Гүнтийн давааг модтой, бугатай нь хашсан чулуун хэрэм

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Гүнтийн давааг модтой, бугатай нь хашсан чулуун хэрэм

Өвөр Гүнтэд давсны үйлдвэр нэрээр аварга байгууламж босгож байгаа “Зууннайман суврага” компанийн талаар бид өмнөх дугаарууддаа цуврал сурвалжлагыг хүргэсэн билээ. Энэ удаад тус компанийн эзэмшилд байгаа газрын талаарх сурвалжлагыг бэлтгэлээ.

Өвөр Гүнтэд уулын модыг тэр чигээр нь хашаалсан чулуун хэрэм бий. Байгалийн чулууг жижиглэн хооронд нь барьцалдуулж босгосон энэ хашаанд нэлээд хөрөнгө зарцуулсан нь илт. Хэр баргийн хүн дээгүүр нь өндийгөөд харчих боломжгүй өндөр чулуун хашааны одоогийн байгаа урт нь 1.4 км. Хуучин байсан төмөр хашаа нь түүнээс ч урт үргэлжилнэ. Хэр урт болохыг нь харах боломжгүй ч уулын модыг тэр чигээр нь хашчихсан байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Ерөөс энэхүү чулуун хэрэм нь нууцлаг байсаар хэдэн жилийг үджээ. Хэрэмний хаалга нь яг л дээр үеийн цайзыг санагдуулна. Уулан дээрээс харахад дотор нь ижил загвартай зуслангийн байшингууд, хүүхдийн тоглоомын талбай харагдана. Хашааны доод үзүүрт сүмийг санагдуулам чулуун байшин, мөн л чулуугаар өрж хийсэн өндөр яндан, хажууд нь малын саравч маягийн зүйл бий. Энэ хашаанд хүн амьтан бараг ирдэггүй гэнэ. “Зууннайман суврага” компани 2002 онд энэхүү газартаа амралтын газар байгуулна хэмээн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн байдаг. Харин түүнээс хойш төмөр хашааг нь чулуугаар сольсноос өөрөөр дорвитой зүйл хийлгүй өдийг хүрчээ. Зуслангийн амуудыг энэ мэт томчууд бүхэлд нь эзэмшдэгийг тогтоож, ойн сан бүхий газарт хууль бусаар эзэмшсэн газрын эрхийг цуцалж, арга хэмжээ авна гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байсан нь саяхан. Тэдний тогтоосон газрууд дунд “Зууннайман суврага” компанийн энэхүү асар том чулуун хэрэм ч орж байгаа. Харин энэхүү мэдээлэл гарсны дараахан компанийнхан чулуун хашаагаа үргэлжлүүлэн барьж эхэлсэн юм.

 Б.УРАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж