Монголбанк бодлогын хүүг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүг нэмлээ

Монголбанк сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, дөрөвдүгээр сарын 27-нд Захирлуудын зөвлөл хуралдаж, Төвбанкны бодлогын хүүг 0,5 хувиар нэмж 11,5 хувь болгох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 67 хувь буюу 1.98 их төгрөгөөр өсч, цаашид ч ихсэх хүлээлттэй байна. Уул уурхайн хөгжлийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн болон төсөв их хэмжээгээр тэлсэн, банкуудын актив сайжирч зээлийн хэмжээ нэмэгдэж байгаагаас мөнгөний нийлүүлэлт ихэссэн. Хэдийгаар махны үнэ буурч, гуравдугаар сард 7.4 хувь болсон ч хүнсний гол нэрийн барааг хасч тооцсон инфляци 7.9 хувь байгаа. Гэхдээ дээр дурдсан мөнгөний их нийлүүлэлтээс үүдээд цаашид энэ хэвээр үргэлжилбэл оны эцэст 15-20 хувь болно гэсэн болгоомжлол Төв банкныханд байна. Тиймээс бодлогын хүүг ийнхүү нэмэгдүүлж байгаа, байдал энэ хэвээр үргэлжилбэл мөнгөний бодлогыг цаашид ч чангатгахаас өөр аргагүй гэж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан тайлбарлалаа. Ерөнхийдөө Монголын эдийн засагт хэт халалтын шинж тэмдгүүд илэрч эхлээд байна гэж Монголбанк дүгнэсэн байна. 

Сүүлийн хоногт ам.долларын эсрэг төгрөгийн ханш чангарч байгаа. Монголбанкны хувьд урт болон дунд хугацаанд валютын ханшид дүгнэлт хийдэг. Хэдийгээр сүүлийн  хоногт төгрөгийн ханш өссөн боловч он гарсаар 1,4 хувь л чангараад байгаа. Гэхдээ цаашид уул уурхайн салбартай холбогдон төгрөгийн ханш чангарсаар байх хүлээлт харагдаж байгаа гэв.

Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудал бол хэзээнээс, ямар байгууллагаар дамжуулан бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхлэх вэ гэсэн хүлээлт. Үүнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаар 6 хувийн хүүтэй зээл олгохыг авч хэлэлцсэн мэдээлэлтэй байгаа ч яг Орон сууцны санхүүжилтийн корпорациар үргэлжлүүлэн олгох уу, банкуудаар дамжуулах уу гэдэгт тодорхой шийдэл илэрхийлээгүй байгаа. Орон сууцны санхүүжилтийн корпорациар үргэлжлүүлэн олгосон ч хүүгийн зөрүүг төсвөөс гаргах учир төсөвт дарамт үзүүлэх нь тодорхой гэж байлаа.

Банкны талаар шуугиан дэгдээгээд буй Тээвэр хөгжлийн банктай холбоотой асуудлыг сэтгүүлчид мөн сонирхон асуулаа. Үүнд энэ маргаан бол зөвхөн хувь нийлүүлэгч, эзэмшигчдийн маргаан учир Төв банк түүнд оролцох боломжгүй, гэхдээ анхааралтай ажиглаж байгаа гэлээ. Дүрэм журмын дагуу бол банкны хувь нийлүүлэгчид олонхийн буюу 2/3-ийн саналаар шийдвэрээ гаргаж, Монголбанкинд танилцуулах ёстой. Төв банк шийдвэрийг хүлээж авч танилцан хууль журамд нийцэж буй эсэхийг хянаж нягтлан банкны хувь эзэмшигчийг баталгаажуулна гэлээ. Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Энхжаргал эрх хэмжээгээ хэтрүүлэн Тээвэр хөгжлийн банкинд давуу нөхцөл, байдал үүсгэж байсан тухай асуудалд “Тэргүүн дэд ерөнхийлөгч хяналт, шалгалтын асуудлыг хариуцдаг болохоор дэд ерөнхийлөгч хариуцдаггүй. Бид шууд нөлөө үзүүлж байсан эсэх тадаар хэлж чадахгүй. Хэрвээ ийм байдал гаргасан бол ёс зүйн маш том алдаа. Шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох асуудал” гэсэн хариулт өглөө.

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж