эхлэл байж.  Одоо Хятадаас баахан ТҮЦ-ийг импортлох төсөл аль хэдийн хэрэгжээд эхэлчихлээ..  Шинэ ТҮЦ-ээр хот өнгө нэмэхээр шийдсэн гэх бизнес мэдээ ойрмогхоноос цөөнгүй сонсогдох боллоо.  Компанийнх нь захирал хүртэл өмнөх “муухай”-чуудыг  бодвол өнгө зүс, хэлбэр хийц нь орчин үеийн стандартын төвшинг хангасан хэмээн зурагтаар ярьж байна лээ.

Дотроо “00”-той, дороосоо халдаг, амрах өрөөтэй, АТМ-тай гээд хуучин ТҮЦ-үүдийг бодвол  шинэ нь давуу тал олонтой гэнэ.  Энэхүү “дээд” зэрэглэлийн ТҮЦ-ийг Москва, Бээжинд ашигладаг юм байх. Харин Монголын нөхцөлд тохирсныг нь  төсөл хэрэгжүүлэгч компани захиалгаар нийлүүлж байгаа аж. “H1” загварын шинэ ТҮЦ-ийг БНХАУ-ын  “Гуан Жөү Кохун”  компанид захиалгын дагуу үйлдвэрлэх бөгөөд   18.5 квадрат метр байх юм байна..  Нэг  бүр нь 25 сая 950 мянгын үнэтэй шинэ ТҮЦ-ийг “КИГ” компани гадаадад захиалгаар хийлгүүлж, дотооддоо борлуулахаар захиалгаа авч эхлээд байгаа гэнэ лээ. Энэ ТҮЦ-үүдээ “Хас” банкны лизингээр гурван жилийн хугацаатайгаар  зарна гэдгийг ч дуулгасан. Ингээд гурван тэрбумын уут шиг бас нэгэн гоё бизнес хэрэгжээд эхэллээ.

Ядарсан иргэдийнхийг болохоор шууд албадаад ажлын байрыг нь буулгачихдаг. Гэтэл ямар нь азтай нь биеэ зовоолгүй бизнесийн гоё төслийг ямар ч тендергүйгээр авчихдаг байна аа.  Бодвол их мөнгөний үнэрийг авсан хэн нэгэн даргын танил тал, ах дүү хамаатан садан байж магадгүй юм.   Тэр тусмаа нэг ширхэг нь захын хашаа байшингаас ч үнэтэй ТҮЦ-үүдийг гадаадад захиалгаар хийлгүүлж, дотооддоо борлуулах эрхийг дангаараа эзэмшинэ гэдэг хэрийн аавын хүүд олддог аз биш байлгүй.  Тэгэхээр шинэ ТҮЦ-үүдийг том “ТҮЗ”-тэй компани оруулж ирэх нь тодорхой шүү дээ. 

“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн эзэмшлийн талбайд байрлах 20 гаруй хуучин ТҮЦ-ийг буулгаж,  шинийг суурилуулахаар шинэ төслийн хүрээнд 40 гаруй хүн одоогоор захиалга өгөөд буй гэнэ. Нөгөө талаар үндэснийхээ үйлдвэрийг дэмжээд өөрсдөө хийчихэж болох  зүйлээ зардал мөнгө гаргаж заавал гадаадад үйлчлүүлэх шаардлагагүй л баймаар. Монгол инженерүүд тролейбус үйлдвэрлэж чадаж байгаа юм чинь ТҮЦ-ийг төвөггүй хийгээд өгчих биз.

Нэг хэсэг хүний амь, амьдралаар нь тоглож, ажлын байрыг нь албадан буулгачихаад нэг компанид давуу эрх олгоно гэдэг шударга бус үйлдвэл.  Хэн нь өмчөө булаалгаж, хэн нь төсөл “угаах” ёстой гэж. Хэний  ч мэдэхгүй, хэнд  ч танил бус “КИГ” нь  яг юу хийдэг, ямар бизнес эрхэлдэг вэ компани вэ.  Яагаад заавал “КИГ”-ийг сонгов. Түүний ард хэн гээч дарга нуугдаж байгаа вэ. Эдгээр асуултууд өөрийн эрхгүй анхаарал татахад хүргээд байна.  25 саяын ТҮЦ, гурван тэрбумын уут. Шинэ, шинэ төсөл, бөөн бөөн мөнгө. Ингэхэд энэ  “25 сая” хэний түрийвч вэ?

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж