
Монголбанкны албан ёсны сайтад өчигдрийн /2013.10.30/ хаалтын ханшийг 1714 төгрөгөөр зарлажээ. Арилжааны банкуудын хувьд нэг ам.долларыг 1726-1730 төгрөгөөр зарж байна. Тэгвэл “Найман шарга” зах дээр ам.доллар 1732 төгрөгийн ханштай байгаа юм. Эдгээр тоо долларын ханш долоохон хоногийн дотор 1730 болтлоо нэмэгдсэнийг гэрчилнэ.
Жил жилийн өдийд ам.долларын ханш харьцангуй тогтвортой байдагсан. Яагаад вэ гэвэл бүтээн байгуулалтын ажил зогсч, бараа бүтээгдэхүүний гүйлгээ багасдаг. Тэр хэрээр эрэлт буурдаг. Тэгвэл оны сүүлээр ам.долларын ханш бага зэрэг өсдөг нь тогтчихсон жишиг. Яг тэр үе таарч байгаа бол гайхаад байхаар асуудал биш юм. Шинэ жилийн баярт зориулсан бараа бүтээгдэхүүнд багагүй доллар зарцуулагддаг болоод тэр.
Тэгэхээр улирлын онцлогоосоо шалтгаалаад уг нь өдийд долларын ханш тогтвортой байх ёстой байх. Гэтэл яагаад гэнэтхэн өсчихөв өө гэдэг нь анхаарал татах асуудал биш гэж үү. Хоногийн дотор 10- 20 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг бага өсөлт биш шүү дээ. Долдугаар сарын дундуур огцом нэмэгдсэн ам.долларын ханш аажмаар бага зэрэг доошилж 1790-ээс 1650 төгрөг хүртлээ буурсан бол өнөөдөр 80 төгрөгөөр буцаад нэмэгдчихлээ. Мэдээж, энэ нь сайны тэмдэг лав биш. Тэр тусмаа дотоодынхоо хэрэгцээний 80 хувийг импортолдог улсынхаа хувьд хамгийн муу мэдээ. Хамаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх аюултай.
Статистик мэдээг сонирхвол, өнгөрсөн жилийн өдийд ам.долларын ханш 1380 төгрөг байжээ. Харин энэ жил 350 төгрөгөөр нэмэгдчихэж. Энэ хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ ч тодорхой хэмжээгээр өсчихөөд байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад гурил будаа, чихэр жимс, ширхэгийн бохь, шүдэнзний үнэ хүртэл өсчихлөө. Аливаа үнийн өсөлт зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг ч өнөөдрийн хувьд эрэлт харьцангуй буурчихсан. Ханш хамгийн тайван үедээ савлаж эхэлсэн нь хамгийн сонирхолтой сэдэв байна. Магадгүй үүний цаад шалтгаан нь эрэлт, нийлүүлэлт гэхээсээ илүү өөр асуудал байж ч болох юм биш үү. Эс бөгөөс энэ нь эдийн засаг хүндрэх бус хямарч эхэлсний шинж тэмдэг бус уу.
Монгол Улсын хувьд дотогшлох валютын боломжит бүх суваг нь хаагдчихсан. Эскпортын орлого буурсан, хөрөнгө оруулалт багассан, дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасан. Тиймээс өнөөдөртөө ганц үлдчихээд байгаа суваг зээл болчихоод байна шүү дээ.
Тэгэхээр эдийн засагт үүсээд байгаа валютын хомсдолыг зээлээр нөхөхгүй юм бол өөр гарц байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 43-70 хувиар буурчихсан. Бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөнөөс 300 сая ам.доллар үлдчихсэн. Тэгэхээр цаашдаа яах вэ. Зээл аваад, мөнгө хэвлээд байх уу.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар хөрөнгө оруулагчид тэр дорхноо хүрээд ирэхгүй нь тодорхой. Монгол Улс ямар хууль гаргав, тэр нь надад ямар ашигтай билээ гэдгийг тэнэг хүмүүс биш болохоор судалж, танилцаж таараа даа. Тэр хүртэл эдийн засгаа амьд байлгах хэрэгтэй. Эдийн засгаа амьд байлгахын тулд ам.долларын ханшийг аргамжих ёстой. Арга байна уу, улстөрчид өө. Алийн болгон тамын тогоондоо хэрэлдсээр амьдрах юм бэ. Алтныхаа нөөцийг нэмэгдүүлье, төсвөө танаж, хэрэглээгээ багасгая. Хэрэгтэй хэрэггүй зардлаа хумия. Төсөв, мөнгөний бодлого гээд ухаанаа уралдуулж байгаа улстөрчдийг хэрэлдэж, хэлцэх хойгуур ам.долларын ханш сэм, сэмхэн дээшилсээр. Ханшийн савалгаа хямралын дохиолол юм биш биз дээ.