Залуу ханхүүгийн дурлалын түүх

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Залуу ханхүүгийн дурлалын түүх

Маргааш нэгэн хос эхнэр, нөхөр болсноо албан ёсоор зарлан, хуримын ёслол үйлдэнэ. Магадгүй бөмбөрцгийн хаа нэгтээ Африкт, Азид, Америкт бас шинэ өрх нэмэгдэн, дуу хууранд умбах биз ээ. Гэвч энэ нэгэн залуу хосын тухай дэлхий даяар шуугицгааж байна. Хуримын урилгын түрүүч нь тараагдаж эхэлсэн хоёрдугаар сарын сүүлчээс өдөр алгасалгүй энэ тухай ярих болов. Уилльям, Кэйт хоёр. Тэдэн шиг сүр дуулиантай гэрлэж байгаа хос алга. Ингэхэд тэдний хайрын түүх яаж эхэлсэн юм бол?

2001 оны есдүгээр сар. Шотландын Сант Эндрюгийн их сургуулийн оюутан Уиллям тус сургуулийн урлагийн түүхийн ангийн оюутан Кэйтийг олж харлаа. Тэр үед Уиллям Карли хэмээн бүсгүйтэй уулздаг байжээ. Харин хэдэн сарын дараа болсон сургуулийн загварын шоуны тайзнаа Кэйт хав хар өнгийн дотуур хувцсан дээр гэрэлтдэг нимгэн даашинз өмсөн гарч ирснээр өөрийнхөө болоод Уилльямын хувь заяаг өөрчилж орхилоо. Нүүрэн талын эгнээнд сууж байсан Уилльям “Ямар халуухан бүсгүй вэ” хэмээн дуу алдав. Харин тэр оройноо болсон үдэшлэгийн үеэр залуу өнөөх халуухан бүсгүйг үнсэх гэж оролдоод бүтэлгүйтжээ. Кэйт түүнийг зүгээр л арагш нь түлхчихжээ. Магадгүй тэр зөв алхам хийсэн байх.

Гэхдээ л тэд улам дотно болсоор. Хагас жилийн дараа Уилльям гурван найзынхаа хамт байр хөлслөн амьдрах болов. Гурван найзынх нь нэг Кэйт байсан юм. Тэдний дурлалын түүх хөвөрч эхлэв. Олны дунд тэд хэзээ ч хөтлөлцдөггүй, энд тэндхийн үдэшлэгт ганц ганцаараа очдог байсан ч харин гэр дотроо яг гал халуун дурлалдаа шатсан хос шиг байцгаадаг байжээ. Хэсэг хугацааны дараа хотын хөлөөс зайдуу хөдөө тосгоны байшинд нүүж орлоо. Хэрэгт дуртай хүмүүсийн нүднээс хол эрх чөлөөтэй зугаацах болов. Харин 2004 онд ууланд цанаар гулгаж яваад гэрэл зурагчдад баригдсанаар тэдний түүх ил болжээ. Түүний өмнөх жил Кэйт Уилльямын 21 насны төрсөн өдрийн үдэшлэгт уригдсан ч залуу хархүү түүнийг жирийн найз хэмээн хэвлэлийнхэнд танилцуулсан юм.

Хоёр жилийн дараа хэвлэлүүд тэднийг салсан тухай бичих болсон нь үнэн байлаа. Уилльямын өөр өөр бүсгүйчүүдтэй диско клубт зугаацаж яваа зургууд сэтгүүлүүдийн хуудсыг чамгүй их чимэглэсэн билээ. Харин тэр үед Кэйт Лондонд ганцаараа нам гүм амьдарч байлаа. Тэр ажлаасаа гарчээ. Уилльямыг эргээд ирнэ гэдэгт итгэсээр. Хэвлэлүүд түүнийг хүлээлттэй хатагтай хэмээн хочлоод авав. Гэвч тэр оны сүүлээр болсон Уилльямын төгсөлтийн баяр дээр Кэйт ирсэн юм. Удалгүй тэд эргээд нийллээ. Бүхнийг шинээр эхэлж буйгаа олны нүднээс нууцхан тэмдэглэв. Тэр өдөр Уилльям түүнтэй гэрлэнэ гэдгээ амласан юм. Хэзээ гэдгээ тодорхой хэлээгүй ч тэр амлав. Энэ бол 2007 оны зун. Уильлям армид алба хааж, Эзэн хааны нисэх хүчинд орохоор бэлтгэж байсан болохоор хуримын тухайд яарахгүй байв. Удалгүй тэрбээр нисэх хүчинд нисгэгч болсноо хэлэхэд Уильямын гэр бүлийн бусад гишүүдийн адил Кэйт гайхан цочирдсон билээ.

2008 оны наймдугаар сард Кэйт Виндзорын шилтгээнд болсон нэгэн арга хэмжээнд Уилльямын гэр бүлийнхний хамт оролцов. Одоо тэдний хуримын дуулиан дэлхийгээр нэг цууриатаж байна. Эмээ нь ач хүүгийнхээ хуримыг нүсэр, ёслол төгөлдөр хийхээр хичээж байгаа. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар эмээ ирээдүйн бэртэйгээ ганцааарчлан нүүр тулан уулзаж амжаагүй яваа. Хатуу эмээ ямартай ч сүй тавьсан тухай албан ёсоор зарлахаас өмнө бүсгүйг ажилд орохыг тушаасан гэсэн. Ажилгүй бэртэй болохыг хэн хүсэх билээ. Кэйт ч тэр дороо буяны чиглэлийн ажилд ханцуй шамлан орсон юм.

Хэрвээ Уилльям хатан хааны ач хүү биш байсан бол түүний хуримын тухай ингэтлээ шуугихгүй байсан. Дэлхийн хаана ч тохиолддог жирийн л нэг хайр дурлалын түүх. Коллежоо төгсөөд юу хийх тухайгаа мөрөөдөх найзуудынхаа яриаг сонсож суусан Уилльям “Та нар азтай юм аа. Гэтэл миний хувьд тийм ч их сонголт байхгүй. Нэг л өдөр би хаан болно. Үнэндээ үүнийг хүсэхгүй байна” хэмээн өгүүлжээ. Тэр өөрийнхөө сонголтоор энэ гэр бүлд төрөөгүй болохоор одоо яая гэхэв. Цуут гэр бүлийн дэг жаягийг дагахаас өөр замгүй. Үнэндээ түүнд тэнгэрт дүүлэн нисэх нисгэгчийн амьдрал титэмнээс илүү аз жаргалтай.

Харин Кэйт Диана гүнжийн гунигт түүхийг давтахгүй байгаа? Хүмүүс ийн асууж байна? Хэнээс? Хатан хааны гэр бүлээс. Ханхүүгээс. Гэхдээ тэд гэрэл гэгээтэй амьдралыг хүсэж байна. Дианагаас ялгаатай нь Кэйт өөртөө хайртай хүнтэйгээ гэрлэж байгаа. Диана сүмийн хаалгаар хуримын даашинзтай гарч ирэхдээ саарал бүрх малгай өмссөн Камилла рүү ширтэж байсан юм. Тэр сүмээс Чарльзтай хамт гарч ирснээр Камилла бүсгүйг тэдний амьдралаас үүрд явлаа хэмээн ойлгосон нь алдаа байсан билээ. Дианаг өнгөрснөөс найман жилийн дараа буюу 2005 онд Чарльз Камиллатай гэрлэсэн. Өөрийнхөө насан туршийн жинхэнэ хайртайгаа гэрлэсэн.

Одоо Кэйтийн гарт Дианагийн бөгж зүүлттэй байгаа. Уилльям гэрлэх санал тавихдаа түүнд ээжийнхээ бөгжийг зүүж өгсөн. Цагийн эргэлтэд хатан хааны гэр бүл ч мөн өөрчлөгдөж байна. Өндөр чулуун хана хэрэм мэт тэдний язгууртан амьдралын дүрэм журам, хэм хэмжүүр өөрчлөгдөж байна. Тэр нэг өдөр загварын шоуны тайзан дээр дотуур хувцастай алхаж явсан үзэсгэлэнт бүсгүй хатан хааны титэм зүүх өдөр ойртож байна. Залуу ханхүү яг л ээжийнхээ адилаар ордны олон зуун жилийн уламжлалт амьдралын хэв маягийг эвдлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж