Жиргээчдийн улстөржилт

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Жиргээчдийн улстөржилт

Өнгө өнгийн амьдрал үргэлжилдэг жиргээ энэ өдрийн /X.30/ МАН-ын Их хурал, эмч нарын “саваагүйтэл”, хаалттай улсад хийж буй Ерөнхийлөгчийн айлчлал гээд мэдээ, мэдээллээр өрнүүн байлаа.

90 жилийн түүхтэй намын хувьд МАН-ын Их хурал дөрвөн өдрийн турш жиргээчдийн анхаарлын төвд буй. МАН энэ удаа намын 29 дэх даргаараа хуучин дарга байсан М.Энхболдыг сонгов. М.Энхболдын хувьд намын даргын албыг хоёр жил гаруй хугацаанд хашиж байсны хувьд энэ албан тушаалд шинэ хүн биш. Жиргээчдийн дунд намын даргын сонголтыг МАН шинэчлэгдэж чадсангүй гэж харах нэгэн байхад "Туршлагатай хүн сонгоно гэдэг зөв" гэдгийг хэлэх хүн ч байлаа. Аливаа зүйл хоёр талтай байдгийн адил жиргээчдийн зарим нь МАН-ын дараагийн даргад сэтгэл дундуур байгаа бол нөгөө хэсэг нь "Болж байна" гэж үзжээ.

Сүүлийн хэдэн өдрийн турш даргынхаа томилгоог эсэргүүцэж байгаа Гэмтлийн эмнэлгийн эмч нарын суулт хирээс хэтэрч, нэг хүний  алтан амь эрсэдсэн мэдээ жиргээчдийг бухимдуулав. “Гүрээний судсандаа хутгалуулсан таксины жолоочийг эмчлэх нарийн мэргэжлийн эмч ажлаасаа халагдсан тул харамсалтайгаар амиа алдсан байна” гэсэн жиргээ олны анхаарлын төвд өнжлөө. Эмч нарт дарга нь хэн байхаас илүү хүний амь насыг аврах чухал гэдгийг жиргээчид дуу нэгтэйгээр энэ салбарынханд захив. Гэхдээ эмч, багш гээд нийгмийн эрүүл энхийн манаа, ирээдүй хойч үеийн боловсролын төлөө ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг нэмэгдүүлж, ажиллах орчныг нь бүрдүүлэх хэрэгтэйг ч зарим жиргээч онцолжээ. Нэг даргатай холбоотой асуудлаас болж эрдэнэт хүний амь эрсэдсэн ийм явдлыг ЭМЯ-ны өнөөгийн байгаа байдал гэдгийг ч хэлэх хүн олон байлаа.

Үүний дараагаар Нийслэлийн 374 жилийн өдөр “бужигнасан” хямдралтай худалдаа, шагнал урамшуулал болон хотын даргын талаар яриа олны анхааралд орж ирэв. Э.Бат-Үүл даргын хотоо хэрхэн хөгжүүлж байгаа, 374 жилийн ойн өдрөө хэрхэн тэмдэглэсэн гээд нийслэлийн жиргээчид саналаа илэрхийлжээ.

Ноён долларын ханшийн өсөлтийг жиргээчид чимээгүй өнгөрөөнө гэж үгүй. Аажим, аажмаар өсч буй долларыг барьж дийлэхээ байсан, иргэд нь ч Монголбанк нь ч дугарахгүй байгааг жиргээчид л хатуу шүүмжилж, анхаарлын төвдөө байлгасаар байна. Үүний дараагийн халуухан сэдэв нь Монгол Улсын өр. Бид одоогийн байдлаар ямар хэмжээний өртэй болсон, тэр өрийг хэн хэрхэн дарах вэ зэрэг асуулт жиргээчдийн дунд хөвөрсөөр. Нэгэн жиргээчийн хэлснээр, “Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор огцом нэмэгдэж, ДНБ-ийн 50 орчим хувьтай тэнцсэнээр, Монголын нэг иргэнд 3 сая орчим төгрөгийн өр ногдож байгаа" бололтой. Энэ бас бодох л асуудал. Монгол Улсын хэр өртэй улс вэ? Жиргээчид ийм асуултыг дахин дахин дайж байна.

Ингээд оройхон эхэлсэн МАН-ын Их хурал жиргээнд дахин “хүч түрэн” орж ирэв. Учир нь намын Их хурлаар Бага хурлын 310 гишүүнээ сонгож, Бага хурлын анхны хуралдаанаа хийж, намын генсекээ тодруулах байсан юм. Намын генсек хэн байх, М.Энхболдтой хэн хослох бол гэдэг асуулт жиргээчдийн дунд таавар таалгасаар л… Олон нийт ч, жиргээчид ч энэ өдрүүдэд МАН-ыг магтаал, шүүмжлэлээр хослуулан булж байна. Энэ мэт эдийн засаг, мөнгө, улстөр, улстөржсөн томилгоо гээд жиргээний ертөнцөөр өчигдөр сонин ихтэй байлаа. Харин жиргээчид өнөөдөр юу гэж жиргэх бол?

Тоймлосон: Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж