Соёлын өвийг хамгаалах тухай төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Соёлын өвийг хамгаалах тухай төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл хийгээд түүнтэй хамт өргөн мэдүүлсэн багц төслийг хэлэлцээд гишүүдийн 88.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа энэхүү төсөлд түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, соёлын өвийг устгасан болон үрэгдүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг чангатгаж байгаа юм. Мөн соёлын өвийг хамгаалах тухай хуулийн нэр томъёоны хэсгийг шинээр тодорхойлж, найруулга хийсэн, өвийн ангиллаас хамаарч түүнийг хадгалах, хамгаалах нөхцлийг тодорхойлсон зэрэг зарчмын өөрчлөлтийг оруулсан байна. Хуулиар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эд зүйл хийх, борлуулах, үйлдвэрлэх ажиллагаанд мерчандайзинг ашиглах боломжийг бүрдүүлж, мерчандайзийн гэрээнд заавал тусгах шаардлага, нөхцлийг тодорхойлох юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд саналаа хэлэх үед Д.Арвин гишүүн “Лицензит талбайд орчихсон байгаа түүхийн дурсгалт газруудыг тусгай хамгаалалтад авах цаг болсон. Үүнд яам, Засгийн газар анхаарах ёстой. Мөн Археологийн музейг яаралтай байгуулах, орон нутгийн музейнүүдэд бурхад маш их байна. Хархорины музейд Занабазарын үеийн бурхадууд маш их байдаг. Орон нутгийн сүм хийдийн лам нараар бурхдыг сэргээх талд ном уншуулах бол их гундуу харагддаг. Энэ чиглэлд Соёлын сайд анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Металл хайгчаар алт хайх нэрээр түүх соёлын дурсгалт зүйл рүү асар ихээр халдаж байна. Энэ асуудлыг салбар хариуцсан яам анхаарах хэрэгтэй байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гол нь биет өвтэй холбоотой заалтыг илүү тодруулах хэрэгтэй байна” гэх саналыг тус бүр хэлсэн юм.

Сануулахад, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж, улмаар гишүүд саналаа хэлж, ийнхүү хэлэлцэхийг дэмжээд байна.

Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч Ч.Улаан сайд байгаагүй тул төслийг хойшлуулж, дараагийн төслийг хэлэлцээд байна. Энэ нь Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж