“Үхлийн” гэгдэх долоо дахь тоглолтууд

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

“Үхлийн” гэгдэх долоо дахь тоглолтууд

Үндэсний хоккейн лигийн плей-оффт магадгүй дэлхий дээрх хамгийн шилдэг хасагдах шатны тоглолтууд болдог. Бүх спортын дундаас.
Дорнод бүсийн плей-оффын эхний шатны тоглолтуудыг талбай дээрээ эхлүүлсэн ч Канадын шилдэг баг болох “Монреал Канадианс”-т хоёр дараалан хожигдсон “Бостон Брунс” өнөөдөр шийдвэрлэх долоо дахь тоглолтыг өөрийн мөсөн талбайд хийлээ. Гайхалтай нь, Монреалд авсан хоёр хожил нь тэдэнд ийм боломж олгосон юм. Тоглолтын эхний 20 минут 2:1 харьцаатай өндөрлөжээ. Талбайн эзэн багийн давамгайллыг хоёрдугаар хагасын тав дахь минутад Томаш Плеканеч үгүй хийж, онооны харьцааг тэнцүүлсэн байна. Энэ тоглолтод “Монреал”-ын хаалгач Прайс 34, “Бостон”-ы хаалгач Томас 37 цохилтыг хүлээн авсан нь ямар “дарамттай” тоглолт болсныг гэрчилнэ. Сүүлчийн 20 минутын эхний гоолыг “Брунс”-ын залуус хийлээ. Эндрью Ференцийн дамжуулалтыг Крис Келли хүлээн авч, чулуу болгосноор тооны харьцааг 3:2 болгосон. Гэсэн ч тоглолтын цаг өндөрлөхөөс хоёр минутын өмнө хүний давуу байдлаа ашиглан П.К.Суббан тэнцээний гоолыг “Канадианс”-ын бүрэлдэхүүнээс оруулсан. Бриан Жионтагаас эхлэлтэй гоолын дамжуулалтыг Плеканеч өгч, улмаар Суббан гүйцээсэн нь энэ байж. Ингэснээр хоёр багийн үндсэн цаг 3:3 харьцаатай тэнцээгээр өндөрлөж, дараагийн шатанд шалгарах багийн нэрийг нэмэлт цагт шийдэх болсон.
Харин нэмэлт цагийн тав дахь минутанд Натан Ортон плей-оффын гурав дахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд хийхдээ Милан Лючижийн дамжуулалтыг ашигласнаар энэ тоглолтод “Бостон Брунс” баг ялалт байгуулсан юм. Ингэснээр тэд хоёр жил дараалан бүсийн хагас шигшээд үлдэж байна.
Харин өнөөдрийн хоёр дахь тоглолт “Питтсбург Пенгвинс”, “Тампа Бэй Лайтнинг” багийн хооронд боллоо. Шийдвэрлэх тоглолт амжилт илүү “Пенгвинс”-ийн талбайд болсон ч хөгжөөн дэмжигчид нь сэтгэл гонсгор гэртээ харьжээ. Энэ тоглолтын цорын ганц гоолыг хоёрдугаар хагасын тав дахь минутад Шон Бергенхайм оруулснаар “Тампа Бэй” дараагийн шатанд шалгарлаа. Тоглолтын сүүлчийн 30 секундэд “Лайтнинг”-ийн тоглогч торгуулж, улмаар хүний илүүтэй довтолсон ч “Питтсбург”-ийн залууст гоол оруулах хувь дутлаа.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж