Оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлд тусгаснаар их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутанд 10 сарын турш тус бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан аж. Ингэснээр нэг оюутан жилдээ 700 мянга орчим тэтгэлгийг авна гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар 111 их, дээд сургуульд 140 мянга орчим оюутан суралцаж буй аж. Энэ тоогоор авч үзэхэд жилдээ улсын төсвөөс 130 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хуулийн төслийг үндсэнд нь дэмжиж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Р.Буд нарын хувьд оюутны сурлагынх нь амжилтаар тэтгэлэг олгохгүй бол хавтгайрсан халамж болох төдийгүй, улсын төсөв ч түүнийг нь дааж явахад бэрхшээлтэй тулна гэж шүүмжилж байна.

Үдээс хойш хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү төслийг үргэлжлүүлж, гишүүдээс санал хураах юм. Ингэснээр төслийг хэлэлцэх эсэх нь тодорхой болно.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байгаа бөгөөд 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж